Эзэнгүй орхигдсон талбайг татвар төлөгчдийн мөнгөөр сэргээнэ
Монгол улсын хэмжээнд хорин аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 4320.5 га талбай эвдэрч эзэнгүй орхигдсон
2013.05.30

Эзэнгүй орхигдсон талбайг татвар төлөгчдийн мөнгөөр сэргээнэ

1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292.6 га газрыг эвдрэлд оруулсан байна. Үүнээс техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 9541.5 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476.2 га байна.

Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайн 50 хувьд нь нөхөн сэргээлт хийгдсэн байна. Мөн нөхөн сэргээлт хийгдээгүй 9751 га талбай байна. Монгол улсын хэмжээнд хорин аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 4320.5 га талбай эвдэрч эзэнгүй орхигдсон байна.

Тийм учраас энэ оны улсын төсөвт Уул уурхайн олборлолтоос эвдрэлд орж эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийхээр нэг тэрбум төгрөгийг Уул уурхайн сайдын багцад тусгасан. Үүний дагуу эзэнгүй орхигдсон нийт 150 га талбайд нөхөн сэргээлт хийхээр болжээ.

Гэхдээ уул уурхайн олборлолтоос болж сүйдсэн талбайг татвар төлөгчдийн мөнгөөр эргээд сэргээж байгаа нь харамсмаар. Байгалийг эвдсэн уул уурхайн компаниудтай тухайн үед яагаад хариуцлага тооцож, чадаагүй вэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны яам юу хийж байсан болоод 150 га газар нөхөн сэргээлт хийгдээгүй гэдгийг эргэж шалгах хэрэгтэй болов уу.