2013.02.06

2013 оныг ногоон хөгжлийг дэмжих он болгосныг зарлав

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Намрын чуулганы хугацаанд байнгын хорооноос хийсэн ажлаа ийнхүү тайлагнаж байна хэмээн БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан хурлын эхэнд тэмдэглэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Г.Баярсайханаар удирдуулсан тус байнгын хороо өнгөрсөн хугацаанд 64,5 хувийн дундаж ирцтэйгээр 10 удаа хуралджээ. Эдгээр хуралдаанаар давхардсан тоогоор 26 асуудал хэлэлцсэн байна. Түүнчлэн хууль, тогтоолын төсөл 12, хяналт шалгалтын ажил 2, тайлан мэдээлэл 9-ийг хэлэлцүүлжээ. Энд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо саяхан хуралдсан нь мөн багтаж байгаа юм.  Тайлангийн хугацаанд  байнгын хороо 6 тогтоол гаргасан бөгөөд ажлын хэсэг нийт 11 удаа, дэд ажлын хэсэг бас 11 удаа хуралдсан тоон баримтыг Хэвлэлийн хурлын үеэр байнгын хорооны дарга сэтгүүлчдэд дуулгалаа.

Г.Баярсайхан дарга хэлэхдээ, БОХХАА-н байнгын хорооны хамгийн анхаарал тавьж, ач холбогдол өгч ажилласан гол хуулийг Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль гэлээ. Хэвлэлийн бага хуралд оролцсон УИХ-ын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл, Я.Содбаатар нар ч үүнтэй санал нэг буйгаа  тэмдэглэн хэлж  байв.

Хэвлэлийн бага хуралд оролцсон байнгын хорооны эрхэм гишүүд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Газрын тухай багц хуулиудын төслийг ч мөн чухал ач холбогдолтойд тооцож байсан юм.

Тус байнгын хорооны дээрх нэр бүхий гишүүд тухайлбал, С.Дэмбэрэл гишүүн ногоон хөгжлийн асуудлыг БОХХАА-н байнгын хорооноос анх удаа бодлогын түвшинд гаргаж ирсэн тухай сэтгүүлчдэд дуулгасан. Тэрээр 2013 оныг ногоон хөгжлийг дэмжих он болгож, байнгын хороо тодорхой бодлого, зорилт, төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь зарчмын чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон. Мөн усны асуудал, эко систем, түүний төлбөр, ногоон бизнес, худалдан авалт гэхчлэн үүнийг  дагалдан гарах олон зүйл байдгийг тэрээр дурдсан юм.

Тус байнгын хорооноос өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн эдгээр асуудлаас нэлээд анхаарал татах нэгэн ажлыг гишүүд тэмдэглэн хэлсэн нь УИХ-ын байнгын хороодоос анх удаа төрийн байгууллагуудтай харилцаж ажиллах талаар журам мөрдүүлж эхэлсэн явдал юм байна.

Энэ мэтчилэн УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаарх тайланг өнөөдөр УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос  анхлан мэдээллээ.  Дэлгэрэнгүй тайланг Байнгын хорооны Ажлын албанаас ирүүлснийг доор нийтэлж байна.