2013.05.20

Д.Батжаргал: Босго тавьбал НӨАТ-ын мөн чанар алдагдана

Дэлхийн улс орнууд НӨАТ-ыг хэрэглэх болсон нь тэдгээр улсуудын татварын тогтолцоо нийгэм,эдийн засгийн хөгжил,ард түмний байнга өсөн нэмэгдэж байгаа үйлдвэрлэл,хэрэглээ зэрэг тухайн нөхцөл байдалд тохирохгүй болсонтой шууд холбоотой.

Эдийн засагч Д.Батжаргалтай туршлагатай эдийн засагч хүнийх нь хувьд НӨАТ-ын тухай хуулийн мөн чанар зорилго болон манай улсын эдийн засагт аль хувилбар нь илүү ашигтай талаар ярилцлаа.

-НӨАТ-ын тухай хууль босгыг өндөрсгөх нь хэнд ашигтай юм бэ. Ер нь НӨАТ-ын хуулийн мөн чанар манайд зөв үйлчилж байна уу?

Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварыг сонгодог утгаараа хэрэглээний татвар байдлаар зохицуулах хэрэгтэй. Татвар төлөгч нь хүн бүр байх ёстой. Ямар нэгэн бараа үйлчилгээ авахад түүн дээр НӨАТ авдаг, болохоор чи бас НӨАТ төлөгч. Гэтэл одоо хуулиндаа 10 саяас дээш төгрөгний орлоготой иргэн, аж ахуй нэгжийг НӨАТ төлөгч гэж үзэж байгаа.

Гэтэл дэлгүүрээс бүтээгдэхүүн авч байгаа хүмүүс бүгд л НӨАТ-аас төлөлцөж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг ёсондоо манайд энэ татварын утга алдагдчихсан.

НӨАТ манайд яг худалдааны татвар шиг юм болчихсон. НӨАТ-ыг анх 1997-1998 онооос эхэлж нэвтрүүлсэн нь улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд тухайн үед маш хэцүү байсан учир  хурааж төвлөрүүлэхэд хялбар гэдэг утгаар НӨАТ-ыг сонгосон. Гэхдээ хэрэглээний гэдэг утгаар нь хэрэгжүүлсэн бол зөв байсан юм. Хэрэглээний гэдэг нь худалдааны хэлбэртэй мөртлөө босго тавиад төлөгч нар хорондоо бараа үйлчилгээ авсан бол НӨАТ-ын баримтаараа буцаан олголт авдаг байхаар зохицуулах байсан. Гэтэл ингээгүйгээс болж сүүлдээ НӨАТ-ын буцаан олголтыг бохир, далд бизнес болгоод хаячихсан.

-НӨАТ төлөгчийн босгыг 200 сая төгрөг болгохоор ярьж байна?

Босгыг өндөрсгөх нь НӨАТ-ын утга агуулгыг бүрэн зөрчинө. Одоо 10 саяын орлого юу ч биш. Босгыг өндөрсгөх нь жижиг дунд үйлдвэрлэгчэд таалагдах гэсэн санаа. Нэг талаар үйлдвэрлэгчдийн нурууг хөнгөлөх ч жинхэнэ ачааг ард иргэд үүрдгээрээ л үүрнэ.

Жинхэнэ утгаар нь бүх иргэд НӨАТ төлөгч болох ёстой. Харин эндээс аж ахуй бизнесийн эргэлтийг харж, хянаж байх бололцоо олгох хэрэгтэй.

Жинхэнэ утгаар нь бүх иргэд НӨАТ төлөгч болох ёстой

Бид тэртэй тэргүй 10 хувиа төлж байгаа юм чинь, тавыг нь буцааж авмаар байна. Үүний тулд бүх талонуудаа татварын албанд өгөөд, миний орлого зарлага сард тэд, орлогоосоо ийм хувиар нь бараа үйлчилгээ худалдаж авсан гэж тайлагнаад, таван хувийг нь буцааж авдаг тогтолцоотой болох хэрэгтэй.

Тэгвэл өрх гэр жинхэнэ өрхийнхөө төсвийг хянадаг болно. Мөн албан бус эдийн засаг албан хэлбэр лүү орно.

-Хятадын жишгээр сугалаатай НӨАТ-ын баримт тарааж, иргэдийн хяналтыг сайжруулсан. Ийм жишээг ашиглаж болох уу?

Сугалааг ч хийж болно. Гэхдээ сугалаа гэхээс илүү буцаан олголтыг л хийчих ёстой. Бүгд тэртэй тэргүй НӨАТ төлж байгаа. Үүнийг мөрдөөд мөшгөөд явбал бас хэрэглээний татвар л гэж гарна. Хэрэглээний татвар болгож хэрэгжүүлье гэвэл юуг хэрэглээнхийх вэ гэдгийг тооцох хэрэгтэй.

