Солир дэлхий нийтийг донсолгов
Сүүлийн долоон хоногт дэлхийн анхаарлыг татсан үйл явдлууд
2013.02.18

Солир дэлхий нийтийг донсолгов

Сүүлийн жилүүдэд манай гариг дээр солир унаагүй гэлцдэг. Харин өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Челябинск мужид солирын хэлтэрхий унаснаас багагүй шуугиан дэгдээд байгаа. Энэ солирын улмаас 1200 орчим хүн хүнд хөнгөн гэмтэл авсан. Түүнчлэн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө “2012 DA14” солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрж өнгөрсөн юм. Сүүлийн гучин жилд манай гаригтай ийм ойрхон солир зөрж өнгөрсөн тохиолдол гараагүй хэмээн эрдэмтэд хэлж байгаа. Эдгээр болон бусад олон улсын анхаарлыг татсан улс төрийн болон үйл явдлын мэдээ мэдээллүүдийн багцыг хүргэж байна.

Орост унасан солирын хүч тооцоолж байснаас хамаагүй илүү байв

Челябинск хотын дээгүүр тэнгэрт хурц гэрэл цацруулан секундэд 30 км-ийн хурдтайгаар нисэн өнгөрсөн байна

Өнгөрөгч долоо хоногт дэлхий ниймийн анхаарал солирын шуурганд чиглэж байлаа.  Баасан гаригт ОХУ-ын Челябинскийн нутагт солирын хэлтэрхий унаж 1200 орчим хүн хөнгөн гэмтэл авсан тухай мэдээлэл ирсэн. Солир Челябинскийн дээгүүр өнгөрч Чебаркуль нуурын орчимд унасан юм. Одоогоор тогтоосон хохирлын хэмжээг нэг тэрбум рубель хүрсэн гэв. Тус солир дэлхийн агаар мандалд орж ирэхээс өмнө 10 тоннын жинтэй байжээ. Харин дэлхийн агаар мандалд орж ирээд хуваагдсан аж. Челябинск хотын дээгүүр тэнгэрт хурц гэрэл цацруулан секундэд 30 км-ийн хурдтайгаар нисэн өнгөрсөн байна. Солир унасан Чебаркуль нуурын эрэг орчимд зургаан метрийн өргөнтэй нүх үүссэн аж. НАСА-гийн судалгааны багийнхан солирын хүчийг тодорхойлж Хирошимагийн атомын бөмбөгийн дэлбэрэлтээс оройлцоогоор даруй 20 дахин илүү хүчтэй байсан хэмээн мэдээлсэн билээ. Хэдийгэээр атомын бөмбөгөөс 20 дахин хүчтэй байна гэдэг итгэмээргүй ч агаарт дэлбэрсэн учир учруулах  хохирол нь төдийлөн хортой биш байсан ажээ.

Харин өнгөрсөн бямба гаригт Чебаркуль нуурын орчим руу 20 мянган хүний бүрэлдэхүүнтэй тусгай багийнхан очиж гэмтэж бэртсэн хүмүүст туслах болон солирын борооны улмаас эвдэрч сүйдсэн барилга, байшингийн хог хаягдал, солирын хэлтэрхийг цэвэрлэхэээр очсон тухай ВВС мэдээлж байна.

“2012 DA14” солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрлөө

Эрдэмтдийн тооцоолсноор “2012 DA14” жижиг гариг Энэтхэгийн далайн зүүн хэсгийн дээгүүр 7.8 км/секундын хурдайгаар зөрж өнгөрсөн байна.

Европын сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн өнгөрсөн онд илрүүлсэн “2012 DA14” нэртэй жижиг гариг баасан гаригт Гринвичийн цагаар 19:25 цат дэлхийтэй хамгийн ойр буюу 27.700 км-ийн зайтайгаар зөрж өнгөрсөн. Энэхүү солир нь Австрали, өмнөд туйл, Зүүн Өмнөд Азийн зарим орнуудад илүү тод ажиглагдсан байна. Солирын диаметр 45 метр бөгөөд жин нь 130 мянган тонн гэнэ. Одон орончдын тайлбайрлаж буйгаар солирын хэмжээ олимпын наадмын усан сангийн хэмжээтэй дүйцэхүйц хэмжээтэй аж. Тус жижиг гаригийг дэлхийтэй ойр зөрж өнгөрөхийг анх Испанийн “La Sagra Sky Survey” сансрын ажиглалтын одон орончид олж мэджээ. Одон орончдын мэдээлснээр дэлхийтэй энэ мэт хамгийн ойр гариг зөрж өнгөрсөн тохиолдол сүүлийн 30 жилд гараагүй юм байна.

Обама ирэх  жил 34 мянган цэргээ Афганаас татна

Одоогийн байдлаар Афганд АНУ-ын 66 мянган цэрэг алба хааж байгаа.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгрөсөн долоо хоногт нэгдсэн улсын илтгэлдээ өөрийн улсад тулгарч буй асуудлуудын талаар ярьсан. Үүнд улсынхаа эдийн засаг, цагаачлал, иргэншлийн асуудал болон Афганы цэргийн ажиллагааны талаар нэлээд дэлгэрэнгүй тусгасан байв. Ингэхдээ тэрбээр ирэх жилд Афганистанд алба хааж байгаа 34 мянган цэргээ татахаар болсон тухайгаа албан ёсоор зарласан.  Тэдгээрийн тал орчим хувь нь ирэх жил гэртээ ирцгээх юм. Иргэдийн дунд явуулсан санал хураалтаар нийт иргэдийн 80 хувь нь Афганы дайныг дуусгах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Үүнээс өмнө өнгөрсөн сард Нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай нар уулзаж цэргээ татах хэлэлцээрт хүрсэн. Цэргээ эргүүлэн татах ажиллагаа ирэх оны эхны хагаст буюу дараа жилийн өдийд эхний ээлжийн цэргүүдээ татах юм байна.

