М.Сономпил: Энэ онд эрчим хүчний үнийг нэмэхгүй
Энэ удаагийн "Ярилцах танхим "-д Эрчим хүчний сайд М. Сономпилийг урилаа. Эрчим хүчний салбар өвлийн ид ачаалалтай үеэ давсан энэ үед ирэх хавар хийх томоохон бүтээн байгуулалтуудын талаар түүнтэй ярилцсан юм.
-Сар шинийн баяр өнгөрч, удахгүй хаврын урин дулаан өдрүүд эхлэх нь. Энэ хавар эрчим хүчний салбарт ямархуу томоохон ажлууд хийх вэ. Тавдугаар цахилгаан станц гэх мэт хүлээлт үүсгэсэн асуудлууд байгаа. Байршлыг нь шийдчихсэн. Гол ажил нь хэзээ эхлэх вэ?
-Манай эрчим хүчний салбар жил бүрийн Сар шинийн баярын дараа өвлийн их ачааллаа давдаг. Удахгүй эрчим хүчний үйлдвэрүүдийн их засварын ажил эхэлнэ. Тэгэхээр цахилгаан, дулааны хамгийн их ачаалалтай үеэ давлаа гэж ойлгож болно. Түүнээс гадна шинэ эх үүсвэр барих асуудлыг ч ярина. Тавдугаар цахилгаан станцыг барих ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Өмнөговь аймагт 300 мегаваттын цахилгаан станцыг барих гэх мэт томоохон бүтээн байгуулалтыг ч хийнэ. Хамгийн гол нь тавдугаар цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх гэж байна. Өнгөрсөн бямба гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар "V" дулааны цахилгаан станцыг "Амгалан" гэж нэрлэхээр шийдлээ. Өмнө нь "УС-15" гэж ярьдаг байсан. Үүний монгол нэрийг олж, Засгийн газрын шийдвэр гаргаж байна. "Амгалан" дулааны станцыг барих ажлыг энэ дөрөвдүгээр сард эхлээд, ирэх 2014 оны эхний хагас жил гэхэд ашиглалтад оруулнаа.
-Монгол Улсын эрчим хүчний салбарын бие даасан байдлаа хэзээ хангах бол. Саяхан энэ салбар 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. Гэсэн хэдий ч Монгол Улс эрчим хүчний хувьд бие дааж хараахан чадаагүй, гадаад улсаас эрчим хүч импортолсоор л байна. Салбарын сайдын хувьд энэ тал дээр ямар хулээлттэй байгаа вэ. Магадгүй 10 жилийн дараа нөхцөл байдал ямар байх бол?
-2012 оны аравдугаар сард Эрчим хүчний яамны 90 жилийн ойг бид ёслол төгөлдөр тэмдэглэсэн. 100 жилийн ой гэхэд буюу ирэх арван жилд бид эрчим хүчний хараат байдлаас бүрэн гарна. Үүнийг би итгэлтэй хэлж чадна. Бид импортолдог бус экспортолдог орон болоход ойрхон байгаа.
-Тавдугаар цахилгаан станцыг барих ажил одоо ямар шатандаа явж байна вэ?
-Тавдугаар цахилгаан станцын байршлын асуудал нэлээд маргаантай байсан. Үүнийг оны өмнө шийдчихсэн байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам болон манай яамны ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ бол маш том бүтээн байгуулалтын ажил, том гэрээ. Тийм учраас зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр шийдчихэж болохгүй. Тавдугаар цахилгаан станцын тендерт орсон компаниудаас бид дахин үнийн санал авахаар шийдсэн. Маш бага үнийн санал ирүүлж байгаа консорциумтай гэрээ байгуулахаар ажиллаж байгаа. Тун удахгүй гэрээг үзэглэж, дөрөвдүгээр сар гэхэд ажлыг эхлүүлнэ.
-Хамгийн бага үнийн саналыг ямар консорциум ирүүлж байгаа вэ?
-Монголын "Ньюком", Японы "Сожиц", Солонгосын "Оска" групптэй хамтарсан компани байгаа. Энэ компанийн хамгийн сүүлийн үнийн санал нь нэг киловаттыг 63 төгрөгөөр өгөхөөр өгсөн. Энэ нь маш бага үнэ юм.
Өнөөдөр манай Монгол Улсын эрчим хүчний нэг киловаттын өртөг айл өрхүүдэд 80, аж ахуй нэгж, байгууллагууд 100 орчим төгрөг байгаа.
Тийм болохоор энэ компани шалгарах магадлал нь өндөр. Хэлцэл хийж байна.
-Энэ жил уурхайн амуудад олон ДЦС барих талаар яригдаж байгаа. Эрчим хүчний яам энэ ажилд ямар оролцоотой байх вэ?
-Эрчим хүчний үйлдвэрлэлийг явуулах, шинэ эрчим хүчний эх үүсвэр барих нь яамны үүрэг л дээ. Тэгэхээр уурхайн аман дээр очихоор уурхайн станц болохгүй нь ойлгомжтой. Төрийн бодлогын хэмжээнд эрчим хүчний яам үүнд оролцож, бодлого боловсруулж, энэ ажлыг эхлүүлж, зохион байгуулна. Зөвхөн Эрчим хүчний яам ч бус Засгийн газрын төвшинд энэ асуудлыг шийднэ.
