Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс хуралдана
Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан энэ сарын 26-27-ны өдрүүдэд Прага хотноо зохиогдоно.
Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Чехийн хэсгийн даргаар Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховорка нар ажилладаг.
Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хот байгуулалт, хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцох юм.
Монголын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг дагалдан манай 20 гаруй бизнесийн төлөөлөгч БНЧУ-д хүрэлцэн очих бөгөөд хуралдааны үеэр “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгуулах аж.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Чехийн Үйлдвэр, худалдааны болон Бүс нутгийн хөгжлийн сайд нартай хийх тус тус уулзалт хийхээр төлөвлөөд байна.