Э.Бат-Үүл: Би мөрөөдлөө биелүүлсэн
-Одооноос “Монголын хууль гурав хоног” байхаа больсон-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрөгч даваа гаригт НИТХ-аас гаргасан жанжин Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгох шийдвэр нэлээд олон талаас шүүмжлэл дагуулах шиг боллоо. Яагаад ийм огцом шийдвэр гаргачихав аа. Нана нь ярьж хэлж, хүмүүсийн санаа бодлыг бас сонсч болоогүй юм уу?
-Энэ сэдэв өмнө нь олон удаа яригдсан асуудал. Тэгээд тухай бүртээ дандаа улс төрийн талцал, маргаан болоод унадаг байсан. Асуудлынхаа мөн чанарыг ойлголцохын оронд намууд нь хоорондоо талцаж маргаад дуусдаг байсан.
Тиймээс энэ удаа тийм улс төрийн маргаан мэтгэлцээн болгохоос зайлсхийж, мэргэжлийн хүмүүстэй нь яриад шийдвэрээ гаргасан. Зарим нэг хүмүүс “иргэдээрээ хэлэлцүүлсэнгүй, саналыг нь асуусангүй” гэж шүүмжилж байна л даа. Өмнө ч бас иргэдээрээ хэлэлцүүлэх гэсэн зарим нэг оролдогууд хийгдэж байсан юм. Тэгэхээр л улстөрчид нь өмнүүр нь орж шүүрч аваад, улс төрийн шоу болгож хувиргачихаад болдоггүй байсан л даа.
-Манайд чинь байгаа ахуйгаасаа тасарчихсан нэртэй их олон зүйл байна шүү дээ. Буянт-Ухаагийн онгоцны буудлыг “Чингис хаан нисэх буудал” болгосон. Төрийн ордныхоо өмнө Чингис хааны хөшөөг залсан бол одоо Чингисийн талбайтай болчихлоо. Үүн дээр дөрөөлөөд Хэнтийд нэг Засаг дарга “Ерөөсөө аймгийнхаа төвийг Чингис хот болгоно” ч гэж байх шиг. Чингисийн талбайг ч гэсэн нэрэнд нь дүйцтэл өөрчилнө, тохижуулна гэдэг бас л хэцүү байх?
-Энэ бол улсын маань төв талбай. Энэ талбайгаа бид Монгол Улсыг үндэслэн байгуулсан Чингис хааныхаа нэрээр нэрлэх нь түүхийнх нь талаас аваад үзсэн ч, билэгдэл утгын хувьд ч зөв шийдвэр гэж би итгэж байгаа. Тийм ч учраас би өөрөө энэ санаачлагыг гаргаж, НИТХ-д өргөн барьсан. Ер нь Төрийн ордны урд хэсэгт Чингисийн хөшөө барьснаас хойш энэ талбай архитектур талаасаа их авцалдаа муутай, их олон салаа утгатай болчихсон шүү дээ.
Тэгээд ч мэргэжлийн архитекторууд, дизайнерүүд байнга шүүмжилж ирсэн. Энэ хоёр чинь авцалдахгүй байна, нэг тийш нь болгооч ээ гэж. Энэ нь ч бас миний энэ саналыг НИТХ-д өргөн барих нэг үндэс болсон. Тэгээд ч сая талбайн нэрийг өөрчлөхөд нэг их улс төрийн утгатай байсан нь илэрч байна шүү дээ.
Түүхийн утга учир гэхээсээ илүү улс төрийн сонирхол дээр их суурилсан талбай болоод хувирчихсан харагдлаа. Түүнээс биш хотын архитектур, дизайн талаасаа бол нээрээ л мэргэжлийн хүмүүсийн шүүмжлэл үндэстэй байсан байна.
Би сая нэг зүйлийг хараад маш их эмзэглэсэн. Бидний Чингис хаандаа хандах хандлага нэг их итгэл үнэмшлийн түвшинд хүрч чадаагүй байжээ гэдэг нь зарим иргэдийн шүүмжлэлээс харагдсан. Бухимдахдаа зарим нь бүр Чингис хаанаа доромжлох байдал руу хүртэл орж байх шиг.
