Шилжилт хөдөлгөөнийг зөв урсгалд оруулах цаг болсон
Манай улсын нийт хүн амын 50 орчим хувийг эзэлдэг залуусын шилжилт хөдөлгөөнийг зөв урсгалд нь оруулах цаг болсныг судалгаа харуулж байна.
Нэг жилд хүн амын 4-4.3 хувь нь шилжин суурьшдаг. Шилжин ирж байгаа 100-120 мянган хүний 46 хувь нь 18-36 насны залуучууд байгаа юм. Үүнээс 9.6 хувь нь охид эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий.
Гадны улс оронд манай улсын залуучуудын 7.1 хувь буюу 69 мянган залуус ажиллаж амьдарч байна. Тиймээс залуусын шилжилт хөдөлгөөнийг зөв зохистой болгож амьдрах тав тухтай орчин бүрдүүлж өгөх асуудал тулгамдаж байна.
Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ "Уул уурхайн ордууд ашиглалтад орж, шинэ төв суурин газрууд бий болж байгаатай холбоотой хөдөө орон нутгаас маш их хэмжээний шилжилт хөдөлгөөн өрнөж байна.
Энэ бүгдийг тодорхой бодлогоор татвар эдийн засаг, улс төрийн бүхийл бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй. замбараагүй байдал нь улс оронд сөрөг нөлөө үзүүлэх болоод байна. Үүнд аль аль талаасаа хамтран ажиллах ёстой" хэмээн хэллээ.
ХАХНХЯ-ны хэлтсийн дарга Б.Мишээл "Манай залуучуудад ажлын байрны хомсдол, орон сууцны хангалт соёлын нөлөө зэрэг олон асуудлаас болж хөдөө орон нутгаас төв суурин руу шилждэг хэмээн ярьж байна".
Төр засгаас амьдрах орчин бүрдүүлж өгвөл залуучууд өөрсдөө зүтгэж амьдрах хэрэгтэй гэдгийг тэд хэлж байна. Залуусын хөгжлийг дэмжих зорилготой төслийг НҮБ-ын хүн амын сан, Щвейцарийн хөгжлийн агентлаг, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлж байгаа.
Төслийн гол зорилго нь нийгэм эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан эрсдэлийг даван туулах чадвартай болох үүнд өртөж байгаа залуусыг багасгахад чиглэж байгаа юм.