УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.05.16

Д.Батцогт: Иргэдийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутуу байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж Эдийн засгийн байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ыг гишүүн Д.Батцогт: Энэ хууль гарсанаар санхүүгийн зах зээлийн зохицуулалт сайжирна гэж найдаж байгаа. Бид олон хууль баталж байгаа ч хуулийн хэрэгжилт дэгэн догон байна. Иргэдтэй уулзаад явж байхад үнэт цаас, цэнхэр ягаан тасалбартай холбоотой гомдол санал тасрахгүй юм. Үндэсний хэмжээний том компаниуд хувьцааг нь авчихдаг.

Иргэдийн мэдлэг, мэдээлэл дутуу байгааг ашиглан хувьцааг нь луйварддаг, хулхиддаг, хуурдаг ямар нэгэн байдлаар 50-иас дээш хувийн хувьцааг нь авч захирлаа томилчихоод хувь нийлүүлэгчдийн хурал хийдэггүй, ноогдол ашиг хүртээдэггүй.

Иргэдийн мэдлэг, мэдээлэл дутуугаас хувьцааг нь луйварддаг, хулхиддаг, хуурдаг.

Иргэдээс надад ирсэн өргөдлүүдэд гэр бүлээрээ хувьцаагаа алдчихлаа. Аймгийн брокерын пүүс будлиулаад бидний өмнөөс хувьцааг худалдчихжээ. Үүний хохирлыг барагдуулж өгөөч гэсэн байдаг. Би энэ асуудлаар хаашаа хэнд хандах ёстой вэ.

Мөн холбогдох байгууллагууд ард иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, энэ чиглэлийн мэдээлэл өгөх тал дээр ямар ажил зохион байгуулдаг вэ гэлээ.