УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.
2013.07.09

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хамтарч боловсруулах ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэж батлах гурван хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийлсэн байна.

Тус бүлгийн дарга Н.Энхболд "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Ойн тухай хуулийн төслийг зарчмын хувьд бүлэг дэмжинэ.

Харин Хилийн боомтын тухай хуулийн төсөлд хил дээр ажиллах мэргэжлийн олон байгууллагын үйл ажиллагааг уялдуулах Нэгдсэн зөвлөлийн даргаар ЗГХЭГ-ын дарга ажиллана гэж тусгасныг Шадар сайд удирдах ёстой гэж үзэж байна" гэв.

Энэ долоо хоногт Монгол Улсын сонгуулийн тухай нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан болох юм. Уг хуулийн төслийг намууд хамтарч боловсруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж буй.

"Улс төрийн намуудын тухай хууль, Намуудын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах үеэр намын бүлгүүд "Хамтарч ярилцаж байгаад төслөө цаасан дээр буулгана.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Ойн тухай хуулийн төслийг зарчмын хувьд бүлэг дэмжинэ.

Аль нэг талаас гаргаж ирсэн хуулийн төсөл дээр ярихгүй" гэж тохиролцсон. Энэ байр сууриа ажлын хэсэг хадгалж байгаа байх. Нэг нам боловсруулсан хуулийн төслөө тулгавал бид хүлээж авахгүй.

Эдгээр хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс намын бүлгүүдээс ажлын хэсэгт ажиллаж байгаа гишүүд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр төслөө хамтдаа боловсруулах ёстой" гэж Н.Энхболд хэлж байв.

Дээрх ажлын хэсэгт МАН-ын бүлгээс Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, С.Бямбацогт нар ажиллаж байгаа юм. Мөн УИХ-д сонгогдсоноосоо хойш сонгуулийн хуулиуд дээр ажиллаж байсан туршлагатай Су.Батболд гишүүнийг дээрх ажлын хэсэгт нэмж оруулах саналаа МАН-ын бүлгээс УИХ-ын даргад тавих юм байна.