Ийгл телевизийн "Яг одоо" нэвтрүүлэг
2013.06.27

Зэсийн үнэ 4,5 хувиар буурсан

Ийгл телевизийн “Яг одоо” нэвтрүүлгээр зэсийн үнэ ханшны өнгөрсөн болоод одоогийн байдлыг тоон судалгаан дээр үндэслэн хүргэлээ.

Өнгөрсөн оны эхний улирлын нэг тонн зэсийн дундаж үнэ 8305 ам доллар байсан бол энэ оны эхний улиралд 7927 ам доллар болсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,5 хувиар буурсан дүн юм.

Өнгөрсөн онд татварын орлогод уул уурхайн салбараас 834,5 тэрбум төгрөг төвлөрснөөс 45 хувь буюу 379 тэрбум төгрөг нь зэсийн баяжмалаас төвлөрүүлсэн орлого байсан юм.

Зэсийн баяжмалаас улсын төсвийн татварын орлогод төвлөрүүлсэн орлого 2009-2010 онуудад 59 хувь байсан бол 2011 онд буурч татварын орлогын 49 хувийг бүрдүүлсэн.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:

Ашигт малтмалын үнэ ханш буугаад ирэхээр тухайн уул уурхайн салбараас орох орлогын хэмжээ багасч байгаа. Тэр хэмжээгээрээ улсын төсөв тасарч байна гэсэн үг. Тэгэхээр энэ эрсдэлийг тооцож жил болгоны улсын төсөвт өнөөдрийн худалдаж байгаа үнээр биш олон жилийн дунджийг ашиглан бодож тавьж байх ёстой гэж бодож байна.

Өнгөрсөн онд татварын орлогод уул уурхайн салбараас 834,5 тэрбум төгрөг төвлөрснөөс 45 хувь буюу 379 тэрбум төгрөг нь зэсийн баяжмалаас төвлөрүүлсэн орлого байсан.

Үүнийг нөхөх арга бол Оюутолгойн зэсийн борлуулалтыг хурдан хийх ёстой. Мөн Оюутолгойгоос төлөвлөж байснаас нь илүү хэмжээгээр гаргах бололцоо боломж байгаа эсэх зэрэг аргыг судлахаас биш дэлхийн зах зээлийн зэсийн үнэ ханшийг монголд тогтоох боломжгүй гэв.

Энэ онд тогтворжуулалтын санд зэсийн баяжмалаас 104 тэрбум төгрөг орж ирнэ гэж төсөвлөсөн боловч зэсийн үнийн уналтаас шалтгаалаад энэ хэмжээний орлого төвлөрөх боломж бүрхэг байна. Тогтворжуулалтын сан нь улсын төсвийн алдагдлыг нөхөж, эдийн засгийг тогтвортой байлгах чиглэлтэй.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба: Өнөөдөр ийм сантай улс орнууд бас байна. Тухайлбал Арабын Эмират нефть бүтээгдэхүүнээсээ олсон орлогын тодорхой хувийг ийм санд хийдэг.

Энэ сан нь ирээдүйд Эмиратад нефть бүтээгдэхүүний нөөц дуусахад энэ улс орон яаж амьдрах вэ гэдгийг урьдчилж хараад тэнд асар их хөрөнгө бүрдүүлээд, тэр хөрөнгөөрөө үл хөдлөх үндсэн хөрөнгөнүүд худалдан авч бий болгох жишээтэй гэлээ.

Эрдэнэтийн нэг тонн зэсийн баяжмалын 35 хувь нь цэвэр зэс болдог. Баяжмалыг цэвэр зэсэнд шилжүүлэн тооцвол энэ жил Эрдэнэт үйлдвэр 122 мянга, Оюутолгой 111 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ гэж ашигт малтмалын газар тооцоолж байгаа. Энэ жилийн төсөвт суулгасан зэсийн баяжмалын 50 хувь буюу 450 сая тонн зэсийн баяжмалыг Оюутолгойн орд гаргах тооцоо бий.