Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого - шинэчлэл” үндэсний чуулганд мэндчилгээ илгээв
Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа ”Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого - Шинэчлэл” үндэсний чуулганы эрхэм зочид, төлөөлөгчид, ээжүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд удахгүй болох Олон улсын эмэгтэйч үүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол орныхоо хөгжил, дэвшил, хүн ам, удам судар, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөрийн биеийг үл хайрлан зүтгэж, хичээнгүй хөдөлмөр, уужуу талбиу ухаанаараа улс гүрэн, ураг бүлийнхээ түшиг тулгуур болж ирсэн эрхэм хүмүүс бол та бүхэн юм.
Эмэгтэйчүүд бол иргэний нийгмийн хүчтэй хэсэг. Тиймээс ч нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн оролцоо өндөр бөгөөд хүн амын өсөлт, хөгжил, улс орны ирээдүй хойч үе чухамхүү эхчүүдээс хамаардаг билээ.
Өнөөдөр Монгол түмнийхээ итгэлийг хүлээж байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар Монгол хүнээ Монгол эх орондоо сайхан амьдруулах, Монгол орноо дэлхийн хөгжлийн энд хүргэхийн төлөө чармайн ажиллаж эхлээд байна.
Улс үндэстний оршин тогтнох, хөгжил дэвшлийн анхдагч хүчин зүйл бол хүн амын өсөлт хөгжил юм. Шинэ мянган гарсаар төрөлт ихсэж, монголын үрс өсөн нэмэгдсээр байгаа. Засгийн газраас ч эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлогыг тууштай баримталж, төрөх газрын хүрэлцээ, хангамжийг шинэ зууны шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, эмнэлэгийн тусламж үйлчилгээг шуурхай оновчтой болгоход онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Эх нялхасын эндэгдлийг бууруулах, хоол тэжээл амьдралын чанарыг дээшлүүлэхэд төр засгаас онцгой анхаарч ажилласны дүнд Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжиж, Мянганы хөгжлийн 5 дахь зорилтод тусгасан 2015 онд эхийн эндэгдлийг 100.000 амьд төрөлтөд 50 хүртэл бууруулах амлалтаа биелүүлээд байна.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, амаржсан эхчүүдийн ажлын байрыг хадгалах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллаж байгаа билээ.
Шинэчлэлийн бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн хөгжилд зориулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн санаачлагыг дэмжих талаар анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Эрхэм төлөөлөгчид өө, Хүндэт эмэгтэйчүүдээ, Та бүхнийг энэхүү чуулганаараа эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, шинэчлэлээ оновчтой тодорхойлж, тулгамдаж байгаа асуудлуудаа сайтар тунгаан хэлэлцэж, хөгжлийн шинэ шатанд гаргахуйц шийдвэрийн төсөл бүхий баримт бичиг гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайд миний бие итгэл төгс байна. Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг