Монгол Улсын Ерөнхийлөгчид Нээлттэй нийгэм сангийн Ерөнхийлөгч бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.08.16

Монгол Улсын Ерөнхийлөгчид Нээлттэй нийгэм сангийн Ерөнхийлөгч бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Нээлттэй нийгэм сангийн Ерөнхийлөгч Кристофер Стоун бараалхав.

Ноён Кристофер Стоун нь Америкийн Эрүүгийн эрх зүйн эксперт бөгөөд дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг Жорж Соросын хүмүүнлэгийн байгууллага болох Нээлттэй нийгэм сангийн Ерөнхийлөгчөөр 2012 оны долдугаар сараас ажиллаж байгаа юм. Нээлттэй нийгэм форумын салбар Монгол Улсад 1990-ээд оны дундаас эхлэн ажиллаж байгаа билээ.

Уулзалтын эхэнд ноён Кристофер Стоун сангийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Нээлттэй нийгэм сан нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын холбогдолтой мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх боломж олгох, бодлогын судалгаа, шинжилгээний чанарыг дээшлүүлэхэд тус дэм үзүүлэхэд оршдог гэлээ.

Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад шүүхийн шинэтгэлийн ажлыг ажилттай хэрэгжүүлж, Ерөнхийлөгчийн санаачлагаар Шүүхийн тухай багц хуулийг УИХ-аар батлуулан мөрдүүлж байгааг тэмдэглэлээ. Ингэснээр Монголд шүүх, шүүхийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод болж байгаа юм.

Мөн энэ оноос эхлэн Монгол Улсад шууд ардчилал- иргэдийн оролцоог хэрэгжүүлж, анх удаа төсвийн хөрөнгийг орон нутагт иргэдийн санаачлага, оролцоотойгоор зарцуулж байгаа талаар танилцуулав. Тухайн аймаг, сум, багт нэн тэргүүнд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулах ажлыг иргэдийн оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлж байгааг тэрээр онцолсон юм.

Ийнхүү иргэдэд төсвийн зарцуулалтын эрх мэдлийг өгсөн нь дээрээс мэдэж мөнгө хуваарилдаг байсан үеийнхээс илүү үр ашигтай болж байгааг дурдав. Монгол Улс ардчиллын замаар замнаж байгаа Мьянмар, Киргиз зэрэг оронтой харилцан туршлагаа хуваалцаж буй талаараа мөн танилцууллаа.

Нээлттэй нийгэм сангийн Ерөнхийлөгч Кристофер Стоун тэдгээр орны оролцоотой зөвлөмж гаргах, оюутнуудыг нь Монголд сургах зэрэг ажилд сангийнхаа зүгээс тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой талаар ярьж байв. Уулзалт чин сэтгэлийн, дотно харилцаанд болж өндөрлөлөө.