Сангийн яам залилантай тэмцэнэ
Монгол улсын Сангийн яам, Япон улсын ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Дотоод аудитын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Лондон хотод 2013 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 9-ны хооронд зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжиж буй дотоод аудитын тогтолцоо, үйл ажиллагаа” сэдэвт сургалтанд Сангийн яам, Үндэсний аудитын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Дархан-Уул, Дорноговь аймаг болон Жайка төслийн зөвлөхүүд нарийн төлөвлөгдсөн хуваарийн дагуу өргөн бүрэлдэхүүнтэйгээр идэвхтэй оролцоод, арвин их мэдлэгийн ургацтай ирсэн байна. Сургалтаар Лондон хотын төвд байрлалтай Tower Hamlett дүүргийн дотоод аудитын үйл ажиллагаа, тэдгээрийн тогтолцоо, мөрдөж буй стандарт, заавар арга зүйн материалтай танилцаж, харилцан хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Сургалтын үеэр тус дүүргийн амбан захирагч хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлж, орон нутгийн телевизээр уг сургалт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргүүлж ажилласан нь Монголын дотоод аудитын тогтолцоог хөгжүүлэх, цаашид туршлага солилцох гарцыг бий болгоод зогсохгүй улмаар 2 улсын төсөв, санхүүгийн хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулахуйц чухал үйл явдал боллоо.
Мөн Английн Дотоод аудитын институт дээр очиж төсөв, санхүү, бизнесийн үйл ажиллагаанд илэрч буй томоохон залилангийн асуудлын талаар судлан, цаашид дотоод аудитор хүн юунд түлхүү анхаарах, залиланг хэрхэн илрүүлэх арга зам, залилангийн эрсдлийг удирдах талаар гүйцэтгэх ба ахлах удирдлагуудад зөвлөх нь, залилангийн аюулын дохиог аудитын үед тодорхойлох нь, залиланг илрүүлэхтэй холбоотой аудитын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх ойлголт, Залилантай тэмцэх зөвлөлийн үүрэг чиглэл, залиланг бизнесийн хүрээнд авч үзэх нь, байгууллагууд дахь залилангийн эрсдлийн удирдлага, залилангийн эрсдлийн үндсэн хэсгүүд, залилантай тэмцэхэд дотоод аудитын гүйцэтгэх үүрэг ба хянан шалгагчдын жагсаалт зэрэг олон шинэ мэдлэг олж авсан байна.
Аялалын групп хөтөлбөрийн дагуу Английн Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт очиж Дотоод аудитын өнөөгийн байдал, дотоод аудитын шинэ чиг хандлага, чанарын баталгаажуулалт хийх дотоод аудитын бодлогын талаар, Үндэсний Аудитын Газрын дотоод аудитын нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны үр дүн, Эрсдлийн хандлага, эрсдлийн үнэлгээ, Залилангийн судалгаа, Санхүүгийн удирдлага, тайлагналт, Төсвийн хөрөнгийн хяналт, удирдлагыг сайжруулах зэрэг сэдвийн хүрээнд Англи улсын Үндэсний аудитын газрын бодит байдалтай танилцаж, дотоод аудитын хамрах хүрээг тодорхойлоход ҮАГ-ын арга зүйг хэрхэн ашигладаг болох талаар сургалтанд хамрагдаж, Монгол Улсад бүрдүүлж буй дотоод аудитын тогтолцоог хэрхэн зөв арга замаар хөгжүүлэх талаар сурсан зүйлээ харьцуулан улмаар бататган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр арвин их ургацтай буцаж ирсэн байна. Мэдлэг нэмж, олон улсын туршлагаас суралцаж, сэтгэлд хоногшсон аялалыг зохион байгуулсан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагад баярлалаа, мөн энэхүү сургалт, аялалыг зохион байгуулахад ихээхэн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Англид суугаа Монгол Улсын элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Д.Ангартаа баярлалаа.