Ж.Амарсанаа: Төрийн нарийн солигдсоноос эмнэлгийн засварын тендер, дарга нарын томилгоо ч хойшлогдсон
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа
2013.09.16

Ж.Амарсанаа: Төрийн нарийн солигдсоноос эмнэлгийн засварын тендер, дарга нарын томилгоо ч хойшлогдсон

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Салбарын эмч, ажилчид алдаа дутагдал гаргасаар л байна. Ялангуяа орон нутагт. Хамгийн сүүлд  Баян-Өлгий аймагт эх барихын эмч нярайг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Ажлаас нь халаад хариуцлага тооцсон гэдэг хариулт өгч байгаа Эрүүл мэндийн яаманд иргэд сэтгэл дундуур байна. Энэ талаар яриагаа эхэлье?

 -Яам хуулийн хүрээнд алдаа гаргасан эмчид захиргааны хариуцлага ногдуулдаг. Мөн эрхийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авдаг. Үүнээс цааш арга хэмжээ нь Хууль зүйн яамд харъяалагдана. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх бол цагдаа, шүүхээр орж шийднэ.

Хэрэв хохирсон өвчтөн гомдолтой байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагад мэдэгдэж хариуцлага хүлээлгэх эрх нь бий. Түүнээс биш яамны зүгээс хуулиас давж хариуцлага хүлээлгэнэ гэсэн зүйл байхгүй.

-Эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж иргэний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учирдаг. Хохирол учруулсан нь үнэн юм чинь ядаж эмчилгээний зардлыг нь гаргах ёстой шүү дээ?

-Иймээс л манай өнөөгийн нийгэмд хариуцлагын даатгал зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, эмч нарыг эрсдэлээс хамгаалах, ажлын хариуцлага алдсан тохиолдолд нөхөн төлбөр төлүүлэх гэх мэт. Эрүүл мэндийн салбарт 1000-д нэг тохиолддог алдаа гэж байна.

Зөвхөн Монголд гараад байгаа юм биш. Түүнчлэн санамсаргүй алдаа гаргасан эмч, эрүүл мэндийн ажилтан насан туршийн амьдралаараа хохирдог. Өөрөөр хэлбэл сурсан мэргэжлээрээ ажиллах боломжгүй болох, дааж давахгүй төлбөрт унах гэх мэт.

Иймээс эмч нарыг эрсдэлээс хамгаалахын тулд даатгалын тогтолцоог нэвтрүүлэх гэж байна. Яаман дээр ажлын хэсэг гараад энэ асуудлыг судалж эхэлсэн. Удахгүй журам нь тодорхой болж даатгалтай болно.

-Эмч ажилчид хомс, ачаалал өндөр байгаагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн сэтгэлд хүртэл чанартай өгч чадахгүй байна гэдэг. Бодит байдал дээр ямар байгаа талаар яамны зүгээс судалсан зүйл бий юү?

жирэмсэний хүндрэлийн харьцуулсан судалгаа

-Эмнэлгийн ажилчдын бүтэц орон тоог нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдтай удаа дараа ярилцсан. Хүний нөөцийнхөө үнэлгээг гаргаад өгчих. Хэд байх ёстойгоос хэд дутсан тухай тооцоо гаргаад өг гэсэн. Бид үүний дагуу бүтэц орон тоог судлах ажлаа хийж байна. Саяхан нярайн эмч ажилчдын судалгааг гаргасан.

Судалгаагаар гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нярайн эмгэг судлалын тасгийн эмч, сувилагчийн ачаалал хоёроос дөрөв дахин их байна гэж гарсан.

-Одоо есдүгээр сар дундаа ороод  байхад эмнэлгүүдийн засвар дууссан байх ёстой. Гэтэл тендер нь хойшлогдсон гэдэг шалтгаанаар өнөөг хүртэл засвар нь хийгдээгүй эмнэлэг олон байна. Гэтэл өвөл хаяанд ирээд байна?

-Тийм ээ. Энэ жил эмнэлгүүдийн засварын тендер зарлахад цаг алдсан. Энэ нь яамны Төрийн нарийн бичиг солигдсонтой холбоотой. Тендерийн үнэлгээний хороог шинээр зохион байгуулж явсаар ид бүтээн байгуулалтын цагт ажил хийж чадсангүй.

Энэ бол яамны, бидний буруу. Одоо үлдсэн хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга анхаарал хандуулан эрчимтэй ажиллах байх. Эмнэлгүүдийн засвар ажил үүргийн хуваарийн дагуу Төрийн нарийн бичгийн даргад хамаардаг.

-Эмнэлгийн дарга нарын асуудал юу болж байна. Аль эмнэлгийн даргаар хэн томилогдох вэ гээд чих тавин хүлээсээр байна?

