Ховд, Увс аймагт барих битүү захын ажлыг шуурхайлна
Бага, дунд орлоготой иргэдийнхээ ажиллаж, амьдрах нөхцөлийг дэмжин сайжруулах, аймгийн төв бүрийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд аймгийн төвүүдэд битүү зах барихаар төлөвлөж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн намар баруун гурван аймагт ажиллах үеэрээ эхний ээлжинд Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад 2013 онд багтаан битүү зах барьж өгөхөө нутгийн иргэдэд хэлсэн юм.
Энэ ажлын хүрээнд Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх Ховд, Увс аймагт ажиллаад ирлээ. Орон нутгийн нөөц, онцлогоос хамааран нэг аймагт 2,5-3 тэрбум төгрөгөөр 5000-аас багагүй метр квадрат талбайтай, орчин үеийн технологийн шийдэлтэй, тав тухтай ажиллах нөхцөл бүрдүүлсэн, худалдааг төрөлжүүлсэн битүү захыг Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад энэ оны 10 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг тэрбээр танилцуулж, энэ асуудлаар аймгуудын удирдлага болон задгай захад худалдаа эрхлэгч иргэдтэй уулзан санал солилцсон юм.