Тухайлбал эмнэлгээс үйлчилгээ авчихаад НӨАТ авна гэж болохгүй, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ бол өөр үйлчилгээ. Иргэдийн авч байгаа материаллаг бараа үйлчилгээнээс ашиг олохын төлөө явуулж

байгаа бизнесийн үйл ажиллагаанаас НӨАТ авч, ашгийн бус үйл ажиллагааг зааглах хэрэгтэй. Хэрвээ иргэн ашгийн төлөө байгууллагаас бараа үйлчилгээ авсан бол талоноо аваад, арваас таван хувийг буцаан олголт авах. Тэгэхээр энэ чинь бүгдээрээ НӨАТ төлөгч болчихож байна гэсэн үг.

Ер нь татварын тэгш байх зарчим л үйлчлэх ёстой. Гэхдээ архи, тамхи, алт мөнгөн эдлэл, үнэт зугаа цэнгэл, тансаглалын үйлчилгээг арван хувиар бодох хэрэгтэй. Ингэвэл их сайн.

Өмнө нь 2000 оны үед энэ НӨАТ-ын хуулийг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд маргаж байсан. Тэр үед дээрх шиг хэрэглээний зөв татвар маягаар хэрэглэж болохгүй байсан. Харин одоо болно. Монголын татварын алба цахим үйлчилгээнд орчихсон, нэг цэгийн үйлчилгээ бүгдийг  компьютер сүлжээгээр хийдэг болчихсон.

-Хэрэглээний татвар болгоё гэвэл хэзээнээс яаж эхлэх вэ?

Зарлаж байгаад 2014 оны нэг сарын нэгнээс эхлэх хэрэгтэй. Томоохон хүчтэй сервер дээр сайн программ хангамж суулгах хэрэгтэй.

-Таны санаа НӨАТ-ын шинэ хуулийн өөрчлөлтөд харагдахгүй байна. Хуулийн өөрчлөлт зөвхөн босго л ярьж байгаа шүү дээ?

Босгын шинэчлэл нь улс төрчид жижиг бизнес эрхлэгчдэд таалагдах санаа. Гэтэл хуулийн цаана татвар хүн болгоны нийтийн үйлчилгээ, төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй авсныхаа төлөө төлж байгаа мөнгө шүү дээ. Босго тавиад ялгаад эхлэхээр татварын утга учир алдагдаж,  тэгш шударга байдал алдагдана.

Манайхан ер нь гэдэс өлсгөлөн мөртлөө ганган хувцас өмсөөд, зээлээр машин гар утас бариад явж байдаг хүмүүс. Тиймэрхүү хэрэглээг хязгаарлах байдлаар, бүгд баян ядуугүй авч байгаа бүтээгдэхүүнээс ижил хувь хэмжээтэй татвар төлөөд явья гэсэн санаа нь хэрэглээний НӨАТ юм. Ингэвэл татварын орлого бүрдэхэд амархан.

Одоо 200 сая, 100 сая руу өндөрсгөхөөр бас л нөгөө 10 сая дээр байсан асуудал үргэлжилнэ. НӨАТ-ын мөн чанар нь гажуудна. Гажуудлаас үүдэж хүмүүс өөрөөр бодож, сэтгэж үйлдэл хийж эхэлдэг нь татвараас нуугдах байдлаар илэрдэг. 200 саяын доогуур шургах гэж татварын байцаагчид хахууль өгч, буруу үйлдэл хийж эхлэдэг. Хууль нь өөрөө хүмүүсийг ийм байдалд хүргэж болохгүй. Өмнөх 10 саяын босго тавихад бүгд л тийшээ орох гэж компаниа жижиглэсэн

- Жижиг дунд бизнесийнхэн дандаа татвар л болохгүй гэдэг. Гэтэл манай улс Азидаа хамгийн бага татварын орчинтой.

10 саяас дээш гарвал НӨАТ төлөгч болчихно, импортын татвар, дээрээс нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, нэмэгдээд нийтдээ 25-30 хувь руу явчихдаг. Татварын төрлүүд нь нэмэгдсээр байгаад их татвартай болчихдог гэсэн үг.

Тэгэхээр НӨАТ-ын хувь гэдгийг нь бүгдийг нь байхгүй болгох хэрэгтэй.

-Татварын бодлогоор гаж үйлдэл рүү түлхэж, татвараас зугатах хандлагыг төрүүлдэг гэлээ. Энэ байдал далд эдийн засаг л улам тэлэх байх?

Далд эдийн засаг тооцож гаргаж чадаагүй бизнес. Албан бус эдийн засгийг багцаалж гаргавал 40-50 хувьтай байна. Албан бус руу түлхээд байгаа нь НӨАТ-ын босго. Гэтэл үүнийг өндөрсгөхөөр яах вэ. Хамгийн наад зах нь авилгал өгч, зориуд жижгэрнэ шүү дээ.

Энэ хуулийн цаана асар том гүн утга байгааг хууль тогтоогчид ойлгоосой.