Эмнэлгийн ажилчдын цалинг 3-5 дахин нэмэх хэрэгтэй гэв
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээний томоохон эмнэлгүүдэд ажиллаж, тэнд ажиллагсдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөлтэй танилцжээ.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ажиллах нөхцөл хүнд, үүнийгээ дагаад цалин нь хангалтгүй байдаг учраас Монголын үйлдвэрчний холбооноос цалин хөлсийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгджээ.
Энэ талаар “Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй залуу эмч нар 430 мянган төгрөгийн цалин авдаг бол 30 гаруй жил ажилласан тэргүүлэх зэргийн эмч 529 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ нь Үндэсний статистикийн хорооноос зарласан 900 мянган төгрөгийн дундаж цалин эмнэлгийн салбарт огт хэрэгжихгүй байгааг харуулж байна.
Ийм учраас эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг 3-5 дахин нэмэх шаардлагатай байна” хэмээн Монголын үйлдвэрчний холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцлов.
Шинээр төрөх хүүхдийн тоо өсөөд байдаг ч хүүхдийн эмнэлэг байхгүй.
Түүнчлэн улсын хэмжээнд дарга нарын орон тоо нэмэгдэхээс эмч, сувилагч, асрагчдын орон тоо нэмэгддэггүй. Шинээр төрөх хүүхдийн тоо өсөөд байдаг ч хүүхдийн эмнэлэг байхгүй. Эрүүл мэндийн байгууллагын орон тоо, бүтэц, санхүүжилт, эмнэлгийн барилгын өргөтгөл, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг анхаарах шаардлагатай.
Эмч нар хичнээн их ачаалалтай ажилласан ч авдаг цалингаа авдаг. Тэдний цалин 600 мянган төгрөгт хүрч чадахгүй байгаа учраас сууриар нь шинэчлэхгүй бол эрүүл мэндийн салбарт хүндхэн нөхцөл үүсч байгаа тухай ярилаа.