Даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн
Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газраас даатгалын салбарын удирдах ажилтны 2011 оны ээлжит зөвлөлгөөнийг зохион явууллаа.
Энэхүү зөвлөлгөөнийг нээж Даатгалын газрын дарга С.Ганболд даатгалын салбарын 2010 оны санхүү, эдийн засгийн хүрсэн үзүүлэлтүүд, даатгалын зах зээлийг хөгжүүлэх чиг хандлага, даатгалын зохицуулалтын талаарх хууль, тогтоомжуудын хэрэгжилт, даатгалын багц дүрмийг цаашид боловсронгуй болгох шаардлага болон даатгалын тогтолцоонд анхаарал хандуулвал зохих тулгамдсан зарим асуудлын талаар илтгэл тавилаа.
Мөн Даатгагчдын холбооны ерөнхийлөгч П.Ганзориг болон бусад оролцогчдоос даатгалын салбарт тулгамдаж буй цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар санал, хүсэлтээ гаргасан болно. Үүнд:
- Хөрөнгийн зах зээлд даатгагчдын оролцох боломжийг нээх;
- Даатгалын дотоодын зах зээлийг хамгаалах, даатгалын хураамжийн гадагш чиглэсэн урсгалыг хязгаарлах;
- Заавал даатгалын тогтолцоог бүрдүүлэх;
- Даатгалын мэргэжлийн оролцогчдын зохицуулалтыг сайжруулах;
- Эрсдэлийн үнэлгээг хийх;
- Одоогийн мөрдөгдөж буй зарим дүрэм, журмын заалтуудыг эргэж харах;
- Даатгалын нэр томъёоны тайлбар гаргах;
- Хууль бус зар сурталчилгаа гаргуулахгүй байх;
- Хувь хүний орлогын албан татварын хуульд даатгалын талаар өөрчлөлт оруулах талаар.
Хороо эдгээр асуудлыг нарийвчлан судалж, даатгалын салбарын зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр даатгалын байгууллагуудтай хамтран ажиллахаар болов.
Зөвлөлгөөний үеэр даатгалын компаниудын 2010 оны санхүү, даатгалын үйл ажиллагаанд дараах 3 багц үзүүлэлтүүдээр үнэлгээ өгснийг танилцуулж даатгалын салбарын шилдэг байгууллагыг шалгарууллаа.
Нэгдүгээрт, даатгалын тухай хууль, журмыг мөрдөж ажилласан байдал, хугацаатай өгсөн үүрэг даалгаврын биелэлт; хоёрдугаарт, даатгуулагчдаас даатгалын компанийн талаар Хороонд ирүүлсэн гомдол, санал; гуравдугаарт, даатгалын компанийн санхүүгийн үзүүлэлтүүд.
Даатгалын салбарын шилдэг компанийг шалгаруулах үнэлгээний аргачлалын дагуу 87.0 оноогоор “Миг даатгал” ХХК нэгдүгээр байранд шалгарч 2010 оны даатгалын тэргүүний компани боллоо. Даатгалын салбарын 2010 оны шилдэг компанид олгох өргөмжлөлийг “Миг даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Оршихт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан гардуулан өгч баяр хүргэлээ.