Миний хувьд ямар итгэл үнэмшил байдаг вэ гэвэл үнэндээ Чингис хаан бол Монгол Улсыг үүсгэн байгуулагч. Зөвлөлтийн эрхшээлд байх үед бидний Чингис хааны тухай ойлголт маш буруу явж ирсэн. Харгис хэрцгий эзлэн түрэмгийлэгч гэдэг байсан шүү дээ. Энэ бол коминтернээс бидэнд тулгаж байсан суртал ухуулга байхгүй юу. Тэр сурталд нь хүмүүс өнөө хэр нь автчихсан байгаад би маш их харамссан. Одоо болтол тийм ойлголттой хүмүүс цөөнгүй байдаг юм байна.
-Угаасаа манайд Чингис хаан, Чингисийн үеийн Монгол Улс, эзэнт гүрний түүхийн талаар судлагдахуун бага шүү дээ. Дэмий л Чингис, Чингис гээд цээжээ дэлдээд байхаас биш наад зах нь арван жилийн сургуульд үзэж байгаа түүхийн сурах бичгүүд дээр энэ түүх байна уу. Байхгүй шүү дээ. Үүнээс ч бас их зүйл шалтгаалдаг байх?
-Тийм ээ. Одоо ч гэсэн түүхийн сурах бичигтээ Чингис хааныг байлдан дагуулагч, эзлэн түрэмгийлэгч л гээд явж байна шүү дээ. Гэтэл XXI зууны босгон дээрээс XIII зууны түүхэд үнэлгээ өгнө гэдэг ёс суртахууны хувьд үнэхээр мунхаг явдал. XIII зуунд дэлхийн аль ч улс үндэстэн байлдан дагуулал хийж байсан, хүчтэй нь л амьд үлддэг байсан.
Европт ч тэр, Азид ч тэр. Хүч чадалтай нь газар нутгаа тэлдэг байсан. Харгислалын тухай ярих гэж байгаа бол бүр иргэншчихсэн XIX, XX зуун хүртэл цагаан арьстнууд индианчуудыг ямар муухайгаар харгислаж байлаа. Индианчуудын хуйхыг хуулаад үнэлдэг, хоморголон устгаж л байсан шүү дээ.
Наполеон ч Египетийг байлдан дагуулахдаа аймшигтай муухай харгислал хийж л байсан. Гэтэл XIII зуун бол одоогийн улс орнууд дөнгөж бий болж байсан үе. Англи, Францыг тэр үеэс л байгуулсан. Яг түүнтэй зэрэгцээд Чингис хаан Монгол Улсыг байгуулсан, тэгэхдээ маш хүчирхэг улс, асар том эзэнт гүрнийг байгуулсан. Бусдад нь тийм тэнхээ байгаагүй.
Түүнээс биш буяны сайхан сэтгэлтэйдээ биш. Нөгөөх нь нэг их харгис хэрцгий байсандаа ч биш. Гэтэл тэрийг нь зөвлөлт маягийн сурталд автсан хүмүүс “харгис хүн байсан, дарангуйлагч байсан” мэтээр XX, XXI зууны нүдээр харж шүүж байгаа нь их утгагүй.
-Манайхны хувьд Чингис хаандаа их тийм хөнгөн хийсвэр, романтик байдлаар ханддаг нь харагдаж байгаа биз дээ. Гадагшаа гарахаараа л “Чингис, Чингисийн Монгол” гэж цээжээ дэлдээд, омогшоод байхаас биш дотроо бол түүхээ төдийлөн үнэлдэггүй...?
-Үнэлж байгаа үнэлгээ нь ч гэсэн нэг л хэрсүү биш, бодитоор үнэлдэггүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад байдаг. Дандаа маркетинг борлуулалтдаа хэрэглээд, бараа товар болгож ашиглаад байдаг. Гэтэл тэр хүн чинь Монгол Улсыг үндэслэн байгуулсан юм байгаа биз дээ. Тэр хүний байгуулсан Монгол Улс чинь л унаж боссоор өдийг хүрсэн.
