Стандарттай Монгол Улс болъё
УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва
2013.02.15

Стандарттай Монгол Улс болъё

Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Стандартчилал хэмжил зүйн газар болон 14 яам, гурван агентлагаас төлөөлөл оролцсон баг өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартад шалгалт хийжээ. Шалгалтын дүнд 6200 гаруй стандарт байгааг тогтоож, үүнээс 300 гаруй стандарт шаардлага хангахгүй болохыг тогтоосон аж.  Мөн 2000 гаруй стандартыг шинэчлэн сайжруулж олон улсын төвшинд хүргэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаснаа ажлын хэсгийнхэн өнөөдөр Шадар сайд Д.Тэрбишдагвад танилцууллаа. Түүнчлэн ажлын хэсгийнхний мэдээллээр стандартыг шинэчлэхэд хөрөнгө мөнгө дутагдаж байгаа төдийгүй энэ чиглэлээр салбар бүр өөрийн гэсэн тодорхой мэргэжилтэнтэй болох.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль, их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт стандартын чиглэлээр тодорхой хөтөлбөр багтаан оруулдаг болох шаардлага бийг онцоллоо. Шадар сайдын зүгээс “Бидний хувьд “Стандарттай Монгол Улс болъё” гэдэг зорилт тавин шалгалт хийх ажлын хэсгийг томилж, ирэх дөрөвдүгээр сарын 15-ны дотор багтаан дүнг гаргахаар болсон. Гэхдээ ажлын хэсгийнхэн маш шахуу хугацаанд үр дүнтэй ажилласнаар үндсэндээ дүгнэлт гараад байна. Гэхдээ яамдуудаас Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны шалгалтын дүн бүрэн гараагүй хүлээгдэж байна. Энэ салбарт 2000 гаруй стандарт мөрдөгддөг учраас шалгах ажил их байгааг ойлгож байна. Гэсэн ч ирэх долоо хоногт дүгнэлтээ бүрэн дүүрэн ирүүлэх ёстой. Дүгнэлтүүдээ багцлаад улмаар Засгийн газрын хуралдаанд стандартыг шинэчлэх асуудлаар бид асуудлаа тавина. Тиймээс энэ бүхэнд яамдууд ирэх гуравдугаар сарын 2-нд болох Засгийн газрын хуралдаанд асуудал оруулахад бэлтгэлээ хангасан байх ёстой” гэсэн юм.

Мөн энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал нь стандарт импортлох асуудал дээр манай тал цаг алдаж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Тухайлбал, олон улсад замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах стандарт нэвтэрсэн. Түүнийг Монгол Улс нэн тэргүүнд шууд импортлох бүрэн боломж байгааг ч орчуулах боловсон хүчин дутмаг зэрэг байгаагаас шалтгаалж цаг алдан өнөөдрийг хүртэл дээрх стандартыг нэвтрүүлж чадахгүй сууж буй аж.