Төр хувийн хэвшил рүү хандах хандлагаа өөрчлөх ёстой
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Эдийн засагт үүсээд байгаа хүндрэлтэй холбоо- тойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Таныхаар цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Хөрөнгө оруулалт гадагшилж, валютын ханш савласан нь эдийн засагт хүндээр туссан. Валютын ханшнаас үүдээд шатахууны үнэ өссөн нь ард түмний амьдралд тодорхой хэмжээнд нөлөөллөө. Гэхдээ тийм ч хүнд цохилт болоогүй мэт өнгөрсөн ч цаашид ийм маягаар удаан явбал иргэдийн амьдралд хүндээр тусах нь ойлгомжтой.
Эдийн засгийн хүндрэл “Хадгаламж” банк үүдээ барих үед мэдрэгдэж эхэлсэн шүү дээ. Харин одоо олон аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлууд гарч ирж байна. Тэр байтугай төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг барьцаалсан, тухайн мөнгө төгрөг нь хаашаа орж, юунд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй байгаа.
Эдийн засаг хүндэрнэ гэдэг нь халамжийг хэт хавтгайруулсантай холбоотой. Үүнээс үүдэн хүмүүс ажил хийх сонирхолгүй болж, баялаг бүтээдэг улсууд цөөрч байна. Төрийн алба хэт данхайж, аливаа асуудлыг шийддэг биш, саад болдог байдал руу орсон. Монголын эдийн засгийн 40 хувь нь ямар нэгэн байдлаар, төрийн оролцоотой явдаг болсон.
Нэг ёсондоо энэ нь социализмын үе ирсэн мэт санагдуулдаг. Өнөөдөр төрийн албан хаагчдын тоо 160 мянгад хүрлээ. Ажил хийх чадвартай 800 мянга гаруй хүн байдаг. Энэ тоо 160 мянга хүрч данхайсан. Баялаг бүтээдэг салбарт ийм их хүн ажилладаг боллоо. Нөгөө талаараа төрийн өмчийн оролцоотой компаниуд маш ихээр байгуулагдсан. Төр юм болгон руу оролцдог болсон. Иймэрхүү байдлаар явахгүй гэдгийг бид хэдийнэ нотолсон.
Дэлхий даяар зах зээлийн нийгэмд шилжиж байгаа. Хэн нэгэн өөрийн хувийн хөрөнгө, эрх чөлөөг дээдэлдэг, өөрийн ашиг сонирхол дээр дөрөөлдөг нийгэм рүү манайхан хазайгаад байна уу даа. Энэ мэт зүйлээс болж эдийн засгийн хямрал үүссэн байна. Гэхдээ үүнийг цаг алдалгүй засч, залруулах ёстой. Төр засаг үүнийг нэг талаараа боломж гэж ойлгох учиртай.
-Яагаад?
-Төр хувийн хэвшил рүү хандах хандлагаа өөрчлөх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид яагаад Монголоос үргээд байгаад дүгнэлт хийх шаардлагатай байгаа юм. Цаашид хоёр хөрштэйгөө бодлогын түвшинд зөв холбогдоод явах нь хамгаас чухал. Одоо бол бид өөр өөрсдөдөө гай болж, дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
Тиймээс л манай түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүн очих газраа өрсөлдөх чадвартай үнээрээ очиж чаддаггүй. Нэг ёсондоо өнгөрсөн жилүүдэд халамжийг хэт хавтгайруулж, зөв ашиглаж чадаагүйн гор одоо гарч байна. Тэгэхээр бодлогуудаа яаралтай зөв зүйтэй болгож, хоёр хөрштэйгөө маш сайн харилцаанд орж, хэл амаа ололцох хэрэгтэй байна.
-Хоёр хөрштэйгөө хэл амаа ололцсоноор Монголын эдийн засаг бат бөх зогсоно гэж үү?
-Аливаа юм эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг. Манай хоёр хөрш маш том төрийн зохицуулалттай орнууд. Дэд удирдлага нь юу гэж шийднэ, түүгээр нь явдаг. Тэгэхээр бид гаргаж байгаа бүтээгдэхүүнээ тогтвортой үнээр, тогтмол гаргана гэдэг баталгааг хоёр хөршөөсөө авч чадах нь чухал.