Тийм учраас түүхийнх нь зөв өнцгөөс харах хэрэгтэй шүү дээ. Гэтэл түүхийнхээ сурах бичигт хүртэл “эзлэн түрэмгийлэгч байсан” гээд биччихсэн. Үнэндээ бол Ромчууд ч эзлэн түрэмгийлж байсан, Францууд ч хүчирхэг байх үедээ эзлэн түрэмгийлж байсан.
-Ер нь Чингис хааны эзэнт гүрэн, байлдан дагууллын түүхийг манайхаас илүү америк, европчууд дунд сургуульдаа үзээд судалчихдаг байх шүү?
Сүхбаатарын хөшөө
-Тийм шүү дээ. Тэгэхдээ “эзлэн түрэмгийлэгч” гэж бичдэггүй л байхгүй юу. Яагаад гэвэл тэд XIII зуунд улс үндэстнүүд яаж оршин тогтнож байсан бэ гэдгийг, угаасаа хүн төрөлхтний түүхийг мэднэ. Тиймээс “Чингис хаан бол маш хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан юм аа” л гэдэг. Тэр байтугай “Хүн төрөлхтний шинэ түүх Чингисийн байлдан дагууллын дараа эхэлсэн.
Одоогийн энэ улс орнууд Чингис хааны байгуулсан эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон юм” гэж үздэг. Гэтэл бид нар архины шошгон дээр л нэрийг нь наагаад байгаагаас өөр мэдэж байгаа юм ч алга, хэлж байгаа ч юм алга. Тэгж ярих юм бол Чингис хааны түүхээр гаднынхан илүү бахархах маягтай явж ирлээ шүү дээ.
Хүн төрөлхтний түүхэнд их цөөхөн үндэстэн тод ул мөрөө үлдээсэн. Оюун санааны ертөнцөд грекүүд, төрийн төгс хэлбэрийг ромчууд бий болгосон. Дараа нь монголчууд Чингисийн үед дэлхийн глобалчлалыг бий болгосон юм гэж үздэг. Гэтэл монголчууд Чингис гэдэг архины тухай л ярьж байна. Тэгээд би сая аягүй урам хугарсан, бид Чингис хаандаа ингэж хандаад байхдаа яах вэ дээ.
-Урам хугарах шалтгаан бас байна л даа. Тэр талын мэдлэгийг нь өгөхгүй байна шүү дээ?
-Тийм учраас бид боловсролдоо их анхаарах хэрэгтэй. Сая би, ялангуяа залуучууд үүнийг эсэргүүцэж байгааг хараад маш их харамссан. Ямар харамсмаар, ямар гунигтай дүр төрх харагдав аа. Угаасаа хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь дэлхий нийтээрээ үнэлээд “Чингис хаан бол Мянганы хүн, мянган жилд нэг тохиосон суутан” гэж хэлээд байна шүү дээ.
Тэгтэл бид архины шошгонд нааснаас өөр юу хийсэн билээ. Тийм учраас би энэ шийдвэрийнхээ талд хатуу зогсоно. Тэглээ гээд миний нэр хүнд унахаас, намайг яаж ч муучлахаас айхгүй. Ер нь бид Чингис хааныхаа тухай дэлхийн ярьдаг хэмжээнд ярьдаг болмоор байна.
Гэхдээ би энэ дашрамд нэг зүйлийг зориуд хэлье. Чингис хааны талбайг бий болсгосон нь жанжин Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг ерөөсөө доошлуулах бодол агуулаагүй юм шүү. Ерөөсөө 1921 оны хувьсгалын үр дүнд бид Бүгд найрамдах улсаа тунхагласан.
Чингис хаан бол Монгол Улсыг байгуулсан. 1921 оны ардын хувьсгалаар монголчууд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, хоёр хөршийнхөө Монгол Улсыг бие биедээ хувааж өгөх гэж байсан тэр үйл явдлыг зогсоосон. Тэрний билэгдэл бол Сүхбаатарын хөшөө мөн. Арай ч МАН-ын байрны өмнө тавиулахгүй.
Зарим нь Батлан хамгаалах яамны өмнө аваачиж тавиач гэж байна лээ. Монголын тусгаар тогтнолын түүхийг тэгж доош нь хийхгүй. Монгол Улсын тусгаар тогтнол бол нэг намын өмч биш.
