2008.01.12

Ц.Баярсайхан: Амлалтаа хэрэгжүүлнэ

"Гадаа хүйтэн байна. Зам, талбай мөстөн халтиргаатай үед өндөр настай хүмүүсийг жагсаал, цуглаанд оролцуулж болохгүй. Ямар нэг золгүй явдал тохиолдвол жагсаал зохион байгуулсан Тэтгэвэр авагчдын холбоо хариуцлага хүлээх ёстой" гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ц.Баярсайхан хэллээ. Тэтгэвэр авагчдын холбооны хоёр төлөөлөгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх тэтгэврийн зөрүүг арилгах ажлын хэсэгт орж ажиллаж байгааг дурдав. Тэтгэврийн зөрүүг бүрэн арилгахад 22-44 тэрбум төгрөг шаардлагатай. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарагчдын аль хэсгээс зөрүүг олгож эхлэх зэргийг тус ажлын хэсэг тогтоохоор ажиллаж байгаа аж. 2005 оны төсөлд тэтгэврийн зөрүүг арилгахад 4.8 тэрбум төгрөг тусгасан хийгээд цагаан сарын өмнө тэтгэвэр нь нэмэгдэх янзгүйд өндөр настнууд бухимджээ. Сайд Ц.Баярсайхан хэвлэлээр дамжуулан тэтгэвэр авагчдад тайлбарлаж байна.

-Тэтгэврийн зөрүүг хэзээ арилгах вэ?

-Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс тооцож зөрүүг олгоно.

-Зөрүүг хэрхэн арилгах юм бэ?

-Анх тогтоолгосон тэтгэврийн хэмжээг өнөөгийн худалдан авах чадвартай нийцүүлэн нэмэх юм. Үүнд багаар бодоход 20 тэрбум төгрөг шаардлагатай. Төсөвт 4.7 тэрбумыг төлөвлөсөн учраас мөнгө дутна. Засгийн газар нийгмийн чиглэлээрх амлалтаа хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай ажиллаж байна гэлээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.