НҮБ-ын Хүн амын сангаас эх, нярайн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан санхүү, техник арга зүйн дэмжлэгтэйгээр Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Зүрх судасны төв, эх, нярайн эрүүл мэнд, цахим эрүүл мэндийн өргөжилт хөтөлбөр“-ийн эх, нярайн эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээг Эрүүл мэндийн сайд Н.Удвал нээж хэлсэн үгэндээ:
“Юуны өмнө НҮБ-ын Хүн амын сан Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж ирснээс хойш манай улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, ялангуяа эсэн мэнд амаржих, эхийн эндэгдлийг бууруулах, хөдөө орон нутагт эх, нярайн тусламжийг чанартай явуулахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулсныг бид бүхэн байнга өндрөөр үнэлдэг гэдгээ илэрхийлмээр байна.
Мөн энэхүү төсөлд хамтран оролцсон Люксембургийн Засгийн газарт талархаж байна. Үүний нэг жишээ нь өнөөдрийн ёслолын арга хэмжээ юм. 2007 оноос хойш эх, нярайн тусламжид Телемедицин буюу зайн оношилгоог нэвтрүүлэх төслийг хэд, хэдэн аймагт хэрэгжүүлж, мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн жирэмсний үеийн хордлого 30 хувь, хөдөө орон нутгаас Улаанбаатарт гуравдахь шатлалын эмнэлэгт ирэх явдал 500 орчим тохиолдлоор тус тус буурсан. Энэхүү жишээ л эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, жирэмсэн эхчүүдийн чирэгдлийг бууруулахад ямар их ач холбогдол өгсөн бэ гэдгийг харуулж байгаа гол үзүүлэлт болж байна” хэмээв.
Өнгөт допплер бүхий хэт авиан оношилгооны аппарат
Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас уг төслийг бусад аймгуудад хэрэгжүүлэх санал тавьсны дагуу 21 аймагт эх, нярайн тусламжийн зайн оношилгоог нэвтрүүлэх ажил эхэлсэн гэдгийг ч салбарын сайд хэлсэн үгэндээ дурдсан. Эдгээр тоног төхөөрөмж нь нийт 1,7 тэрбум гаруй төгрөгний өртөгтэй бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаагаар ЭХЭМҮТ, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Дундговь зэрэг аймгуудад хүлээлгэн өгсөн юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус тоног төхөөрөмжүүдийн ач холбогдлыг онцлон хэлэхдээ, “Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлого болох “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хоёр гол чиглэлийг дэмжиж буйгаараа илүү ач холбогдолтой болж байна.
Нэгдүгээрт, Бүх аймгийг Телемедициний сүлжээнд холбох бодлогод НҮБ-ын ХАС, Люксембургийн Засгийн газрын тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа энэ төсөл үнэтэй хувь нэмэр оруулж байна. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд манай улсад нярайн гажиг хөгжил ихсэж байгаа.
Тиймээс Засгийн газраас ЭХЭМҮТ дээр Перинотологийн төвийг байгуулахаар худалдан авах ажиллагаандаа ороод явж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд эдгээр тоног төхөөрөмж чухал үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр бид ургийн гажгийг эрт оношилох, төрөх үед ураг, нярай, эхийн биеийн байдалд хяналт тавих, үргүйдлийг эмчлэх боломжийг бүх орон нутагт олгож байгаа юм.
Ялангуяа хүлээн авсан аймгуудад тоног төхөөрөмжүүдээ ариг, гамтай хэрэглэж, боловсон хүчнээ чадавхижуулах, үр дүнг дээшлүүлэх, олон иргэнд үйлчлэх үүрэг хариуцлага оногдож байна.
Харин ЭХЭМҮТ-д 376 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг олгож байгаагаараа Монгол улсад зайн оношилгооны технологийг бүрэн нэвтрүүлэхэд манлайлах үүргийг гүйцэтгэж, арга зүйн удирдлагааар хангах гол төв болох өндөр хариуцлага хүлээлгэж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна” гэлээ.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд унтуулгын аппарат
Уг арга хэмжээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд унтуулгын аппарат, 18 эмнэлэгт өнгөт допплер бүхий хэт авиан оношилгооны аппарат, 12 аймагт дутуу төрсөн нярайг зөөвөрлөхөд зориулсан нярайн инкубатор, клиник – иммунолог оношилгооны автомат ELISA аппарат, эх, ургийн бүх үзүүлэлтийг хянах зориулалттай төвлөрсөн хяналтын систем, хүндэрсэн эх, нярайн цусан хангамжийг хэмжих аппаратыг хүлээлгэн өглөө.
Харин тоног төхөөрөмжийг ажиллуулах эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулахаар болжээ.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлэхдээ, “Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан санхүү, техник арга зүйн дэмжлэгтэйгээр Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй Телемедицин төслийн эх наярайн эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд эдгээр тоног төхөөрөмжийг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч байгаад баяртай байна.
Эх нярайн эрүүл мэндийг сайжруулахад Монгол Улс томоохон амжилтад хүрээд байгаад НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яамыг сайшааж байгаа ч, бүх түвшинд түүний дотор суманд үзүүлж буй анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох талаар хийх ажил их байна.
“Эх хүн амьдрал бэлэглэхийн төлөө эндэх учиргүй” гэж НҮБ-ын Хүн амын сангаас тунхагладаг. Иймд Монголын эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулж, ялангуяа алслагдсан бүс нутагт амьдарч буй эмзэг бүлгийн иргэдийн амь насыг аврахад бидний хамтын хүчин чармайлт хувь нэмрээ оруулах гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.