-Сүүлийн 20 жилд нийслэлийн Засаг даргаар ажилласан хүмүүс хүн болгон нэг ийм түүхэнд үлдэх шийдвэр гаргаад байсан бол уг нь хот их өөр болох байсан биз. Харамсалтай нь тийм өөрчлөлтүүд хийгдэж байсангүй. Харин таны хувьд ямар ч байсан сайшаал, шүүмжлэл аль алийг нь дагуулсан ч өөрийнхөө хувьд нийслэлийн түүхэнд үлдэхээр нэг шийдвэр гаргачих шиг боллоо. Энэ таны эхний зорилго байсан уу?
-Миний нэг мөрөөдөл яах аргагүй энэ байсан. Жараад оны эхээр Төмөр-Очир тэргүүтэй хүмүүс Ногоон нуурт очож, Чингис хааны хөшөөг босгож байсан. Түүнийхээ төлөө хүмүүс бүгд хэлмэгдэж, дараа нь Төмөр-Очир гуай харамсалтайгаар амиа алдаж байсан. Би тэр хүмүүсийн тэр үед хүсч зорьж байсан зүйлийг би хэзээ нэгэн цагт хийнэ дээ гэж дотроо тангараг тавьсан байсан юм.
Хөшөөний хувьд нэг их сайн хөшөө болж чадаагүй л дээ, тэр үед байгуулсан тэр чигээрээ л үлдсэн. Ерөн он хүртэл тэр хөшөөг нууж байж, одооноос л монголчууд очдог болсон шүү дээ. Ингэж бид бусдын эрхшээлд байхдаа Чингис хааныхаа үнэ цэнийг ойлгох ч эрхгүй байсан юм.
-Одоо хотынхоо ажил руу орьё. Энэ зун хүн болгон л ярьж байна, хот нэг л өнгө засаад байна гэж. Гэрэл гэгээтэй болчихож, хүмүүс маань соёлтой ч болсон юм шиг, ядахдаа хогийн саваа нэг аятайхан, өнгө үзэмжтэй байрлуулаад, замын цагдаа нар хүртэл зам дээрээ зогсоод хөдөлгөөнөө зохицуулдаг боллоо, гудамжны буланд нуугдаж байгаад торгууль тавьдгаа больчихож. Хүмүүс өөрсдөө ингэж өөрчлөгөөд байна уу, эсвэл өөрчлөгдөх шалтгааныг нь хотын шинэ удирдлагууд бий болгоод байна уу?
-Хуучин бол хотын төсвийн ихэнх нь захиргааны урсгал зардал болоод том том хөрөнгө оруулалт руу явдаг байсан. Барилга байгууламж барих, зам тавих гэх мэтчилэн. Уг нь бол төсвийн хуулиар шинээр барилга байгууламж барих ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийдэг, баригдсан зүйлийн арчлалтыг орон нутаг авч явдаг хуультай.
Гэтэл хотын иргэдийн ая тухай байдлыг хангах тэр үйлчилгээнд зориулдаг мөнгө нь аягүй бага, 2012 онд гэхэд ердөө 15-хан тэрбум төгрөг байсан. Гэтэл захиргааны ажилчдын цалинд 22 тэрбум төгрөг явж байлаа шүү дээ. Төсвийн үлдсэн 60 хувь нь хөрөнгө оруулалтад явчихдаг, нөгөө улсын төсвөөр хийх ажлыг өмнүүр нь орж хийдэг байсан байгаа юм.
Тэгээд хотын тохижилт, иргэдийн ая тухтай амьдрах орчныг хангахад маш бага мөнгө зарцуулагддагаас болоод хот маань халтартсан, бохирдсон, хогондоо баригдсан байсан. Одоо бид түүнийг нь өөрчлөөд, хуульд заасны дагуу төсвөө хуваарилаад, хотоо арчилж тордоод эхэлсэн. Яагаад гэвэл хотоо арчлах, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг хангах нь хотын жинхэнэ үүрэг байхгүй юу.
Бүр Үндсэн хуулиар оноосон үүрэг нь. Та нар нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг л бий болгоно шүү, үүнийг л та нар авч явна шүү гээд Үндсэн хуульд заачихсан. Тэрийгээ л бид хийгээд эхэллээ л дээ.
