Ирэх жилээс Монголын сэдэвтэй, Монгол руу хандсан их том хэлэлцүүлгүүд Давост болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.01.28

Ирэх жилээс Монголын сэдэвтэй, Монгол руу хандсан их том хэлэлцүүлгүүд Давост болно

Давосын Эдийн засгийн чуулган өндөрлөлөө. Дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн манлайлагчид цугларч тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог уг чуулганд Монгол Улс амжилттай оролцлоо. Жилээс жилд Монгол Улсыг сонирхох сонирхол нэмэгдэж байгаагийн илрэл нь олон орны төр засгийн тэргүүнүүд, дэлхийд нэртэй том компанийн удирдлагууд чуулганы үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлтээ ирүүлж байв. Өнөө жилийн чуулганы үр дүн, Монгол Улсын оролцоо, гаргасан санаачилгын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцлаа.

-Монгол Улс Давосын эдийн засгийн чуулганд гурван сэдвээр идэвхтэй санаачилга гаргаж оролцдог. Эдгээр санаачилгын ач холбогдол, үр нөлөө нь юу вэ?

-Давосын олон улсын эдийн засгийн чуулганд оролцох нь монголчуудын хувьд маш чухал юм. Энд бид гурван том санаачилгад их идэвхтэй оролцдог. Бидний санаачилгыг зохион байгуулагчид ч идэвхтэй дэмждэг юм. Энэ нь юу вэ гэхээр нэгд, хариуцлагатай уул уурхайн асуудал. Эдний хүмүүс хариуцлагатай уул уурхайн чиглэлээр Монголд ажиллаж байсан.

Ер нь уул уурхайн ямар гэрээ байгуулах, ямар загвар байх вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Энэ санаачилгад дэлхийн 20 гаруй орон нэгдсэн байдаг. Монголын хувьд цаашдаа Ашигт малтмалынхаа хуулийг боловсронгуй болгох, ашигт малтмалаа ард түмэндээ ээлтэйгээр ашиглахад энэ санаачилга их хэрэгтэй. Хоёрт, авилгын эсрэг санаачилга байдаг. Энэ бол зөвхөн Засгийн газар, төрийн асуудал биш, хувийн хэвшлийнхний ч асуудал юм. Хувийн хэвшлийнхэн авлигын эсрэг санаачилгад нэгдэж, авлига өгөхгүй, төрийнхөнд авлига авах нөхцөл бий болгохгүйн төлөө ажиллах юм бол амжилтад хүрдэг санаачилга юм. Үүн дээр бид хамтарч ажиллаж байгаа. Мэдээж, Монгол Улс 2012 онд авлигын түвшин хамгийн их буурсан орноор шалгарсан нь энэ санаачилгын ур дун байсан гэж хэлж болно. Гуравт, устай холбоотой чухал санаачилга бид гаргасан. Манайд усны асуудал Улаанбаатарыг тойроод байгаа. Уул уурхайн компаниуд болон говь, хөдөөд усны асуудал их байдаг. Тиймээс дэлхийд хэрэглэж, байгаа хамгийн сайн технологийг бид авчрах ёстой. Жишээ нь, ус бохирдлоо гэхэд цэвэршүүлж болох уу, Улаанбаатарын цэвэр усны худгууд бохирдлоо гэхэд яах вэ, ер нь усныхаа асуудлыг бид яаж шийдэх юм, ширгээд байгаа булаг, гол горхио яаж сэргээх юм гэх зэргээр бидэнтэй адил асуудалтай улс орнууд дэлхийгээр нэг байгаа.

Дөнгөж сая би Швейцарийн холбооны Ерөнхийлөгчтэй уулзлаа. Щвейцарьт маш чухал нэг асуудал байдаг нь шууд ардчилал. Энэ нь орон нутагт төсвийн болон бусад эрх мэдэл өгөх тухай юм. Үүнийг хамгийн алдартайгаар шийдэж чадсан улс бол Швейцарь. Энэ улс бол Их хурлаар дамжуулан асуудал шийдэхээс илүүтэй зөвхөн иргэдийн төлөөллөөр дамжуулж шийддэг. Нийт асуудлынхаа 70 хувийг иргэдийнхээ шууд оролцоотойгоор орон нутагтаа шийддэг орон юм. Ийм туршлага бидэнд маш чухал байгаа. Бид шууд ардчиллын чиглэлээр Монголдоо гурван том хурал хийсэн. Швейцариас олон хүн Монголд очиж туршлагаасаа хэлж ярьж байсан. Энэ талын судалгаа одоо эрчимтэй хийж байгаа.

