2013.09.20

“Эрүүл мэндийн технологи-2013” үзэсгэлэн 10 дугаар сард болно

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 280 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн технологи-2013” үзэсгэлэнг 2013 оны 10 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.  

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн яамнаас Мишээл групп, Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг, Монголын эмч зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо зэрэг байгууллагуудтай хамтран дээрх үзэсгэлэнг зохион байгуулж байна.   

Үзэсгэлэнгийн өдрүүдэд Монгол улсад нэвтэрсэн болон шинээр нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх юм.  

Энэ удаагийн “Эрүүл мэндийн технологи-2013” үзэсгэлэнгийн нэг онцлог нь тус үзэсгэлэнгийн үеэр үзэсгэлэнд оролцогчид, үйлчлүүлэгчдэд хараа, сонсгол шалгах, цусны даралт хэмжих, өндөр, жингийн индекс тодорхойлох, бие бялдрын сорил үзэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, бараа бүтээгдэхүүний амталгаа, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх үйл ажиллагааг зохион байгуулна.  

Тус үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, албан байгууллагуудад уг үзэсгэлэнд оролцох боломжийг нээлттэйгээр зарлаж байгаа ажээ.