-Одоо тэгээд төсвийн хэдэн хувь нь энэ үйлчилгээнд зориулагдаж байна?
-Хуучин арав хүрэхгүй хувь нь явдаг байсан бол одоо 30-40 хувийг зориулж байна. Цаашлаад бид нөгөө “шар цамцтан”-гуудынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, ажлынх нь норм, нормативийг ч өөрчлөх хэрэгтэй байна. Хотын энэ хамгийн гол ажлыг хамгийн сүүлийн ажил болгоод хаячихсан, өөрөөр хэлбэл, хотын тухай ойлголт их муу байж л дээ.
Тэрийг нь бид өнөөдөр тэргүүн эгнээнд аваачиж тавьж байна. Хотын орчин сайжраад эхлэнгүүт хүмүүсийн сэтгэл санаа ч шал өөр болоод эхэлж байна. Миний найз Бээжинд сууж байгаа Элчин сайд Ц.Сүхбаатар хэлж байна лээ, “Хотынхны харьцаа, нүүр царай, зан ааш их өөр болчихжээ” гэж.
Сая жишээ нь наадмаар гэмт хэрэггүй наадлаа шүү дээ. Хот бол хүмүүсийн санаа бодолд шууд нөлөөлдөг ахуй байхгүй юу. Тэр ахуйг нь өөрчлөөд эхлэхээр хүмүүс дагаад өөрчлөгддөг. Хүнээ өөрчилж байж хотыг өөрчилдөг юм биш, хотоо өөрчилж байж хүнээ өөрчилдөг. Энэ бол зарчим.
-Би таныг хотын дарга болохоос чинь өмнө асууж байсан даа. Хотын дарга нар дандаа хөдөөний хүмүүс байх юм. Үүнээс болоод хот хот шиг байж чадахгүй байгаа юм биш үү гэж асуухад та их дүргүйцэж байсан. Одоо харахад үнэн л байгаа биз дээ?
-Сэтгэлийн л асуудал шүү дээ. Юманд сэтгэлээсээ хандах юм бол юуг ч ойлгож, өөрчилж болдог. Өмнөх хүмүүс жаахан хоноцын сэтгэлтэй байжээ л гэж би хэлж байна. Жишээ нь, манай Хот тохижилтийн газрын дарга Энхсайхан “хотын гудамжинд цэцэг тавья” гэхэд нь би “дэндүү их өртөг зардалтай юм биш үү, юмны донжийг хэтрүүлчихээр жаахан авцалдаагүй болчихдог юм шүү” гэж шүүмжилж л байсан.
Д.Энхсайхан маань “Үгүй, энэ их чухал юм” гэж зөрж байгаад тавьсан. Одоо харахад зөв байсан байна лээ. Энэ цэцэг хүмүүсийн настроенд маш хүчтэй нөлөөсөн. Сайхан цэцэг тавиад эхлэхээр хүмүүсийн биеэ авч явах байдал ч эрс өөрчлөгдөөд ирж байна.
Одоо би Энхсайханаас ганц л юм гуйж байгаа, “Чи цэцэг тавьсан шүү, цэцгээ арчлаарай. Тэгэхгүй бол хог болно шүү” гэж. Тэгээд Энхсайхан маань цэцгээ маш сайн арчилж байгаа. Олон хүмүүс хэлээд байхаар санаа дагаад ч юм уу, хүмүүс нүүр царай, нүд нэг л өөр болсон юм шиг санагддаг.
Анх биднийг ажлаа эхэлж байхад хүмүүс “Монголын хууль гурав хоног гэдэг, гурав хоноод л байхгүй болно доо” гэж байсан. Гэтэл үгүй л байгаа биз дээ. Машины дугаарлалтыг яаж эсэргүүцэж байлаа. Хотынхоо гудамжийг угаагаад эхлэхээр бас юу гэж байлаа. Уг нь бол хавар болоод л талбайгаа угаасан юм л даа, олон улсын бага хурал л таарчихсан болохоос биш.
Одоо бол Монголын хууль гурав хоног байхаа больсон гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Цэцэг тавьсан, долоо хоноод үхнэ ээ л гэсэн, одоо сайхан л ургаж байгаа биз дээ. Манай Энхсайханы хэлснээр намар аравдугаар сар хүртэл, -7 хэм хүртэл амьдрах юм гэсэн шүү.
-Дендрологич хүн юм уу?
-Үгүй, ерөөсөө л хотоо гоё болгоё гэсэн сэтгэлтэй хүн. Одоо манай хотын захиргааныхныг хараад байхад хийж байгаа юм нь бүтэмжтэй болоод ирэхээр хүн болгон урам зориг ороод, юмнаас зүрхшээхээ больдог юм байна. Цаана нь гарна аа л гэдэг болсон.
Хот тохижилтын ажил шар цамц өмссөн 300 хүний л нуруун дээр явдаг байсан. Хүн хүчээ нэмсэн үү, цалин хөлс нь өөрчлөгдсөн үү?
-Нэмнэ. Энэ жилийн төсөв бол жаахан хязгаарлагдмал байлаа. Ирэх жилээс хүн хүчээ нэмнэ, цалинг нь өндөр зэрэглэлд аваачна. Хүмүүс хэрвээ анзаарсан бол одоо бид хуучин их үнэлэгддэггүй байсан тэр хүмүүсийнхээ ажлын үнэлэмжийг нэмж байгаа. Бага ангийн багш нарынхаа цалинг нэмлээ.
Хуучин бол багын багш нарын ажил үнэлэгддэггүй л байсан шүү дээ. Одоо бид шар цамцтангуудаа үнэлж эхэлж байна, хот тохижилтын ажилчдынхаа цалинг нь нэмчихлээ. Дүүргүүд жаахан ядмаг байгаа, ирэх жилээс нэмэгдэнэ. Зам арчлалтын ажилтнуудынхаа нормативт үнэлгээг бас нэмчихлээ.
Ажлыг яг гардаж байгаа хүмүүсийнхээ ажлыг үнэлээд эхэлсэн. Миний дуулснаар одоо тэр ажил руу хүмүүс хушуураад эхэлсэн гэсэн. Одоохондоо баримт байхгүй ч гэсэн магадгүй л гэж бодож байна.
-Замын чанарыг яаж сайжруулах вэ. 22-ын товчооноос цааших “Улаан хацартын” нэртэй замыг хотын дарга асан Ц.Батбаярын компани тавьж байгаа гэсэн. Засмал зам гэхэд уулын замаар явж байгаа юм шиг л цогиулаад байх юм билээ шүү дээ?
-Ямар ч байсан манай замын хяналтын инженерүүд хяналтаа сайн тавьж, стандартаа мөрдөж байгаа. Өмнө суурийг нь угаасаа муу тавьчихсан замуудын хувьд чадан ядан л гүйцэтгэж байна. Дээрээс нь манайх замын ганцхан стандарттай. Гэтэл намгархаг газар тавьж байгаа зам, уулархаг газрын хатуу хөрсөн дээр тавьж байгаа замын насжилт өөр өөр байна.
Өөр өөр стандартаар тавих ёстой байхгүй юу. Гэтэл манайх ганцхан стандарттай учраас түүгээрээ л тавиад, тэр нь хөрсөндөө таарахтай таарахгүйтэй байна. Угаасаа нэг стандартай учраас замын компаниуд ялгаж тавьж чадахгүй шүү дээ. Үнэ өртөг нь ч тооцогдоогүй юм чинь аргагүй.
Зөөлөн хөрстэй газар хүйтэн, халуунд агшиж, тэлэх нь амархан, деформацид орох нь хурдан байхгүй юу. Тийм учраас намгархаг газар тавьсан зам ер нь нэг жилээ даах уу, үгүй юу л болдог. Харин манай зарим компани их сайн тавиад, хоёр жилээ даачихаад байгаа. Тэгэхээр замынхаа стандартыг өөрчлөх шаардлагатай байна.
-Арав гаруй жилийн өмнө япончуудын тавьсан Нарны зам, энэ жил ашиглалтад оруулсон Нарны гүүрийг хар л даа. Манайхан өөрсдөө чадахгүй бол гадныхнаар тавиулчихаж болдоггүй юм уу. Манайхны шинээр тавьж байгаа замуудыг харахаар нөгөө ус зайлуулах суваг нь байхгүй л байгаа шүү дээ. Өөрсдөдөө ажлын байр гаргаж байна гээд чанаргүй зам тавиад, хөрөнгө мөнгө үрэх нь зөв үү?
-Нэгдүгээрт, өөрсдөө ажлын байртай байх хэрэгтэй байна, яагаад гэвэл бид ажилгүйдэл ихтэй байна. Хоёрдугаарт, бид өөрсдөө бас хийдэг болмоор байна. Мэдээж алдаж онож байгаа л даа. Гэхдээ л сайжирна шүү дээ. Үнэнийг хэлэхэд 1990 оны эхэнд бид замаа ч тавьж мэдэхгүй л байлаа шүү дээ.
Одоо бол замыг долоо хоногт гялалзуулна шүү. Сайжраад л байна. Дээр нь замын чанар тавьсан замаасаа гадна арчлалтаасаа их шалтгаалдаг. Хэрвээ анзаарсан бол замыг цэвэрлээд л байвал улам өнгө ороод байдаг.
Гэтэл урд нь арчлалтыг нь хаячихсан, хотын төвийн зам шороо нь хийсээд, замынх нь нуух тэр аяараа шороонд дарагдчихсан л байлаа. Одоо зүлгээд байхаар хотын төвийн зам улам л өнгө ороод байгаа биз дээ.
-Өвөлжилтдөө яаж бэлтгэж байна аа. Утаа багасах болов уу?
-Багасна гэж манай Т.Бат-Эрдэнэ дарга хэлж байгаа. Яг энэ асуудлыг хариуцсан хотын орлогч. Ямар ч байсан утаагаа багасгана гэсэн.
-Яаж тэр вэ?
-Энэ жил нэлээд их зуух тараана гэж байгаа. Иргэдийн захиалга ч их байсан.
-Нөгөө шахмал түлшний үйлдвэрээс чинь болоод дахиад нэг хүн шоронд явахдаа тулчихаад байдаг, авлигын хэргээр. Ингэхээр л хүмүүсийн итгэл буураад, утаагаа багасгах биш өөрсдийнхөө хэтэвчийг зузаалах гэж ийм ажил хийдэг юм биш үү гэж хардаад байна...?
-Харин тийм ээ. Асуудал бол зөндөө л байна. Тэгээд ч эхнээс нь цэгцэлж л байна. Гэхдээ утаанаас нэг мөр салах ганц л арга байгаа. Тэр нь гэр хорлооллыг тохилог орон сууцтай болгох. Тэгж байж л бид утаанаасаа сална.
-Нөгөө гэр хорооллыг хувийн орон сууцны хороолол болгох, ус дулааны шугам, дэд бүтцээр хангах ажил маань хэр явж байна?
-Сайн явж байгаа. Гэхдээ гэр хорооллын иргэд өөрсдөө талбайгаа чөлөөлж өгөх, хоорондоо тохиролцож дахин төлөвлөлтөд орох ажлаа сайн хийж өгөхгүй байна. Одоо бол найман хороо дахин төлөвлөлтөд ороод явж байгаа шүү дээ.
Тиймээс бид зарим нэг гэр хороолол руу иргэдийг хүлээлгүйгээр шууд зам, дэд бүтцээ татъя гэж бодож байгаа, “Гудамж” төслийн хүрээнд. Н.Батбаяр сайдын өөрөө БХБЯ-нд байхдаа эхлүүлсэн санаачилга учраас биднийг маш их дэмжиж байгаа. Н.Батбаяр сайдын маань хийх гэж байгаа нэг гол ажил. Хүмүүс ч үүнд дуртай байгаа.
Зам, инженерийн шугам оччихоор газар нь үнэтэй болоод, өөрөөр хэлбэл хөрөнгийнх нь үнэ нэмэгдчихэж байгаа байхгүй юу. Хотын төвөөсөө ч үнэтэй болно. Тийм учраас нэг юм эхлэхийг хүлээхгүйгээр нийтээр нь зэрэг зэрэг л дайраад байхаас өөр аргагүй.
-Тэгвэл мөнгөтэй л байгаа юм байна даа?
-Н.Батбаяр сайд мөнгө өгнө гэсээн. /инээв/