Дэлхийн томоохон онгоцны компаниуд нэгдлээ

Нэгдсэн компаниа “American Airways” хэмээн нэрлэхээр болжээ.

АНУ-ын “American Airlines” болон “US Airways” компаниуд нэгдлээ. Эдгээр компаниуд нь салбартаа хамгийн томд тооцогддог. Дээрх байгууллагуудыг нэгтгэх ажил өнгөрсөн пүрэв гаригт болсон юм. Нэгдсэн компанийг American Airlines” компанийн ерөнхий захирал Дог Паркерийг удирдахаар болсон аж. Харин нэгдсэн компаниа “American Airways” хэмээн нэрлэхээр болжээ.  

“American Airlines” компанийн хамгийн гол өрсөлдөгч нь “Delta Airlines” байсан. Харин дээрх хоёр компани нэгдснээр “American Airlines”-ийн хүчин чадал нэмэгдэж хүчирхэгжих болно хэмээн найдаж байгаа. “American Airlines” сүүлийн жилүүдэд дампуурлаа зарлахад тун ч ойрхон байсан. Өнгөрсөн онд дампуурлын эсрэгт тулж хэд хэдэн арга хэмжээ авч байснаараа өнөөг хүртэл тэсч чадсан гэж хэлэхэд болно.

Сирийн амиа алдагсдын тоо 90 мянга хүрчээ

Өнөөдрийн байдлаар Сирийн 750 мянга гаруй хүн улс орноосоо аргагүйн улмаас дүрвээд байгаа бол 2,5 сая хүн дотоодын шилжин суурьшигч болсон байна гэсэн тооцоог НҮБ-ын хүний эрхийн комисс гаргажээ.

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Сауд аль-Фейсал Сирийн амь үрэгдэгсдийн тоо 90 мянгад хүрсэн хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Саудын Арабын Гадаад хэргийн сайдтай ярих боломж надад өнөө өглөө тохиолдлоо. Сирийн амь үрэгдэгсдийн тоо 90 мянгад хүрээд байгааг тэрбээр юун түрүүнд мэдэгдсэн” гэв.

Иргэний дайнд амь үрэгдэгсдийн тоо “ойролцоогоор 70 мянга”- давлаа гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нави Пиллейгийн өгсөн мэдээллээс энэ нь хамаагүй өндөр байгаа юм. АНУ-ын Төрийн департаментад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хийх анхны уулзалтаар хэлэлцэх багц асуудлуудын нэг нь Сири дэх “хүмүүнлэгийн хүнд байдал” байх юм гэж АНУ-ын шинээр томилогдсон дипломатч хэлж байна. 

Оскар Писториус найз бүсгүйгээ буудан хороов

Цагдаа нар мөн сэжигтэн Оскар Писториусыг батлан даалтанд суллах боломжгүй гэдгийг мэдэгдээд байгаа.

Паралимпийн аварга, Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториусыг найз бүсгүйгээ буудан хөнөөсөн хэрэгт  сэжигтнээр татан баривчлан саатуулаад байгаа билээ. Сэжигтний шүүх хурал бямба гаригт эхэлсэн. Шүүх эмнэлгийн хариугаар хохирогч толгой, цээжин хэсэгтээ дөрвөн удаа есөн мм-ийн гар буугаар буудуулсан байж. Хөршүүдийнх нь яриагаар эмэгтэйг буудуулах үед гэрт нь хашгичих чимээ сонсогдсон байна. Хохирогч болох загвар өмсөгч Рива Стинкэмпийн ар гэрийнхэн шүүх эмнэлэг болон цагдаагийн байгууллагын байранд ирсэн байна. Ямартай ч энэ хэргийн тухай дэвшээд байсан таамаглалууд нэгэн хариулт дээр төвлөрч байна. Писториус хохирогчийг санаатайгаар алсан байх магадлал өндөр болсон тухай хэлж байна.

Хосууд болздог болсоор хэдхэн сарын хугацаа өнгөрч байсан ажээ. Тэд хамгийн анх өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Иоханнесбургт шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр хамт очсоноор олны анхаарлыг татаж байсан юм.

Уго Чавес мэс заслын дараахь зургаа дэлгэлээ

Уго Чавес пүрэв гаригт гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан зургаа дэлгэсэн нь ерөнхийлөгчдөө хайртай ард түмэнд нь баярын мэдээ болжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кубад хорт хавдрын эсрэг дөрөв дэх удаагийн мэс засалд орсон. Тэрбээр Куб улсыг зорьсон цагаас хойш нэг ч удаа олны өмнө гараагүй тэр бүү хэл  зургаа ч нийтлээгүй байсан. Харин тэрээр саяхан зургаа нийтэд дэлгэн харууллаа. Уго Чавес мэс заслын дараа нэг хэсэг амьсгалын замын халдвар авч, хүнд байна гэж байсан ч сүүлийн үед дээрдэж, эмчилгээ сайн авч байгаа хэмээн Венесуэлийн эрх баригчид мэдэгдэж байгаа. Зурагт гарснаар У.Чавес Гавана дахь эмнэлэгт хоёр охинтойгоо инээлдэн юм ярьж байгаа. Түүний бие харьцангуй дээрдсэн ч амьсгалын аппарат зүүж байгаа учир хүмүүстэй ярихад хүндрэлтэй байгаа гэдгийг албаныхан мэдэгдсэн байна. Тиймээс тэрээр хүмүүстэй бичгээр харилцаж байгаа гэнэ.