Маршал Эва Божена: Бид Монгол Улсын Европын холбоон дахь гүүр нь байхыг хүсч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНПУ-ын Сеймийн маршал бараалхав
2013.01.23

Маршал Эва Божена: Бид Монгол Улсын Европын холбоон дахь гүүр нь байхыг хүсч байна

Бүгд Найрамдах Польш улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид тус улсын Сеймын Маршал буюу Парламентын дээд танхимын дарга, хатагтай Эва Божена тэргүүтэй Польшийн төлөөлөгчид бараалхаж байгаа нь

Уулзалтын эхэнд хатагтай Эва Божена хэлэхдээ “Юун тэргүүнд манай улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч таныг тавтай морилно уу хэмээн мэндчилж байна. Бид дэлхийн хямралын үед Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгааг өндрөөр үнэлж байгаа. Өнөөдөр Варшавт болж байгаа хоёр орны бизнес эрхлэгчдийн форум ч өргөн бүрэлдэхүүнтэй, үр өгөөж дүүрэн байж хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй Монголын хөгжилд ч тодорхой ахиц бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Эдийн засгийн төдийгүй, улс төрийн талбарт, ялангуяа ардчиллын үнэт зүйлийн хувьд та бүхний бүтээсэн амжилтыг бид өөрийн оронд үнэлээд зогсохгүй дэлхий даяар танилцуулахыг хүсч байна. Бид Монгол Улсын Европын холбоон дахь гүүр нь байхыг хүсч байна.

Миний хувьд 2011 онд Польшийн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагааны протокол байгуулсандаа бахархаж явдаг. Би өөрөө хүүхдийн эмчийн мэргэжлээр тасралтгүй 20 жил ажилласан. Тийм ч учраас таныг өөрийн тав, өргөж асарсан 20 гаруй хүүхэдтэй гэдгийг дуулаад сэтгэл маань маш их хөдөлсөн. Олон сайхан хүүхдийн хувь заяаг гэрэл гэгээтэй болгож байгаа тань үнэхээр бахархууштай. Мөн өнөөдрийн айлчлалын үр дүнд манай хоёр улс хэд хэдэн хамтын ажиллагааны баримт бичигтэй боллоо. Дээрх баримт бчигүүд хоёр улсын харилцаанд илүү өргөн боломж авчирна гэж харж байгаа. Танай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, түүний үнэт зүйлийг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байгаа нь сайшаалтай. Ийнхүү манай Их хуралд зочлон ирсэнд баяртай байна. Өнөөдрийн таны айлчлал Монгол, Польш орнуудын хөгжил дэвшил болон хоёр талын бизнес эрхлэгч зуу зуун хүмүүст “ногоон гэрэл”, хөшүүрэг нь болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дараа нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “Баярлалаа. Таны халуун дотноор угтан авсанд баяртай байна. Та бол Польшийн парламентын түүхэн дэх анхны эмэгтэй Маршалын хувьд өөрийн орны төдийгүй Монголын олон олон эмэгтэйчүүдэд урам зориг өгч байгаа хүн. Миний бие эмэгтэйчүүдийн улс төр дэх идэвхтэй оролцоог байнга дэмжсээр ирсэн. Эмэгтэй хүн хэзээ ч албан тушаалаа урвуулан ашигладаггүй. Монгол Улс өнгөрсөн жилийн парламентын сонгуулиар өмнөхөөсөө ч олон эмэгтэй гишүүдтэй болсонд би хувьдаа баяртай байгаа. Польшийн ард түмэн манай улсыг эрх чөлөөний сонголт хийхэд тууштай дэмжиж ирсэн. 1990 оны зун Монголд анхны парламентын сонгууль болж бид чөлөөт сонголт хийж байсан. Улмаар бүс нутагтаа ардчиллын замналаар замнаж хүндрэл бэрхшээлийг даван туулсаар ирсэн” гээд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.