Г.Батхүү: Есөөс дээш насны хүүхдээр хурдан морь унуулдаг болно
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Р.Гончигдорж гишүүний өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх байсан боловч хойшлууллаа.
Хоёр шалтгаанаар хойшлуулсан юм. Нэгдүгээрт, төсөл санаачлагч Р.Гончигдорж гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаар хөдөө орон нутагт ажиллаж байгаа ажээ.
Тиймээс хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад хариулт өгөх хүн байсангүй. Хоёрдугаарт, нэр бүхий гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах өөр нэг төсөл боловсруулсан учраас түүнтэй хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн өргөн барьсан төслөөс гадна Г.Батхүү, Б.Болор нарын гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төсөл боловсруулж санал авахаар Засгийн газарт илгээсэн юм байна. Энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.
-Та нэр бүхий гишүүдийн хамт Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулсан юм байна. Энэ төслөөр ямар өөрчлөлтүүд оржтбайгаа юм бэ?
-Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэлгүй нэлээд удаж байгаа. Тиймээс Үндэсний их баяр наадмаа тодорхой хуулийн зохицуулалтайгаар шинэлэг хэлбэрээр зохион байгуулах агуулгатай төслийг нэр бүхий гишүүд боловсруулсан.
Том, жижиг гэлтгүй бүх уралдааны үеэр хүний болон малын эмч, хэв журам сахиулах хууль хүчний байгууллага ажиллах ёстой гэж үзсэн.
Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцээд саналаа ирүүлнэ гэсэн. Түүнийх нь дараа УИХ-д өргөн барина. Уг нь нэлээд эрт УИХ-д өргөн бариад энэ жилийн баяр наадмаас өмнө батлуулчих бодолтой байв. Гэхдээ хэлэлцүүлэг хийхэд хугацаа их шаардвал дараа жилийн баяр наадмаас эхэлж мөрдөхөөр батлах байх. Бидний энэ хуулийн төсөл хэд хэдэн онцлогтой.
Нэгдүгээрт, есөөс дээш настай хүүхэд хурдан морь унадаг байх нь зүйтэй гэсэн заалт оруулсан. Мөн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл морь уралдуулдаггүй болгох тухай заалт оруулсан.
-Цагаан сараар зохион байгуулдаг Дүнжингарав уралдаан ч болохгүй гэсэн үг үү?
-Болохгүй. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1- ний хооронд л морь уралдуулдаг болно гэсэн үг. Энэ хугацаанд уралдаан зохион байгуулахдаа тухайн орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл авдаг болно.
Хэн дуртай нь уралдаан зохион байгуулахаа болино. Яагаад ингэж хязгаарлах болов гэхээр сүүлийн үед гарч байгаа хүүхдүүд мориноос унаж бэртэх осол нь уяачид өөрсдийнхөө саналаар зохион байгуулсан жижиг уралдаануудын үеэр гарч байгаа. Тиймээс ийм хязгайрлалт хийх нь зөв гэж үзсэн.
Түүнчлэн том, жижиг гэлтгүй бүх уралдааныг зохион байгуулж байгаа газарт заавал хүний болон малын эмч, хэв журам сахиулах хууль хүчний байгууллага ажиллах ёстой гэж үзсэн. Үүнээс гадна наадмын бай шагналын төсвийг улсын төсөвт суулгадаг болно гэж тусгасан. Ингэхгүй бол аймаг бүрийн бай шагнал өөр байдаг.
Мөн зохион байгуулагчид нь наадмаа хийх гэж хандив гуйдаг байдлыг өөрчлөх үүднээс ийм заалт оруулсан юм. Үүнээс гадна Улсын баяр наадмаа гурван жил тутамд нэг удаа Монгол туургатны их наадам нэртэйгээр зохион байгуулна гэсэн заалт оруулсан. Дэлхийн бүх улсад оршин суугаа монгол үндэстнүүд гурван жилдээ нэг удаа манай улсад ирж Монгол туургатны их наадамд оролцох боломжийг нээж өгөх юм.
Энэ нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, монгол үндэстнүүд хоорондоо өв соёлоо солилцох, мартагдсан өв соёлоо сэргээх зэрэг олон давуу талтай.
-Эрлийз морьдын уралдааныг зохицуулсан заалт бий юү?
-Байгаа. Улсын чанартай баяр наадмуудад эрлийз морь уралдуулахгүй. Эрлийз морины уралдааныг тусад нь зохион байгуулж уяачдад нь бусад спортын төрлүүдэд цол зэрэг олгодог журмаар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
Тухайлбал, эрлийз морь уяж хурдлуулсан уяачдад I, II зэрэг болон спортын мастер цол олгох гэх мэтээр амжилтыг нь үнэлэх юм. Эрлийз морь уяж амжилттай уралдуулсан хүнд Монгол Улсын алдарт уяач цол олгох нь утгагүй. Ингэж ялгахгүй бол хуулийн зохицуулалтгүй учраас одоо эрлийз морьдыг монгол морьтой уралдуулна гэх мэтээр маргаан үүсдэг.