Ингэснээр манай эдийн засаг тогтвортой болно. Хөрөнгө оруулалт ч тогтворжино. Тухайлбал, бензинийг бүтэн жилээр гэрээлдэг ч юм уу. Энэ мэт зохицуулалтууд хийгдэх ёстой.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг улс орны эдийн засагт том түлхэц болно гэж харах хүн олон байгаа. Харин та үүнтэй санал нийлдэг үү?
-Хууль нь шинээр батлагдсан ч хөрөнгө оруулалтын орчин өргөс авсан юм шиг илт сайжирна гэж бодохгүй байна. Гэхдээ зохих хэмжээнд нөлөөлөх байх. Хөрөнгө оруулалтын тухай хууль хэлэлцэх ёстой хууль мөн үү гэвэл мөн. Манай экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Уул уурхайн бүтээгдэхүүн дээрээ дөрөөлөөд бид босох ёстой. Гэхдээ багавтар ухсан нүхтэй, субботник хийгээд маш хямд үнээр нөхөн сэргээх баялгаа гаргаж болохгүй.
Манайхан нэг тал руугаа туйлширч эсвэл нөгөө талдаа их үнэтэй өгөх гээд бүх юмаа хаадаг. Аль эсвэл бодит зардлаасаа бага, доогуур үнээр гаргах гээд байдаг. Үүнээс болж ард түмэн хохироод үлддэг. Тэгэхээр дунджийг нь олсон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах хэрэгтэй байгаа юм.
-Алтны худалдааны ил, тод байдлыг бүрдүүлэх ажлын хэсгийг та ахалж байгаа байх аа?
Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд хамгийн сайн үр дүнгээ өгөх, хурдан хугацаанд эдийн засгийг шалд нь буулгачихгүй юм гэвэл алт л байна. Үнэхээр манай алт далд эдийн засагтаа орсон байгаа. тэгэхээр төв суурин газар, орон нутгийнхаа ард иргэдийн санал хүсэлтийг сонсоод ашиглана, ашиглахгүй гэдгийг нь тодорхой болгоод өгөх хэрэгтэй.
Манай дотоодын нийт бүтээгдэхүүн 2000 онд нэг тэрбум долларт багтдаг байсан. Харин одоо монголчууд арван тэрбумд хүрсэн эдийн засагтай болсон байна. Бид ч энэ орчиндоо амьдраад сурчихжээ. Үүнийг зохих хэмжээнд барих, аль нэг тал руугаа эргэхгүй байх баталгаа нь алт юм. Судлаачдын хэлж байгаагаар Монгол Улс жилдээ 20 тонн алт олдог гэсэн.
Хэрвээ 20-30 тонн алт олдог л бол энэ хангалттай тоо. Энэ далд эдийн засгийг ил гаргах ёстой. Үүнийг ил гаргахын тулд алтны худалдааны ил, тод байдлыг бүрдүүлэх гэдэг хуулийг ярьж байгаа.
-Нинжа нарт хайртай гишүүн гэж яригдах болсон тань ямар учиртай вэ?
-Нинжа нар гэж нэрлэгдээд байгаа хүмүүс Монголын ард иргэдийн нэг хэсэг гэж би ярьсан. Үүнээс улбаатайгаар “Нинжа нарт хайртай гишүүн" гэдэг нэр зүүсэн байж магадгүй. Ер нь том уурхай сайн, бичил уурхай нь муу гэсэн ойлголт байх ёсгүй. Том уурхайтай, мөнгө төгрөгтэй, чадалтай улсууд лоббигоо хийгээд явчихдаг. Үнэхээр бага уурхай эрхэлж байгаа улсуудыг зохих хэмжээнд нь сургаад, боломж өгвөл адилхан сайн уурхай байгуулагдана гэж үздэг.
Орон нутагт малчид, тэдний үр хүүхэд, хамаатан садангууд гар аргаар алт олборлодог. Ялангуяа манай Баянхонгор аймагт ийм тал бий. Орон нутгийн олборлолт явуулсан бүсийг нөхөн сэргээж, уул усны эх үүсвэр, төв суурин газрыг нутгийн иргэдийн хяналтан дор зөв зүйтэй явуулах боломж байгаа шүү дээ.