Монгол, Ойтагийн найрамдал, хамтын ажиллагааны чуулга уулзалт боллоо
Гадаад Харилцааны сайд Л.Болд 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Ойтагийн найрамдал, хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцлоо. Энэхүү чуулга уулзалтад МУ-ын ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсаас Япон Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар болон манай улсад айлчилж байгаа Япон улсын Ойта мужийн Захирагч К.Хиросэ, Япон улсын ИТХ-ын дарга Х.Кондо тэргүүтэй 20 гаруй төлөөлөгч оролцож байна.
Сайд Л.Болд Монгол, Ойтагийн найрамдал, хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцлоо
Гадаад харилцааны сайд Л.Болд 1985 оноос Монгол улстай харилцаж, 2002 оноос “нэг суурин, нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг Монгол улсад өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн Японы Ойта мужид өнгөрсөн 7 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд ажилласан. Тэрээр тус мужийн Захирагч К.Хиросэ болон ИТХ-ын дарга, “Ойта, Монголын харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Х.Кондо, Ойта-Баянхонгорын нийгэмлэгийн дарга Х.Камэяма нартай уулзан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байсан юм.
Мөн сайд Л.Болд “Ойта брэнд” хөдөлгөөний туршлагыг Монголд дэлгэрүүлэх, Монголын оюутнуудын тоог нэмэгдүүлэх, рашаан усны ундарагыг хамгаалах, газрын гүний эрчим хүчний судалгааг Монголд хийх, аялал жуучлал хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тохиролцсон нь хоёр талын шууд харилцааг хөгжүүлэх шинэ шатанд гаргасан уулзалт болсон юм. Тус уулзалтын хүрээнд Монгол, Ойтагийн найрамдал, хамтын ажиллагааны чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.