500 манлайлагч хүүхэд чуулж байна
“Бид оролцъё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэллээ.
2013.06.10

500 манлайлагч хүүхэд чуулж байна

Шинэчлэлийн Засгийн газар “Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”-ыг шинэчлэхээр зорьж, энэ ажлынхаа хүрээнд хүн амын бүлэг бүрээр үндэсний чуулган, зөвлөгөөн зохион байгуулж байгаа.

Энэ өдрүүдэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид хүүхдийн эрхийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Ирээдүйн залгамж халаа балчир үрсээ хөгжүүлж, хамгаалж, эрх үүргээ ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд нийгмийн шат шатныхны оролцоо зүтгэл хэрэгтэй.

Аймаг сум, дүүрэг хороо бүрээс ирсэн 500 шахам манлайлагч хүүхэд чуулганд оролцож байна.

Харин тэрхүү хөдөлмөр зүтгэлийг төрийн бодлогоор дэмждэг зөв тогтолцоо бий болгохоор зорьж байгааг Монголын хүүхдийн ордноо өнөөдөр болсон “Бид оролцъё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулган дээр салбарынхан хэлж байв.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Хүүхэд бүр авъяасын уурхай учраас “Авъяас” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хичээлээс гадуурх дугуйлан секцүүдэд энэ жил 300 гаруй мянган хүүхэд хамрагдсан нь өмнөх жилүүдийнхээс 170 мянгаар илүү байлаа.

Төрийн бодлого, дэмжлэгээр ийм олон хүүхэд авъяасаа нээж, эх орныхоо бүтээлч иргэн болон төлөвших гараагаа тавьсанд баяртай байна” хэмээн онцолсон юм.

Хичээлээс гадуурх дугуйлан секцүүдэд энэ жил 300 гаруй мянган хүүхэд хамрагдсан нь өмнөх жилүүдийнхээс 170 мянгаар илүү байлаа.

Аймаг сум, дүүрэг хороо бүрээс ирсэн 500 шахам манлайлагч хүүхэд энэ чуулганд оролцож байна. Тэд миний хөгжлийн орчин, миний мөрөөдлийн хөтөлбөр, миний хөгжлийг дэмжигч, миний  аюулгүй  орчин сэдвүүдээр дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэж байна.

Хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлого тодорхойлох энэ ажил маргааш “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн улсын зөвлөгөөн”-өөр үргэлжилнэ.

Чуулган, зөвлөгөөний шийдвэрийг Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн тухай хууль болон Хүн амын хөгжлийн талаар баримтлах төрийн бодлогын баримт бичигт тусгахаар Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран ажиллаж байна