-Цахилгаан, дулааны үнийг нэмэх асуудлыг оны өмнө ярьж эхэлсэн. Хэзээнээс үнийг нэмэх вэ, сар шинийн өмнө нэмэх байсан ч хойшлуулсан шүү дээ?
-Оны өмнө цахилгаан, дулааны үнийг нэмэхээр эрчим хүчний үйлдвэрүүд салбарын яаманд хүсэл-тээ ирүүлсэн. Үүний дагуу бид ажлын хэсэг байгуулж, нүүрсний уурхай, станцуудад ажиллаж байгаа. Үнэхээр үнэ нэмэх шаардлага байна уу үгүй юу гэдгийг судалж байна. Манай яамны зүгээс 2013 оныг "Эрчим хүчний хэмнэлтийн жил" болгон зарласан. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглаад, зардлаа бууруулж, эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр явах бололцоог судалж байна. Үүнийг боломжтой гэж бодож байна. Тийм учраас салбарын сайдын хувьд энэ онд эрчим хүчний үнийг нэмэхгүй байр суурьтай байгаа. Түүний оронд дотооддоо зардлаа бууруулаад яв гэсэн шаардлагыг тавьж байгаа. Ер нь эрчим хүчний үйлдвэрүүд маань үйл ажиллагааны хувьд хүндрэл тариф харьцангуй бага гэдгийг бид мэднэ. Гэхдээ бололцоогоо бүрэн шавхаж ажиллах нь л чухал гэж үзэж байгаа.
-Орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ. Энэ өвлийн хувьд их хүндхэн өнгөрлөө гэж ойлгож байгаа. Олон ч удаа эрчим хүчний хязгаарлалт хийсэн. Цаашдаа ер нь байдал хэрхэн өөрчлөгдөх вэ, эрчим хүчний хязгаарлалт хийх үү?
-Эрчим хүчний хязгаарлалт гэдэг ойлголт сүүлийн нэг сард байхгүй болсон гэж ойлгож болно. Орон нутаг гэхээр Өмнөговь аймагт энэ асуудал их ажиглагддаг байсан. Энэ аймаг Цагаан сарын өмнө төвийн эрчим хүчтэй холбогдсон. Тэгэхээр Өмнөговь аймгийн станц доголдсон ч гэсэн төвийн эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан, дулаанаа авна гэсэн үг. Тийм учраас Өмнөговь аймаг орон нутгийн станцаасаа үл хамааран, ямар нэгэн байдлаар эрчим хүчний доголдолд орохооргүй болсон гэж ойлгож болно. Цаашдаа Өмнөговь аймгийн хувьд Оюутолгойгоос нааш шугам тавьснаар хоёр талын эх үүсвэртэй болчихно. Төвийн эрчим хүчнээс гадна урд хөршөөс эрчим хүчээ татна. Тэгэхээр зөвхөн Өмнөговь ч гэлтгүй тэр аймгийн чиглэлд байгаа хэрэглэгчид цахилгааны ямар нэгэн хязгаарлалтгүй, цахилгаан тасалдахгүй, найдвартай эх үүсвэртэй болсон. Ер нь бусад аймгуудад ч гэсэн эрчим хүчний тасалдалт одоогийн байдлаар байхгүй байна. Жижиг, сажиг тасалдалт, ойр зуурын гэмтлүүд гарч байгаа. Үүнийг маш богино хугацаанд засч, янзлаад явж байна.
-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 700 мегаваттын ДЦС барих тухай асуудал ярьж эхэлсэн. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ, ийм боломж нь байгаа юу?
-Хөнгөлөлттэй зээлээр цахилгаан станц барих талаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс Хятадын талд санал тавьсан. Хятадын талаас хараахан хариу ирээгүй байна. Манай Засгийн газар, Хятадын Засгийн газартай хамтарч Эрчим хүч, эрдэс баялгийн зөвлөлдөх уулзалт гэж хийдэг. Тэр уулзалтаар ярих байх. Өнөөдөр яриад маргааш нь шийдэх асуудал биш шүү дээ. Үүнд цаг хугацаа хэрэгтэй.
-"Ньюком" компанийн барьж буй салхин цахилгаан станц хэзээ ашиглалтад орох вэ?
-Салхитын хөндийд барьж буй салхин цахилгаан станцыг төлөвлөгөө ёсоор бид оны өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байсан. Цаг агаарын байдал, техник болон өөр бусад саатлаас болоод хойшилсон. Ирэх тавдугаар сарын дундуур ашиглалтад орохоор болсон.
-Үнэ өртгийн хувьд ямар байх вэ, энэ компанид улсаас татаас өгч байгаа шүү дээ, тийм учраас харьцангуй хямд байх боломжтой байх?
-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор улсаас татаас өгдөг. Гэхдээ Салхитын хувьд Мянганы сорилтын сангаас дэмжлэг үзүүлж байгаа.