-Яам болгонд  төрийн албаны салбар зөвлөл байгуулагдсан байх ёстой. Энэ салбар зөвлөл нь сонгон шалгаруулалт хийх эрхтэй байдаг. Салбар зөвлөлийн дарга нь Төрийн нарийн бичгийн дарга байх учиртай. Одоогийн тушаалаар өмнөх Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр салбар зөвлөл байгуулагдсан.

Иймээс сонгон шалгаруулалтыг шинэ төрийн нарийн явуулах эрхзүйн чадамжгүй байгаа тул төрийн албаны төв зөвлөлөөс салбар зөвлөл томилох ёстой. Өмнөх Төрийн нарийн бичгийн дарга хууль бусаар ажлаас халагдсан гээд өргөдөл гаргаж шүүхэд хандсанаас энэ асуудал удааширч байна.

Одоохондоо шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяаг төрийн албаны салбар зөвлөлийн даргаар томилоогүй. Хуулийн дагуу томилогдсон цагт эмнэлгийн дарга нарыг жинхэлнэ.

-Та анх ажлаа аваад Яаралтай түргэн тусламжийн төв, НЭМХ зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байсан. Тэр үеэс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хооронд ямар ажил хийгээд байна вэ?

-Хамгийн эхлээд яаралтай түргэн тусламжийг нэмэгдүүлэх талаар нэлээд ажил хийх ёстой юм байна гэж харсан. Үүний дагуу хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг нь нэмэх хэрэгтэй гэж үзээд 30 машин шинээр авч өгсөн. Мөн нийслэлийн төсвийн тодотголд таван машин нэмж оруулсан.Нийслэлийн ирэх жилийн төсөвт ч гэсэн нэмж оруулна.

Эрүүл мэндийн яам

Ингээд нийслэлд 100 гаруй түргэний тэрэг байхад яаралтай түргэн тусламж богино хугацаанд иргэдэд хүрнэ гэсэн тооцоо бий. Үүнээс гадна нэг хүндрэлтэй асуудал бол яаралтай тусламжийн салбар цөөн байгаагаас түргэн тусламж удаашралтай байдаг.

Нийслэлд яаралтай түргэн тусламжийн 40 гаруй салбар байхад түргэн тусламж таваас найман минутын дотор хүндээ хүрэх юм. Гэхдээ жижиг салбарыг аль болох олон байгуулж байна гээд том, том байшин бариад байх биш өрхийн, дүүргийн эмнэлгүүдийг түшиглэж түргэн тусламжийн төв байгуулъя гэж төлөвлөсөн. 

-Алслагдсан сум, орон нутагт эмч, сувилагч хүрэлцээгүй, чадвар муу гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тухайд?

-Нэг үеэ бодвол орон нутагт эмч нар харьцангуй элбэг болсон. Учир нь, төгсч байгаа оюутнуудыг сум, өрхийн эмнэлэгт эхний хоёр жил ажиллах ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүний үр дүнд сумд эмч нараар хангагдаж байна. Харин тэр эмч нарын мэдлэг, чадварт асуудал бий. Гэхдээ бид эмчийг чанаржуулах талаар ажиллаж байна.

-Та дэд сайдын албаас гадна нийслэлийн Эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн хорооны даргаар ажилладаг юм билээ. Нийслэлчүүдийн эрүүл мэндэд хамгийн ихээр заналхийлж байгаа ямар асуудал байна вэ?

-Нийслэлийн эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлын талаар бид улиралд нэг удаа хуралддаг. Нийслэлд энэ жилийн хувьд эхийн эндэгдэл, эмнэлгээр дамжсан халдвар, эмч нарын давхар ажил эрхлэлт өндөр байгаа гэсэн судалгаа гарсан. Иймээс энэ тал дээр анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөөд байна.

-Одоо эрүүл мэндийн даатгалын хуульд шинэчлэл оруулах талаар яригдаж байна. Энэ талаар таны байр суурийг сонирхвол?

-Нэг  цэгийн үйлчилгээ гэдэг зүйлийг бий болгох хэрэгтэй байна. Эрүүл мэндийн даатгал маш олон яамны дунд байдаг.  
ХАХНХЯ,  Сангийн яам,  Эрүүл мэндийн яам гээд байнга чирэгдэл болдог. Эрүүл мэндийн даатгалыг нэгэн цэгт үйлчилгээтэй болгосноор энэ чирэгдэл арилах юм.

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн шиг төлж, үйлчилгээгээ авсан шиг авмаар байна. Мөнгөө төлөөд авч байгаа үйлчилгээ нь аль нь вэ, хэдэн төгрөг төлсөн бэ гэдэг нь ойлгомжгүй байдаг. Үйлчилгээ болгон дээр тодорхой хэмжээ тогтоох хэрэгтэй.