С.Эрдэнэ: Нэрийн дансны тухай хууль хэрэгжихгүй байгаа
Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.07.17

С.Эрдэнэ: Нэрийн дансны тухай хууль хэрэгжихгүй байгаа

1960 оноос хойш төрсөн хүнд нэрийн данс нээсэн. Тэдний түрүүч нь 2015 онд тэтгэвэрт гарахад уг данс хэрэгтэй гэж ярьж байсан билээ. Гэтэл энэ дансанд одоогоор төвлөрсөн мөнгө байхгүй гэнэ. Мөн Нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж холбогдох албаны хүн ярьсан. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.

-Тэтгэврийн даатгалын санд хуримтлал бий юү?

-1960 оноос хойш төрсөн иргэдийн түрүүч нь 2015 оноос тэтгэвэрт гарч эхэлнэ. Тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлсэн орлогоос тэтгэвэр тавьж байгаа ч өнөөгийн эв санааны нэгдлийн зарчим буюу хуваарилалтын журмаар явж байгаа. Тэтгэврийн даатгалын санд хуримтлал бий болоогүй. Одоо орж буй орлого төрөөс өгөх хувь нийлээд энэ санг бүрдүүлж байгаа. Нэрийн дансны тухай хууль хэрэгжихгүй байгаа нь үнэн. Энэ нь нэгдүгээрт нэрийн дансанд байх ёстой бодит мөнгөн хуримтлал өнөөг хүртэл бий болоогүй байна. Хоёрдугаарт нэрийн дансны үйлчлэх хугацаа хараахан болоогүй.

Гуравдугаарт уг хуулийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас бодлогын хувьд алдаатай явж ирсэн. Ялангуяа бодит мөнгөн хуримтлалыг бий болгох, тодорхой бодлогоор хандах нөхцөл боломжийг төрөөс дэмжээгүй учраас ийм хуримтлал үүсээгүй юм билээ.

-Тэгвэл нэрийн данс нээлгэсэн хүмүүсийн хуримтлал бий юү. Энэ дансанд хуримтлагдсан мөнгөөр зарим албан тушаалтан орон сууцны зээл авсан гэсэн мэдээлэл байна?

Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.2-т нэг төрлийн сангийн хөрөнгийг өөр төрлийн санд шилжүүлж байрлуулах, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно гэж заасан. Харамсалтай нь 2002 онд засгийн газрын тогтоолоор нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулсан.

-Энэ алдааг засахын тулд уул уурхай, ашигт малтмалаас орж ирж буй мөнгөн авлага зэрэг эдийн засгийн боломжтой үе тохиовол мөнгөн хуримтлалыг яаралтай бүрдүүлэх, цаашид Нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх бодит нөхцөлийг хангах зайлшгүй шаардлагатай байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.2-т нэг төрлийн сангийн хөрөнгийг өөр төрлийн санд шилжүүлж байрлуулах, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно гэж заасан.

Харамсалтай нь 2002 онд засгийн газрын тогтоолоор нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл байв. Гэтэл Үндсэн хуулийн цэц хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Тэгсэн хэрнээ өнгөрсөн жил нийгмийн даатгалын шимтгэлийг өрөөс чөлөөлөх тухай асуудлыг авч үзэхдээ даатгуулагчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан байна гэж Цэц үзсэн. Үндсэн хуулийн Цэц өдөр шөнө шиг хоёр өөр шийдвэр гаргаад явж байна шүү дээ. Энэ талаар цаашид анхаарч ажиллана.

-Сайн дурын нийгмийн даатгалд иргэдийг хамруулах талаар танай яамнаас ямар ажил хийж байна вэ?

-Сайн дурын даатгалд иргэдийг төдийлэн хамруулж чадахгүй байгаа. Ялангуяа хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажил орлогогүй иргэд, малчид хамрагдаж чадахгүй байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Малчид тархай бутархай суурьшдаг учир нийгмийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулахад амаргүй.

Хүн хүч, хөдөлмөр их шаардана. Цахим технологи ч ашиглаж болохгүй. Цаашид ийм технологи бий болгох шаардлагатай байгааг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Үүнд 15-18 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа. Нийгмийн халамж, нийгмийн даатгал, тэтгэврийн, эрүүл мэндийн даатгалын санг иж бүрэн шинэчлэхэд маш их хөрөнгө шаардагдана.