Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн давшгүй давааны учир олдов
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.01.15

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн давшгүй давааны учир олдов

Хөдөлмөрийн сайд Я.Санж­мятав, УИХ-ын ги­шүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох 300 гаруй иргэнтэй уулзалт хийлээ. Уулзалтаар жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт, мэргэжлийн боловсролын хэрэгцээ, шаардлага, ажилгүйдэл, ядуу­­рал зэрэг асуудлыг хөндсөн юм.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тө­рийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд, санхүүжилт ба­гагүй олгосон. Гэтэл тө­рөөс олгож буй санхүүжилт банкаар дамждаг учраас ихэнх хэрэг­жих боломжтой төслүүд банкны шалгуур давалгүй унадаг аж. Энэхүү асуудлыг шийд­вэрлэхийн тулд УИХ-аас Зээлийн батлан даалтын ту­хай хуулийг баталсан.

Хуулиар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн батлан даалтын 60 хүртэлх хувийг төрөөс даахаар бол­жээ. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн давшгүй даваа намсана гэсэн үг аж.

Зээлийн батлан даалтын журмыг цагаан сараас өмнө батална

Ингээд Зээлийн батлан даалтын тухай хууль хэрхэн хэрэгжих болон жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт ямар байдлаар хуваарилагдаж байгаа талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас дараах тодруулгыг авлаа.

-Энэ онд жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүү­жил­тийг хэдэн төгрөгөөр баталсан бэ?

-Энэ онд Сум хөгжүүлэх санд 48 тэрбум төгрөг ол­гохоор болсон. Ингэснээр хүн ам цөөтэй сумын Сум хөгжүүлэх сан 150 сая төг­рөгтэй болно. Харин хүн ам ихтэй суманд үүнээс их санхүүжилт орж байгаа. Сум хөгжүүлэх  сангийн хөрөнгөөр ямар үйлдвэрлэл эрхлэх нь орон нутгийн эрхийн асуу­дал. Харин аймгуудад дунджаар тус бүр нэг тэрбум төгрөгийн сан­хүүжилт хий­хээр төсөв­лөсөн.

Тэгвэл  томоохон   төс­лүүдэд  жижиг, дунд үйлдвэр­лэлийн  сангаараа дамжуулан хоёр тэрбум хүртэлх төг­рөгийн санхүүжилт олгоно. Энэ төслүүдэд мэдээж тогт­вортой байдал, ажлын байр шинээр нэмэгдүүлж байгаа эсэхийг гол шалгуураа бол­гоно. Ерөнхийдөө энэ онд нийт 150 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөв­лөсөн.
Үүнээс гадна Чингис бондын хөрөнгийн гуравны нэгийг жижиг, дунд үйлдвэр­лэлд зарцуулах ёстой гэж үзэж буй хэсэг гишүүн бий. Хэрвээ  тэдний энэ са­­наачилга жижиг дунд үйлд­вэрлэлд нэмэлт санхүү­жилт орох нь ээ гэж ойлгож болно.

-Зээлийн  батлан даал­тын тухай хуулийг хэрэг­жүүлэх журам хэзээ бэлэн болох вэ?

-Хуулийн дагаж мөрдөх журмыг боловсруулахаар Хө­дөлмөрийн  яам, Сангийн яам, Ажил олгогч эздийн холбоо, Санхүүгийн зохи­цуулах хороо зэрэг байгуул­лагуудаас ажлын хэсэг гаран ажиллаж байна. Цагаан сараас өмнө бэлэн болчих байх.

Энэ жил Зээлийн батлан даалтын санд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг 20 дахин нэмэгдүүлэх боломжтой. 

Тэгэхээр үнд­сэн­дээ  төрөөс 100  тэрбумын бат­лан даалт үзүүлэх болно.

-Яамны зүгээс журамд ямар бодлого барьж байгаа вэ?

-Бизнес эрхлэх гэхээр хашаа байшин, гэр, оёдлын машинаас өөр эд хогшилгүй аж ахуйн нэгжийг энэ бат­лан даалтад хамруулъя гэсэн бодлого баримталж байгаа.

