“Discover Mongolia 2013” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт болно
2013.08.27

“Discover Mongolia 2013” олон улсын чуулга уулзалт болно

2013.08.27. Улаанбаатар хот. Монгол Улс: “Discover Mongolia 2013”Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалт ирэх есдүгээр сарын 5, 6-нд Монголын хүүхдийн ордонд болно.Арван нэг дэх жилдээ болох гэж буй уг арга хэмжээг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, "Прайм инфо” ХХК хамтран зохион байгуулдаг билээ.

Монголын эрдэс баялгийн салбарыг дэлхий нийтэд сурталчлах, хөрөнгө оруулагчдыг өөрийн улсад татах зорилготой чуулга уулзалтад өнөөдрийн байдлаар гадаадын 10 гаруй орны төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна. Энэ жилийн чуулга уулзалтын зохион байгуулалтад томоохон өөрчлөлт гарсан.

Өмнөх арван жилийн турш тодорхой сэдвийн хүрээнд илтгэл танилцуулга хийгддэг, “Засгийн газрын цаг” уулзалтын хүрээнд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид тус салбарт төрөөс баримталж буй бодлогын талаар санал бодлоо хуваалцдаг байсныг өөрчилж зохион байгуулагчдын сонгон авсан таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хуралдаан өрнүүлнэ.

Энэхүү таван сэдэв нь Хууль, эрх зүйн тогтвортой орчинг бий болгох нь, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой шийдэл, Байгаль орчны асуудлууд, Хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлт, Орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоо байх юм.

Дээрх хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, яам, агентлагийн удирдлага, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгэм, судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.

“Discover Mongolia 2013” Олон улсын чуулга уулзалт ирэх есдүгээр сарын 5, 6-нд Монголын хүүхдийн ордонд болно.

Мөн сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд буй шатдаг занарын асуудлаар салбар хуралдаан зохион байгуулах бөгөөд энэхүү эрдэс баялгийн нөөц, хайгуул, ашиглалтын өнөөгийн байдал болон төрөөс занарын талаар баримталж буй бодлогын талаар холбогдох албан тушаалтнууд илтгэл тавина.

Харин чуулга уулзалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Үзэсгэлэн, “Уурхайтай танилцах аялал” арга хэмжээ хэвээрээ байх бөгөөд энэ жилийн аяллаар “Оюу толгой” төслийн бүтээн байгуулалттай танилцах юм.

“Discover Mongolia 2013”Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалтын “Алтан” өргөмжлөлт ивээн тэтгэгчээр “Оюу толгой”, “Англо-Американ Монголиа”, Ивээн тэтгэгчээр “Терра энержи”, “Эм Ай Эйч”,

Мэдээлэл, технологийн түншээр “Мобиком”, консьерж түншээр “Куйнтэссэншли лайфстайл”, ивээн тэтгэгч түншээр “Делойтт” ХХК-иуд, Дэмжигч байгууллагаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, хэвлэл мэдээллийн түншээр “Монголиан экономи” сэтгүүл тус тус ажиллаж байна.

Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 314877, 331770, 70149762 тоот утас болонdiscovermongoliaforum.сот цахим хуудаснаас авна уу.