Бүх Хятадын Арлын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын айлчлал эхэллээ
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У.Бангуо манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр өглөө ирлээ.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуог дагалдаж БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нарын зэрэг албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын сурвалжлагчид ирлээ.
У.Бангуо даргын айлчлал маргааш өндөрлөх бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм.
Хэлэлцээг эхлүүлэхийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд У Бангуод хандаж "Энэ удаагийн айлчлал нь Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын хувиар Монгол Улсад 16 жилийн дараа хийж буй айлчлал болж байна. Энэ айлчлалаар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ парламентын харилцааг гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ, Харин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо
"Цаг агаар хүйтэн байгаа ч гэлээ Монголын ард түмний халуун найрамдлыг мэдэрч байна.
Хятад, Монгол хоёр орны харилцаа 60 гаруй жилийн түүхийг туулаад байна.
Монгол Улсад анх удаа би айлчилж байна, энэ удаагийн айлчлалаар Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, парламент хоорондын солилцоог эрчимжүүлэхэд дэвшил авчирна гэдэгт бүрэн төгс итгэж байна" гэлээ.
Мөн тэрээр Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа холбогддог төдийгүй, 4700 км газар хиллэж байна. Найзыг сонгож болдог ч хөршийг сонгож болдоггүй. Тэр дундаа 1990-ээд оноос хойш эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж, цоо шинэ харилцаа үүссэн болохыг онцлон тэмдэглэлээ. Үүний дараа хэлэлцээр хаалттайгаар үргэлжилсэн билээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг У.Бангуо царгад өнөөдөр бараалхах билээ.