Хяналтаа улам сайжруулна

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг Чингис бондоос нэмэгдүүлэх боломж бий эсэхээр тодрууллаа.

-Хөдөлмөрийн яам жи­жиг, дунд бизнес эрх­лэгчид­тэй уулзалт хийх нь ямар ач холбогдолтой вэ?

-МҮХАҮТ-аас жи­жиг дунд бизнес эрхлэг­чид, төрийн байгуул­лагын удирдлага, мэргэ­жилт­нүүдийн хоо­ронд цуврал уулзалт зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр /өчигдөр/ болж байна. Өмнө нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр нартай уул­залт зохион байгуулж байсан.

Уулзалт  хийснээр жи­жиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг ил тод байдлаар хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, танил талаа хардаг, зарим томоохон аж ахуйн нэгжид хэд, хэдэн тэрбумаар нь өгдөг асуудал байхгүй болно гэсэн үг.

-Танил талаа хардаг, томоохон аж ахуйн нэгжид зээл олгодог байдал үгүй болно гэсэн баталгаа байна уу?

-Жижиг, дунд бизнес эрх­лэгчдийн төлөөллүүд өөр­­сөдтэйгөө холбоотой асууд­­луудыг хаанаас эхлээд ямар байдлаар шийдэгдэж байгааг харж байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл манай танхим, Хөдөлмөрийн яамтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Ингэснээрээ МҮХАҮТ-ын зүгээс давхар хяналт шалгалтыг бий бол­гох тогтолцоог бүрдүүлэх боломжтой.

-Чингис бондын хө­рөн­гөөс жижиг, дунд үйлд­вэр­лэлд зарцуулах талаар УИХ-аар хэлэлцэж байгаа гэсэн?

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороог байгуулсан. Хо­­рооны  анхны хурлаар Чингис бондын хөрөнгийн 1/3-ийг жижиг, дунд үйлд­вэрлэлд зарцуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Бидний энэ саналыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор оруулаад Засгийн газарт хүргэх юм.

“Хулхидчихгүй” бол зээл маань найдвартай бүтэх байх

Бизнес эрхлэгчид жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ямар бодолтой явдаг талаар хувиараа бизнес эрхэлдэг У.Батболдтой уулзаж ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг төрөөс дэмжин, хөнгөлөлттэй зээл олгоод гурван жилийн нүүр үзлээ. Та энэ сангаас зээл авч байв уу?

-Үгүй ээ. Би өнгөрсөн жил нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн сургалтад суусан. Ингээд нэг сертификат аваад нийтийн хоолны чиглэлээр төсөл бичээд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд өгсөн. ЖДҮ-ийн газрын шаардлагыг биелүүлсэн ч банкинд очоод уначихсан.

-Ямар шалтгаанаар банкны шалгуурт тэнцээгүй юм?

-Барьцаа хөрөнгө хүрээ­гүй. Бидэн шиг тамир муутай хүмүүст банкны барьцаа хөрөнгө гэдэг давшгүй даваа болчихоод байна шүү дээ.

-Энэ жилээс Зээлийн бат­лан даалтын тухай хууль хэрэгжиж эхлэх нь. Энэ та­лаар хэр мэдээлэлтэй байна вэ?

-Манай гэр бүлийнхэн нийтийн хоолны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Тий­мээс энэ салбарт үйл ажил­лагаа явуулах санаатай өөрийн хөрөнгөөр тодорхой зүйлүүдийг бэлдчихсэн бай­гаа. Энэ  жилийн    хувьд  төрөөс зээлийн барьцаа хөрөнгө дээр 60 хүртэлх ху­вийн хөнгөлөлт үзүү­лэхээр болсон. Хулхидчихгүй бол зээл маань найдвартай бүтэх байх гэж бодож байна.

-Нийтийн хоолны га­зартай болоход хамгийн хүндрэлтэй асуудал нь юу байна?

-Үйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн байргүй учраас түрээсийн байр хөлслөх шаард­лагатай болдог. Жи­жиг хоолны газ­рын байр түрээслэхэд сард 1-1.5 сая төгрөг, цаашлаад гурван саяас буухгүй байна.