2008.01.12

Ц.Баярсайхан: Тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмнэ

Өндөр настнууд тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар ээлжит цуглаанаа хийж Төрийн ордон руу довтолж Ерөнхий сайдтай уулзана гэсэн нь Засгийн газрыг түргэн авахууллаа. Тэд тэтгэврийн зөрүүг цагаан сараас өмнө олго гэсэн шаардлагыг тавив. Үүнтэй холбогдуулан НХХ- ийн сайд Ц.Баярсайхан, газрын даргынхаа хамт 2005 онд тэтгэвэр, тэтгэмжийн талаар авах арга хэмжээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2005 оны улсын төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдэл болгон тэтгэврийн зөрүүг арилгахад зориулж 17.7 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс төсвийн байгууллагын ажилчдын цалинг нэмэхэд 6.7 тэрбум, тэтгэврийг 7.5 хувиар нэмэхэд зориулж 6.7 тэрбум төгрөг, тэтгэврийн зөрүүд 4.7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Ц.Баярсайхан сайд тэтгэврийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж нэмнэ гэ,дгээ хэлэв. Харин тэтгэврийн зөрүүг арилгахад зориулж төсөвлөгдсөн 4.7 тэрбум төгрөгийг хэзээнээс, хэрхэн хэнд ямар хэмжээтэйгээр олгох вэ гэдэг талаар ажлын хэсэг гараад тооцоо.судалгааны ажлыг хийж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, одоо тооцоо судалгааны ажил хийгдэж дуусаагүй юм чинь өндөр настнуудын цагаан сараас өмнө тэтгэврийн зөрүүг олго гэсэн шаардлага биелэх боломжгүй төдийгүй ер нь төсөвлөгдсөн 4.7 тэрбум төгрөг хэзээнээс зөрүүг арилгаж эхлэх нь тодорхойгүй байна. Тэр ч байтугай хичнээн хүн тэтгэврийн зөрүүд хамрагдах нь өнөөдөр тодорхой биш ажээ. Тооцоо судалгаа дууссаны дараа энэ бүхэн одорхой болох юм байна. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 75 мянга гаруй хүн байдаг бөгөөд өмнөх Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 32000 төгрөг болгон нэмэгдүүлсэн арга хэмжээнд олонхийн зөрүү арилсан гэж НХХ-ийн сайд үзэж байгаа аж.

Тиймээс нийт тэтгэвэр авагч 280 мянган хүний 20 орчим хувь тэтгэврийн зөрүү арилгах арга хэмжээнд хамрагдах болов уу гэж таамаглаж байгаа бололтой. Ер нь бол итгэлцлүүрийг яаж тогтоохоос хамаарч тэтгэврийн зөрүүг бүрэн арилгахад 22-44 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Нэгэнт өнөө маргаашдаа тэтгэврийн зөрүүг өгч чадахгүи, тооцоо судалгааны ажил ид явагдаж байгаа учраас НХХ- ийн сайд Ц.Баярсайхан өндөр настнуудыг нөхцөл байдалд хүлээцтэй хандахыг уриалан ажлын хэсгийн ажилтай танилцан уулзаж ярилцах боломж нээлттэйг дурдав. Дашрамд дурдахад 10 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр олох боломжтой хэмээсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьснаар төсөв найм орчим тэрбум төгрөгөөр дутаж магадгүй нөхцөл байдал үүссэн талаар Сангийн сайд өмнө нь мэдээлж байсан. Харин өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг бонд гаргах замаар зохицуулах тухай хэлэлцсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.