Э.Бямбажав: Жижиг, дунд үйлдвэрлэлийн тайланг зохистой болгох хэрэгтэй
Монгол улсын гавьяат эдийн засагч Э.Бямбажав
2013.05.09

Э.Бямбажав: Жижиг, дунд үйлдвэрлэлийн тайланг зохистой болгох хэрэгтэй

Сангийн сайд асан (1978-1984 он, 1995-1996 он), Монгол улсын гавьяат эдийн засагч Э.Бямбажавтай татварын орчныг хэрхэн сайжруулах ёстой талаар ярилцлаа.

-Санхүүгийн бүртгэл жижиг бизнесмений хувьд төвөгтэй. Эхнээсээ бүртгэлд хамруулаагүй бол сүүлд нь засахад хэцүү. Үүнийг бодолцоод төрөөс 2008 онд өршөөлийн хуулийг хэрэгжүүлж байсан?

Би хувьдаа хууль бус үйлдлийг зүй бус гэж үздэг. Өршөөлийн хуулийг аргагүй зүйл дээр л ашиглана. Харин нуугдмал үйлдвэрлэл явуулсан хүнийг өршөөх нь утгагүй.  Нэг талаас татварын бодлогын асуудлыг хөндөхөд дарамт байгаа нь татварын байцаагч, мэргэжлийн хяналтын газрын хандлагатай холбоотой.

Тодорхой дарамт байгаа учраас нуугдмал үйлдвэрлэл багасахгүй байна шүү дээ.

ДНБ-ий 15 хувьтай тэнцэх хэмжээний далд эдийн засаг байгаа нь монголд ямар нэгэн зүйл болохгүй байгаагийн дохио.

Жижиг аж ахуй нэгжийн хувьд 10 сая төгрөгний тайлан гаргахын тулд 20,30 маягт бөглөөд сар болгон дуудагдаад байх нь хэцүү. Энэ ч үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийн тайланг зохистой болгох, зохих хэмжээгээр багасгах, тодорхойлох боломжгүй үйлдвэрлэлийн татварыг багасгах байдлаар зохицуулах хэрэгтэй.  

-Манай улс татварын бага орчинтой хэрнээ яагаад орлогоо нуух явдал буурахгүй байгаа нь ямар учиртай вэ?

Орлогын албан татварын хувь хэмжээ нь арав байгаа нь бага юм. Гэхдээ үүн дээр нэмэгдээд НӨАТ, гаалийн татвар гээд тооцвол нийт 25 хувийн татварыг аж ахуй нэгжүүд төлж байна.  Мөн үйлдвэрлэлийн төрлөөс хамаарсан татварууд нэмэгдэнэ. Ийм татварын тогтолцоо нь  томоохон аж ахуй нэгжүүдэд төвөг багатай хэрнээ дөнгөж хөл дээрээ босч яваа жижиг үйлдвэрлэлд хүнд тусах аюултай. Тиймээс зөв тооцож, тодорхойлох нь чухал.

-НӨАТ-ын босгыг нэмэх нь зөв үү?

Зөв. 10 сая төгрөгний үйлдвэрлэл явуулаад 10 хувиа төлөхөд татвар төлөгчид бараг юм үлдэхгүй. 100 саятай хүнд 10 хувь бага тусна. Тэгэхээр босгыг 200 сая болгох нь зөв.

-Татвар төлөхгүй байх сэтгэлгээ нь бэлэнчлэх сэтгэлгээг хөхүүлэн дэмжиж байгаа Засгийн газрын бодлоготой холбоотой юу?

Манайхан угаасаа эдийн засгийн суурь бааз муутай орон. Үйлдвэрлэл эрхэлж үзээгүй хүмүүс шууд зах зээлд ороод нэлээдгүй барьц алдсан. Татвар төлвөл, надад эргэж юу ирэх вэ гэдгийг сайн ойлгодоггүй.

Бид зах зээлд шилжихэд бэлэн биш байсан.