Л.Энх-Амгалан: Иргэдийн 1072 ширхэг хувьцаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас байх ёстой
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.05.28

Л.Энх-Амгалан: Иргэдийн 1072 ширхэг хувьцаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас байх ёстой

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэж баталлаа. Уг хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсэгт ажилласан хүний хувьд хуулийн агуулга, шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улсын хувьд 1996 онд анхны Үнэт цаасны тухай хуулиа баталж байсан бол энэ удаа гурав дахь удаагийн шинэчлэлийг хийж байгаа юм. Энэ хуулийн үндсэн зорилго нь Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөнөөс хойших 20 орчим жилийн хугацаанд гарсан алдаа, дутагдал, ойлголтын зөрүүг цэгцэлж байна.

Мөн үнэт цаасны захын дэд бүтцийг дэлхий нийтийн жишгийн дагуу цогцоор нь бүрдүүлж, бодит эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд оршиж байгаа юм.

-Өмнөх алдаа, дутагдал гэдэг нь юу билээ?

-Хувьчлалын бодлого зөв байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Учир нь хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд энэ бодлого шийдвэрлэх ач холбогдолтой байсан. Товчоор хэлбэл иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгийн эх үүсвэрээ хөрөнгө оруулалтад чиглүүлэх, улмаар инфляци тогтворжиж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэж тооцсон.

Гэвч нийгэм, эдийн засгийн өнгөрсөн 20 жилийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтад шаардлагатай хуримтлал төрд ч, хувьд ч хомс байсан нь энэ бодлогын хэрэгжилтэд гарч байсан үндсэн бэрхшээл болов уу гэж боддог. Мэдээж үнэгүй хувьцаа авсан иргэд өмнө нь ямар ч аж ахуй эрхэлж үзээгүй байсан.

Компанийн зохистой удирдлагын талаар мэдлэг туршлага бага байлаа. Банкны зээлийн дарамт их, бүтээгдэхүүний борлуулалт сул, тогтворгүй байсан нь ойлгомжтой. Энэ бүхнийг нийтээрээ сурах мэдэх явцад зах зээлийн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрсдлүүд гарч байсан юм билээ.

Тэдгээрийг цэгцэлж, хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрхийн баталгааг хангах, өмнө гарч байсан хувьцааг зөвшөөрөлгүй зардаг, үрдэг явдлыг хаах, хариуцлагыг чангаруулах, энэ зах зээл дотроо бие биеэ хянадаг болгож байгаа юм.

-Ер нь хөрөнгө оруулагчдын итгэлийг баталгаажуулахын тулд яах ёстой юм бэ?

-Хөрөнгө оруулагчийн өмчлөх эрхийн баталгааг хангаж, үйлчилгээний найдвартай байдлыг хангаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх эрх зүйн баталгааг бий болгохыг зорьж байгаа.

Нөгөө талаар төрөөс иргэн бүрт олгосон 1072 ширхэг давуу эрхийн хувьцаа гэх нэрлэсэн үнэ нь тодорхойгүй, арилжиж болдоггүй бүртгэлийн түвшинд байгаа асуудлыг бодит хөрөнгөөр гэрчлэгдсэн үнэт цаас болгох, иргэдийг хөрөнгөжүүлэх, хөрөнгөө захиран зарцуулах боломжтой үнэт цаас болгох ажлыг шуурхай зохион байгуулах учиртай гэж үзэж байгаа.

-Манай улсын хөрөнгийн зах хөгжил муутай гэдэг. Энэ зах манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөлд ямар ач холбогдол үзүүлдэг юм бол?

-Энэ салбарын үндсэн ач холбогдол бол эдийн засаг дахь бэлэн мөнгөний зарлага болох үр ашиггүй зарцуулалтыг урт хугацааны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад чиглүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн халуурал, хөөсрөлтөөс сэргийлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэл, хүнд үйлдвэр, дэд бүтэц гээд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, дан ганц төрийн санхүүжилтээр гүйцэтгэх боломжгүй зүйлсийг цаг хожин зах зээлийн зарчмаар шуурхай бүтээн байгуулах, улмаар өгөөжийг нь нийт иргэдэд хувьцааны ногдол ашгаар дамжуулан түгээх хамгийн шударга тогтолцоо юм.

-Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишгийн дагуу тодорхойлж байгаа гэсэн үү?

-Аливаа улсын хөрөнгийн зах зээлийн үндсэн оролцогч нь мэргэжлийн хөрөнгө оруулалтад байдаг. Тэдгээр нь хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, даатгалын компани, хөрөнгө оруулалтын банкууд юм.

Эдгээр нь нийтээс болон хязгаарлагдмал хүрээнд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлээд уг хөрөнгөөр маш нарийн шинжилгээ, судалгаа хийсний үр дүнд эрсдлийг тооцоод хөрөнгө оруулалт хийдэг.

Энэ бүтэц манайд өнөөг хүртэл дорвитой хөгжсөнгүй, гаднын хувийн хөрөнгө оруулалтын сангууд аль хэдийнээ ороод ирчихсэн, тэдгээрийн зохицуулалт нь тодорхойгүй байх жишээтэй. Тэгвэл уг хуулиар энэ бүтцийн нийтлэг зохицуулалтыг тусгаж өгөх, улмаар Хөрөнгө оруулалтын сангийн тусгай хууль батлах ажлыг хийж байна.

Санхүүгийн салбарынхан маань ч энэ асуудлыг тавиад байгаа. Хуулийн төсөл нь ч бэлэн болж гараад байгаа юм билээ, ойрын үед өргөн мэдүүлж хэлэлцэх болов уу.

-Хэдэн жилийн өмнө дотоодын компаниуд IРО хийх хандлага нэмэгдэж байх шиг байсан. Гэтэл өнгөрөгч оны тухайд энэ нь суларлаа гэж байна. Хуулийн төсөлд энэхүү асуудал яаж тусч байгаа вэ?

-Энэ талаар хуулийн төслийг хэлэлцэх үед мэргэжлийн байгууллагуудтай багагүй ярьсан байгаа. Асуудлын гол нь энэ зах зээлд хамгийн сайн нь ирэх ёстой, бэлтгэсэн тооцоо, судалгаа, төсөл нь мэргэжлийн өндөр түвшинд боловсруулагдсан, оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь боломжит хэмжээнд баталгаажсан байх хэрэгтэй.

Тоо баримтын тухайд сүүлийн жилүүдэд IРО хийх нь нэмэгдэж байгаатай холбоотой энэ зах зээлийн хэмжээ өсч байгаа

Өнгөрөгч хугацаанд гарч байсан системийн бэрхшээл нь уг ажиллагаанд оролцогч болох үнэт цаас гаргагч компаниуд, тэдгээрт зөвлөж байгаа андеррайтер, дилер хийгээд санхүүгийн зөвлөхүүд, аудиторууд болон хуульчдын чадвар, үйл ажиллагааны горим нь тодорхой бус байснаас цаг алдалт их байсан юм болов уу, дээр нь хөрөнгийн бирж болон төрийн зохицуулах байгууллагын эрх хэмжээ, чадвар ч хангалттай байгаагүй байжээ гэж харж байгаа.

Иймээс ч дээрх мэргэжлийн оролцогчдын чиг үүрэг, ажлын хариуцлагыг тодорхой болгохоос гадна нийтэд ямар мэдээлэл өгөх, үнэт цаасны танилцуулгад ямар мэдээлэл тусгах, авсан хөрөнгөө зөвхөн төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах, үр ашигтай ажиллах асуудлыг тодорхой тусгаж өгч байгаа.

Тоо баримтын тухайд сүүлийн жилүүдэд IРО хийх нь нэмэгдэж байгаатай холбоотой энэ зах зээлийн хэмжээ өсч байгаа юм билээ. Тодруулбал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2009 оны эцэст 620.7 тэрбум төгрөг байсан бол 2010 оны эцэст 1329.9 тэрбум, 2011 оны хоёрдугаар сард 3219.2 тэрбум, 2011 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2100.7 тэрбум төгрөгийн хэмжээтэй байна.

Цаашид хууль батлагдсанаар огцом өсөх болов уу. Ялангуяа хувьцааны давхар бүртгэл хийгдээд эхлэхээр бүр ч нэмэгдэх байх.

-Хөрөнгийн зах зээлд мэдээллийн тогтолцоо чухал гэдэг. Гэтэл манай захын хувьд мэдээлэл хангалтгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг юм билээ?

-Тиймээ, хөрөнгө оруулагчид зохистой шийдвэр гаргах, эрсдлээ зөв үнэлэхэд мэдээлэл хамгийн чухал. Тэр тусмаа мэдээллийн хүртээмж өргөн, мэдээллийг нэгэн зэрэг нийт хөрөнгө оруулагчдад хүргэдэг тогтолцоог бүрдүүлэх учиртай.

Зарчмын хувьд олон улсын хэмжээнд хөрөнгийн захын хөрөнгийн бирж үүсгэн байгуулж, уг захын мэдээллийн урсгалыг бий болгодог, түүнд нь төрийн зохицуулах байгууллагаас хяналт тавьдаг жамтай.

Нөгөө талаас хөрөнгийн биржийн зүгээс аливаа үнэт цаас гаргасан компанид хувьцаагаа зарах, хөрөнгө оруулалт татах боломж олгож байгаагийн хувьд мэдээллээ цаг хугацаанд нь өгөхийг шаардаж хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалдаг. Энэ талаар манай Хөрөнгийн биржийн нөхдүүд тодорхой ажлууд хийж байгаа юм билээ.

-Хөрөнгийн зах зээлийн хөгжилд татварын бодлого чухал байх. Энэ талаар ямар асуудлууд туссан байгаа вэ?

-Нэгэнт хөрөнгө оруулагч инфляцийн эрсдлээ үүрээд, банкны хадгаламжид хийж хүүгийн хойноос хөөцөлдөлгүйгээр эрсдэл үүрэн байж урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байхад төрийн зүгээс татвараар дэмжих учиртай.

Хуулийн төслийн хамт дагалдан гарахаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдан гарлаа.

Хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрхийн баталгааг хангах, хувьцааг зөвшөөрөлгүй зардаг явдлыг хаах, хариуцлагыг чангаруулах, бие биеэ хянадаг болгож байгаа.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад юуны өмнө асар их эрсдэл үүрч урт хугацааны дараа сая ногдол ашиг авч байгаа хөрөнгө оруулагчийн хувьд ногдол ашгийг татвар ногдох орлогоос чөлөөлөх нь зүйтэй гэж үзээд холбогдох томъёоллыг хийсэн.

Үүнээс гадна хувьцаа борлуулсны орлогыг татварын жилийн хугацааны нийт худалдан авалт, худалдах ажиллагааны дүнгээр багцлан тооцож ашгийг тодорхойлох асуудал ч яригдаж байгаа. Зүй нь хадгаламжийн хүүгийн орлогыг татвараас чөлөөлж байгаачлан хувьцаа борлуулсны орлогыг татвараас чөлөөлж ч болох юм.

Энэ асуудал Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж нэг тийш шийдвэрлэгдэх байх. Ямартай ч хуулиар хувьцаа худалдах болон худалдан авсан дүнгээс үйлчилгээний шимтгэлийг хасч тооцох нарийвчилсан зохицуулалтыг оруулсан байгаа.

-Хууль батлагдсантай холбоотой ямар арга хэмжээг зохион байгуулах вэ?

-Энэ хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. Энэ салбарын шинэчлэлийн суурь эрх зүйн орчин бүрдэж байгаа ч хөрөнгийн захын үйл ажиллагааны суурь хүчин зүйл болох инстуциональ хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчинг шуурхай бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Тодруулбал, энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг УИХ-д шуурхай өргөн мэдүүлж хамт дагаж мөрдүүлэхийн төлөө ажиллахыг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид даалгах саналтай байна.

Үүний дараагаар Хувийн тэтгэврийн сангийн хуулийг ч өргөн мэдүүлж батлуулах замаар хувийн салбарын хуримтлал хөрөнгө оруулалтын тогтолцоог яаралтай бүрдүүлж, бэлэн мөнгөний зарлагыг хөрөнгө оруулалтад чиглүүлэх оновчтой тогтолцоог бий болгох хэрэгтэй.