УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ
2013.05.30

С.Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ярьдаг боловч амьдралын гүнд нь нэвтэрдэггүй байж

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар лхагва гараг бүрт сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийдэг уламжлал тогтоод байгаа. Энэ удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хүрэлцэн ирж яамныхаа зүгээс хийж байгаа ажлаа танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.

-Шинэчлэлийн засгийн га­зар байгуулагдаад найман сар өнгөрлөө. Нийгэмд хүлээг­дэж байгаа олон асуудлыг шийдэхэд чухал үүрэгтэй ХАХНХ-ын яамны зүгээс энэ хугацаанд дорвитойхон ямар асуудлыг шийдээд байна?

-Манай яамны зүгээс өн­гөрсөн хугацаанд хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуул­сан. Нэгдүгээрт Хүн амын хөгжлийн цогц бодлогыг төрийн зүгээс хэрхэн авч үзэж, зохицуулах талаар нэгд­сэн тө­лөв­лөгөө, аргачлал боловс­руу­лахын тулд ихээхэн судалгаа хийж идэвхтэй ажиллалаа.

Хүн амын бүлгүүд рүү чиг­­лэсэн томоохон ажлууд хийгд­лээ. Нийт хүн амаа таван бү­лэгт хуваан авч үзэж байна. Залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, хүүхэд гээд үндсэн дөрвөн бү­лэг дээр нэмэгдээд нийт хүн амын дөрөв орчим хувь буюу Хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй мянган иргэдийн онцлогыг харгалзан үзээд тусд нь бүлэг болгон авч үзэж байгаа. Ахмад настны үндэсний чуулга уулзалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулж ахмад настнуудад үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээний асууд­лыг цогцоор нь шийдэх үзэл баримтлалаа тодорхойлж ав­сан. Өнгөрсөн гурван сард Орхон аймагт эмэгтэйчүүдийн үндэсний чуулган, зөвлөл­гөөнийг зохион байгуулж энэ бүлгийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудын талаар тодорхой чиглэл, дүгнэлтээ гаргасан.

-Саяхан хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн үндэсний чуулга уулзалт болсон байх аа. Эндээс ямар үр дүн гарсан бэ?

Хөгжлийн бэрхшээлтэй ир­гэдийн үндэсний чуулга уулзалт

-Энэ 5 сарын 3-нд хөгжлийн бэрхшээлтэй ир­гэдийн үндэсний чуулга уулзалт, зөвлөгөөнийг анх удаа нэлээн өргөн хүрээг хамруулан хийсэн. Юуны өмнө энэ арга хэмжээ ихээхэн үр дүнтэй ажил болсныг цохон тэмдэглэж байна. Бид чинь үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд л яриад байдаг болохоос биш тэдний амьдралын гүнд ерөөсөө нэвтэрч чаддаггүй байсан юм билээ. Ямар ч байсан бид тэдний амьдрал ахуй, хөгжлийн асуудлыг иж бүрнээр нь дорвитой өөрчлөхүйц томоохон зорилтуудаа тодорхойлж чадсан гэж бодож байгаа.

-Тэгвэл Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг эзэлдэг хүүхэд, залуучуудын талаар ямар бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа вэ?

-Энэ сарын 20-нд Залуучуу­дын үндэсний чуулган, зөвлө­гөөнийг амжилттай хийж явуул­­лаа. Цаашид төр засгийн зүгээс монголын маргааш бол­сон залуучуудынхаа нийг­мийн асуудлыг цогцоор нь шийдэх бодлого, зорилтоо тодор­хойл­сон гэж үзэж болно. Одоо зур­гаадугаар сарын 9-10-нд хүүхдийн үндэсний чуулганыг хоёр үе шаттайгаар хийхээр ажлаа төлөвлөөд явж байна. Эхний өдөр хүүхдүүдийн оролцоотой, хүүхэд хөгжлийн асууд­лаар чуулна. Дараагийн өдөр нь хүүхдийн эрх хам­гаал­лын талаар үүрэг хүлээсэн байгууллагуудын чуулган, хэ­­лэлцүүлгийг зохион бай­гуу­лахаар төлөвлөж байна. Энэ чуулган явагдаж дуусснаар ХАХНХ-ын яамны хувьд хүн амын хөгжлийн асуудлыг тодорхойлж, хүн амын бүлгүүд рүү чиглэсэн цогц бодлогын үзэл баримтлал ажил хэрэг болох шатанд шилжих юм.

