Маргарет Чан: Сүүлийн арван жилд нэг ч эх, нярайн эндэгдэлгүй байгаа нь бахархмаар амжилт
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чан манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрээр айлчлалынхаа хоёр дахь өдрөө Төв аймгийн Баянчандмань сумыг зорилоо.
Тус сум аймгийн төвөөс 113 км, Улаанбаатар хотоос 75 км алслагдмал байдаг бөгөөд олон улсын магистрал зам дайран өнгөрдгөөрөө онцлогтой юм. Энэ ч үүднээсээ хөдөлмөрийн насны иргэд зам тээврийн осолд ихээр өртдөг гэдгийг Баянчандмань сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч Л.Уранчимэг хэлж байлаа.
Нийт 3600 орчим хүн амтайгаас 30 гаруй хувь нь мал аж ахуй эрхэлдэг иргэд байдаг байна. Хүн амын дундах өвчлөлийн дийлэнх хувийг цусны даралт, амьсгал, шээс бэлгийн замын өвчин, бөөр, зүрхний өвчлөл эзэлдэг ажээ. Баянчандмань сумын эмнэлэг анх 1934 онд бага эмчийн салбар болон байгуулагдаж байсан бол 2003 онд 14 ортой шинэ эмнэлгийн барилгыг барьжээ.
Тус эмнэлгийн эрхлэгч, эмч Л.Уранчимэгийн танилцуулснаар сүүлийн арван жилд нэг ч эх, нярайн эндэгдэл гаргаагүй ажиллажээ. Жирэмсний хяналтыг хэвийн, онцгой хэмээн хоёр ангилж, хэвийн төрөх эмэгтэйчүүдийг сумын эмнэлэгтээ амаржуулдаг байна. Аливаа хүндрэлгүй эмэгтэйчүүд төрөх хүртлээ 6-8 удаа, харин хүндрэлтэй эхчүүдэд 12 удаа хяналтын үзлэг хийдэг гэлээ.
Үүнийг сонссон хатагтай Маргарет Чан хэлэхдээ, “Би олон оронд очиж ажиллаж байсан. Гэхдээ тэр дунд сүүлийн арван жилд нэг ч эх, нярайн эндэгдэл гаргаагүй ажиллаж чадсан улс тун цөөхөн.
Тэрээр сум, багийн эмч нартай уулзаж "Та бүгдийг сайн ажиллаж байгааг хэлэхийг хүсч байна" гэлээ.
Маш гайхамшигтай байна. Өчигдөр би Улаанбаатарт ажиллаж, Эрүүл мэндийн сайдтай уулзаж, мөн гурав дахь шатлалын эмнэлэгтэй танилцсан. Өнөөдөр сум, багийн эмнэлэг, эмч нартай уулзаж байна.
Та бүгдийг сайн ажиллаж байна гэдгийг хэлэхийг хүсч байна. Эрүүл мэндийн салбарыг сайд маш сайн удирдаж, зөв бодлогоор ажилладаг юм байна. Ерөнхийлөгч, Засгийн газраас ч эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд анхаарч байгаа нь ч ажиглагдсан.
Тэглээ гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй. Төр засаг бүх иргэдийн эрүүл мэндийг хамгаалж чадахгүй шүү дээ. Хамгийн чухал нь иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаардаг, санаа зовнидог, эрүүл мэндийн талаарх боловсролоо нэмэгдүүлэх хэрэгтэй юм.
Танай улсын хувьд бараг бүгдээрээ бичиг үсэг тайлагдсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тэр давуу талаа ашигла. Сумын эмч нар анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг учраас нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг маш сайн зохион байгуулж байх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.
Др Маргарет Чан малчин айлын амьдрал ахуйтай танилцав.
Баянчандмань сумын эрүүл мэндийн төвтэй танилцсаны дараагаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чан Эрдэнэ багийн бага эмчийн салбараар зочилж, малчин айлын амьдрал ахуйтай танилцав.
45 км-ийн радиуст 321 өрхийн 891 хүнийг үздэг Эрдэнэ багийн бага эмч О.Мягмардорж өдөр тутмын үйл ажиллагааныхаа тухай товч танилцуулга хийсэн юм. Багийн эмч гэрээр үзлэг хийж, анхан шатны эмнэлгийн тусламжийг үзүүлдэг байна.
Уур амьсгалын онцлогоос шалтгаалан бөөрний өвчлөл ихсэх хандлагатай болжээ. Авто, ахуйн зэрэг осол гэмтлүүд ч багагүй гардаг ч багийн эмчид түргэн тусламжийн зориулалтын авто машин байхгүйгээс өвчтөнөө сумын эмнэлэгт хүргэхэд бэрхшээл тулгардаг гэдгийг ч тэрээр дурдсан юм.
Монгол улс эрүүл мэндийн сайн системтэй улс мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Монгол орны хувьд тархай бутархай суурьшдаг учраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ гэдэг амаргүй. Сум, багийн эмч нар олон талаар мэргэшиж, нөхцөл байдалдаа тун сайн зохицож ажиллаж байгааг хатагтай Чан онцлоод Монгол улсад хийсэн айлчлалаасаа маш олон зүйлийг сурч байгаагаа илэрхийлэв.
Мөн тэрээр цааш үргэлжлүүлэн хэлэхдээ, “Бага эмч, сувилагч гэлтгүй сайн ажиллаж байна. Танай улс анхан шатнаас хоёр, гурав дахь шатлалын эмнэлэгт өвчтөн шилжүүлэх сайн механизмыг бүрдүүлж чаджээ.
Аль ч улс орон аливаа асуудлаа шийдэх хамгийн сайн гарц, шийдлийг өөрсдөө л зөв олж чаддаг гэдгийг эндээс харлаа. Монгол улс мянганы зорилтын шалгуурт амжилттай хүрч эхэлсэн учраас эрүүл мэндийн сайн системтэй улс мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэлээ.