Өнөр хорооллын уулзвар өргөн чөлөөтэй боллоо
Саппорогийн тойрог буюу жолооч нарын хэлж заншсанаар “Эр зоригийн тойрог” өнөөдрөөс түгжрэлгүй, төвөггүй дөрвөн замын уулзвар боллоо. “Гудамж” төслийн хүрээнд ашиглалтад хүлээн авч буй бүтээн байгуулалтын хоёр дахь нь болох уг ажлыг өнгөрсөн сарын 30-нд эхэлж, 20 хоногийн дотор гүйцэтгэж дууссан байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнөр хорооллын уулзвар өргөн чөлөөтэй боллоо. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын хийж буй ажлуудын үр дүнгийн нэг. Бүтээснээ харуулж тайлагнах ийм өдөр цаашид олон тохиох болно” гэж уулзварыг нээх үеэрээ онцолсон юм.
Саппорогийн тойрог дөрвөн замын уулзвар боллоо.
Хамгийн олон хүн ам суурьшсан учир энэ хэрээрээ ихээхэн ачаалал үүрдэг Өнөр хорооллын тойрог нийслэлийн автозамын хамгийн аюултай цэгээр нэрлэгддэг байсан.
Бага зардлаар их үр дүнд хүрэх ухаалаг шийдлээр хот төлөвлөлтөд шинэчлэл хийж буй “Гудамж” төслийн хүрээнд энэ онд хотын төвийн 33 уулзварыг шинэчилж, босоо, хөндлөн тэнхлэгийн хоёр хурдны зам барьж эхэлнэ. Уулзваруудыг шинэчлэх хуваарь болон зам барилгын ажлын явцыг иргэн та www.gudamjtusul.mn хаягаар орж шууд хянах боломжтой.