Ирэх зургаадугаар сард тодорхой ажлын хэсгүүд гарч Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах ажилд орно. Энэ ажлын хэсгүүд зуны гурван сар шаргуу ажиллаад ирэх есдүгээр сард Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төслөө Засгийн газарт танилцуулна.

-Хоёр дахь үндсэн чиг­лэлийн ажил нь ямар зорилго­той, хэзээнээс хэрэгжих ажил байх вэ?

-Хоёр дахь үндсэн чиглэлийн үйл ажиллагаа маань нийгмийн хамгааллын салбарын асуудал юм. Энэ чиглэлээр шинэчлэлийн зорилтуудаа өнгөрсөн онд хий­сэн томоохон хурал, зөв­лөл­гөөнүүдээр тодорхойлон гар­гасан байгаа. Нийгмийн халамж үйл­чилгээний чиглэлд хамгийн гол нь зорилтот бүлгүүдийг зөв оновчтой, тодорхойлон тогтоож, тэдгээр бүлэгт хамрагдаж байгаа иргэн, өрх гэр бүлд амжиргааны наад захынх нь хэрэгцээг хангасан халамж үйлчилгээ үзүүлдэг тогтолцоог бий болгох нь шинэчлэлийн бодлогын гол зорилго юм. Энэ талаар тодорхой ажлууд эхнээсээ хийгдээд явж байгаа.

-Нийгмийн даатгалын шинэтгэлийн ажил урагшилж байна уу. Нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэсэн, чухал ажил учраас иргэд энэ талаар маш их асууж, сураглаж байгаа юм л даа?

Цахим карт нь нэг талдаа төлбөрийн хэрэгсэл нөгөө талдаа мэдээллийн хэрэгсэл болж Эрүүл мэндийн салбар цааснаас бүрмөсөн ангижирна.

-Нийгмийн даатгалын тог­толцоонд зайлшгүй шинэтгэл хийх цаг болсон. Энэ ажлыг гурван үе шаттайгаар хэрэг­жүү­лэхээр төлөвлөөд байна. Нэгдүгээрт Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог яарал­тай шийдвэрлэх, хоёр­дугаарт Тэтгэврийн даат­галын тог­тол­цоог шинэчлэх, гуравт нь Тэтгэмжийн нэгдсэн сан бий болгож Тэтгэмжийн эрх зүйн болон бүтцийн хувьд бие даасан тогтолцоог бий болгох зорилго тавьж байгаа. Эхний үе шатны шинэтгэлийн ажлууд хийгдээд эхэлсэн.