Мөн одоогийн мөрдөж байгаа хуулиар өвлийн улиралд бүсийн уралдаан дөрөв, зун мөн дөрвөн уралдаан болж байгаа. Бүсийн уралдаанд морио айрагдуулсан уяачид цолоо ахиулах боломжтой болдог. Ингэхээр нэг жилдээ хэтэрхий олон уяач шинээр цол авах, цолоо ахиулах болдог юм. Үүнийг дагаад уяачдын цолны үнэлэмж буурч байна.
Тиймээс зөвхөн улсын баяр наадам, шилмэл морьд уралддаг “Их хурд” уралдаанд морио айрагдуулсан уяачид л улсын цол авдаг, цолоо ахиулдаг байх нь зөв гэж үзсэн. Улсын наадамд морио түрүүлүүлж үзээгүй хүн тод манлай уяач болж байна. Цагаан сарын барилдаан бол том барилдаан. Энэ барилдаанд түрүүлсэн бөх цолоо ахиулдаггүйтэй л адилхан болох юм.
-Ингэхээр уяачид таныг “Өөрөө цолоо авчихаад бусад уяачид улсын цол авах, цолоо ахиулах боломжийг хааж байна” гээд шүүмжлэх юм биш үү?
Би 1996 оноос хойш бараг 20 жил морь уяж байж тод манлай уяач цол авсан. Гэтэл хоёрхон жил морь уяад тод манлай уяач болсон хүн байна шүү дээ. Гэхдээ би үүнд атаархсандаа хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш.
Ингэхгүй бол цаашдаа их утгагүй болох нь. Уяачид тун удахгүй бүгд хамгийн дээд цолыг авах нь л дээ. Хамгийн дээд цолыг хялбархан авчихдаг байж болохгүй биз дээ.
Хурдан морины уралдаан
Өвөл зохион байгуулдаг дөрвөн бүсийн уралдааныг хасна гэсэн заалт орсон. Энэ заалт дэмжигдээд батлагдсан тохиолдолд жилдээ бүсийн чанартай уралдаан дөрөв л болно гэсэн үг. Бүсийн уралдаанд морио айрагдуулсан уяачид улсын цол авах, цолоо ахиулах боломжгүй болсноор хөдөлмөр нь ямар ч үнэлэмжгүй боллоо гэж ойлгож болохгүй.
Бүсийн наадамд морио айрагдуулсан уяачдад аймгийн цол олгох, цолыг нь ахиулах юм. Аймгийн алдарт уяач гэдэг цол байсан бол үүн дээр нэмээд аймгийн манлай уяач гэдэг цол бий болгоно.
-Үндэсний бөхийн барилдаантай холбоотой өөрчлөлт байгаа юу. Эсвэл Р.Гончигдорж гишүүн тусад нь хуулийн төсөл өргөн барьсан учраас оруулах шаардлагагүй гэж үзсэн үү?
Бөхийн цолтой холбоотой өөрчлөлт оруулахаар тусгасан. 512 бөхийн барилдаанд түрүүлэх юм бол шууд аварга болно. Хоёр дахь удаагаа түрүүлэх юм бол дархан аварга болно.
1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал улсын аварга, арав даван түрүүлбэл даян аварга цол олгох юм. Ерөнхийдөө Р.Гончигдорж гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэй ойролцоо гэсэн үг. Энэ хоёр хуулийн төслийг нэгтгээд аль сайн хувилбарыг нь сонгоод хэлэлцэх байх.
Ний нуугүй хэлэхэд Б.Болор гишүүн үндэсний бөхийн барилдаантай холбоотой зохицуулалт, би хурдан морины уралдаантай холбоотой зохицуулалтаа хариуцсан юм.
-АН-ын гишүүд намдаа элссэн бөхчүүд болон бөхчүүдийн саналыг нэр дэвшигчиддээ татахын тулд ийм хуулийн төсөл санаачиллаа гэсэн шүүмжлэл гарч байгаа. Ер нь ямар шалтгаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийг өөрчлөх болсон юм бэ?
-Р.Гончигдорж гишүүн ямар шалтгааны үүднээс хуулийн төсөл санаачилсныг мэдэхгүй. Би өөрийнхөө санаачилсан хуулийн төслийн хүрээнд л байр сууриа илэрхийлнэ. Энэ хуулийг өмнөх УИХ-ын үед Я.Батсуурь, Ц.Цэнгэл зэрэг нэлээд олон гишүүний хамт боловсруулаад өргөн барьж байсан юм.
Харамсалтай нь хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн олонхи нь энэ удаагийн парламентад сонгогдоогүй учраас тэр үед өргөн барьсан хуулийн төслөө сайжруулан боловсруулж дахин өргөн барьж байгаа юм. Түүнээс биш ямар нэгэн сонгууль, улс төртэй холбоогүй.