Цахилгаан станцын эхний ээлжийг энэ онд ашиглалтад оруулна
Эрчим хүчний сайд М.Сономпил Ховд аймагт ажиллаж, шинээр барьж буй дулааны эх үүсвэрийн барилга угсралтын ажилтай танилцжээ. Дулааны эх үүсвэрийн барилгын гүйцэтгэгчээр “МЭЗ” компани ажиллаж байгаа бөгөөд барилга угсралтын ажлын явц 46 хувьтай байгаа гэнэ. Үлдсэн ажлын санхүүжилтийг шийдэж өгөхийг орон нутгийнхан салбарын сайдаасаа хүсчээ.
Харин дулаан дамжуулах төвүүдийн бүх тоноглолыг угсарч бэлдсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байгаа гэнэ.
Эрчим хүчний сайд, энэ ондоо багтаан Дулааны цахилгаан станцын эхний ээлжийг буюу нэгдүгээр зуухыг ашиглалтад оруулах чиглэлийг өгчээ. Энэ онд станцын үндсэн барилгын болон гурван зуухны суурь, оффисын барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Энэхүү ажлыг гүйцэтгэгч “Энерго тех” компанитай хамтран нарийвчилсан график гаргаж үр дүнг танилцуулж ажиллахыг Эрчим хүчнии хөгжлийн төвд үүрэг болгожээ. Түүнчлэн, Эрчим хүчний сайд Дөргөний усан цахилгаан станц, Увс аймагт барьж буй дулааны шинэ эх үүсвэрийн барилга угсралтын ажилтай танилцах юм байна.