Иргэний Эрүүл мэндийн даатгалын хуу­лийн төслөө өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ хууль батлагдсанаар Эрүүл мэндийн даатгалын салбарт маш том дэвшил гарч, эрх зүйн цоо шинэ өөрчлөлт орно. Эрүүл мэндийн даатгалын бие даасан Үндэсний зөвлөлтэй болсноор даатгуулагчийг хаанд өргөмжилсөн хууль жинхэнэ утгаар хэрэгжих боломжтой болно. Ингэхийн тулд Эрүүл мэндийн даатгалыг цахим картанд шилжүүлэх ажил хийгдэнэ. Цахим карт нь нэг талдаа төлбөрийн хэрэгсэл нөгөө талдаа мэдээллийн хэрэгсэл болж Эрүүл мэндийн салбар цааснаас бүрмөсөн ангижирна. Даатгуулагч бүрт мэдээллийн сан үүсгэж, цахим картан дээр нь байгаа пин кодоор нэвтэрдэг болно. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүй, тогтолцооны шинэтгэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны 10 сая ам.доллараар санхүүжүүлнэ. Эрүүл мэндийн даатгал, энэ салбарын шинэтгэлийн ажлыг БНСУ-ын эрүүл мэндийн сал­барын туршлага дээр үндэслэн хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүй, тогтолцооны шинэтгэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны 10 сая ам.доллараар санхүүжүүлнэ.
-Тэтгэврийн даатгалын ши­нэтгэлийн талаар товч тайл­барлахгүй юу.Тэтгэвэрийг өв залгамжлуулах ч юм уу ар гэрийхэнд нь шилжүүлж болох хууль эрх зүйн орчин бүрэлдсэн үү?

-Тэтгэврийн даатгал гэдэг нь эв санааны нэгдлийн үндсэн дээр хэрэгждэг тогтолцоо болохоор тухайн хүний өмнөөс ар гэрийнхэнд нь ч юм уу өв залгамжлагч нарт нь буцаан олгох боломжгүй. Гэхдээ энэ талаар эхний судалгааны ажлууд хийгдэж, хууль боловсрогдох шатанд явж байгаа. Жишээ нь Давхар даатгалын хуульд тэтгэврийн хоёр хөгшний нэг нь өнгөрвөл үлдсэн нь нас барсан хүнийхээ тэтгэврийг насан туршдаа 50-100 хувь авдаг байх зохицуулалтыг тусгуулаад явж байгаа.

Хамгийн гол нь тэтгэврийн даатгалын тогтол­цоог гурван үе шатлалтай бай­хаар зорьж байна. Суурь тэт­гэврийн сан­тай болох, одоо­гийн байгаа нэ­рийн дансны тог­толцоог улам боловсронгуй болгох, өмчийн олон хэлбэрийн оролцоотой нэмэлт тэтгэврийн сантай болъё гэсэн гурван зо­рилт тавьж байгаа юм. Энэ бүхнийг хэрэгжүү­лэхийн тулд Дэлхийн банктай хамтар­сан судалгааны ажил дуу­сах ша­тандаа явж байгаа.

-Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө аваагүй иргэд олон байгаа. Гадаад, дотоодод байгаа мөнгөө аваагүй хү­мүүсийн мөнгийг нөхөн ол­гохоор 2013 оны улсын төсөвт мөнгө суусан уу?

-Манай яамны хамгийн эхэнд хийсэн ажлын нэг нь энэ тухай асуудал юм. Хүний хөгжил сангийн мөнгөө дутуу авсан, бүр аваагүй хүмүүсийн нэгдсэн судалгааг гаргасан. Албан ёсны баримт бичиг нь бүрдсэн хүмүүсийн хэмжээнд тооцоо судалгаа гаргаад 2013 оны улсын төсөвт 32 тэрбум төгрөг суулгаж батлуулсан. Энэ мөнгө зургаадугаар сараас эхлээд олгогдож эхэлнэ. Яагаад гэвэл Хүний хөгжил сангийн хуримтлал одоо л бөөгнөрч эхэлж байна.

-Хойшид иймэрхүү хавт­гайрсан халамжийн бодлого үргэлжлэх үү. Ер нь Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг иргэдэд үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа юу?

-Шинэчлэлийн Засгийн га­зар хойшид ийм хавтгайрсан халамжийн бодлогыг үргэлж­лүүлэхгүй. Харин нэгэнт төр засгийн шийдвэр гараад ихэнх хүмүүс авчихсан учир ир­гэдийнхээ эрх ашгийг дээдлэх үүд­нээс аваагүй үлдсэн хүмүүст зайлшгүй нөхөж олгоно.