-Яагаад Давосын эдийн засгийн чуулганд оролцох нь чухал юм бэ?

-Эндээс бид жишээ авах олон  зүйл байгаа. Дэлхийд тухайн, жилийн өнгийг Давосын чуулган тодорхойлдог. Оны эхэн буюу нэгдүгээр сар болдог болохоор 2013 онд дэлхийн улс төрд ямар ямар үйл явдал болох, анхаарал татаж байгаа том асуудал юу байна гэдгийг ярилцацгаадаг. Тухайлбал, Хятад, Орост ямар өөрчлөлт болох, Ойрхи Дорнодод ямар том уйл явдал өрнөх, энэ нь дэлхий нийтэд ямар өөрчлөлт, үр дагавар авчрах вэ гэх мэтээр тухайн жилийнхээ улс төр, нийгэм, эдийн засгийн өнгийг тодорхойлдог чуулган юм. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мянга гаруй топ компаниудын удирдлага хүрэлцэн ирдэг. Энэ асуудалд оролцоотой гэж үзэж байгаа улсын төр засгийн удирдлагууд зохион байгуулагчдын урилгаар ирж оролцдог. Тиймээс ирье гэсэн бүхэн ирдэггүй.

-Монгол Улсын хувьд энэ удаагийн хуралд ямар үр дүнтэй оролцсон бэ?

-Монгол Улсыг сонирхох сонирхол асар их болжээ. Бид урьд өмнө Давосын чуулганд оролцъё гэхээр хүлээж авах, авахгүй янз бүр л байсан. Ер нь жил бүр манай статус нэмэгдэж байна. Ирэх жилээс Давост Монголын сэдэвтэй, Монгол руу хандсан их том хэлэлцүүлгүүд болох хандлагатай байгаа. Монгол Улс Давосын чуулганы нэг сэдэв нь болж орох сайхан боломж бүрдэж байна. Нэг оронд айлчилснаас энэ ( чуулганд оролцох нь олон орны ( төр засгийн тэргүүнүүдтэй нэг дор уулзаж болдог. Дэлхий нийтэд анхаарал татаж байгаа асуудлаар Монгол Улс байр сууриа илэрхийлэх боломж гарч ирдэг. Монгол Улс өөрийнхөө нэр хүндийг өсгөх, гадаадад таниулах боломж юм. Ер нь Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын баталгаа бол Монгол Улсын эрх ашиг өөр олон орны эрх ашигтай холбогдох ёстой Энэ утгаараа чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

-2013 оны дэлхийн улс төр, эдийн засгийн ерөнхий төсөөлөл ямар байх бол...

-Энэ онд дэлхийн улс төр, эдийн засагт ямар ямар өөрчлөлт гарах вэ гэдгээр оролцогч бүр өөрийн байр сууриа илэрхийлдэг, шинжээчид, мэргэжлийн гол гол хүмүүс ирж ярилцдаг учраас түүнийг сонсдог. Түүнээс биш асуудал баталдаггүй. Энэ асуудал ийм чиглэлээр явах юм байна, ингэж шийдэгдэнэ, НҮБ. ийм бодолтой байгаа, Дэлхийн банк ийм бодлого барих юм байна гэх зэргийг чуулганаас харж болдог. Үүгээрээ их чухал байдаг. Ер нь 2013 оны хувьд дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал тодорхой хэмжээгээр үргэлжилнэ, анхаарал татсан асуудлууд ч гарч ирнэ гэдгийг чуулганд оролцогчид ярилцлаа.

2013 онд Монголд болох нэг том арга хэмжээ бол Ардчиллын хамтын нийгэмлэгийн сайд нарын уулзалт болно.

Бид Ардчиллын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалсан. Одоо Латин Америк руу шилжүүлэх гэж байгаа. Тэгээд ирэх дөрөвдүгээр сард дээрх арга хэмжээ болно. Маш олон орны гадаад хэргийн сайд нар, ардчилал, эрх чөлөөний томоохон зүтгэлтнүүд Монголд ирэх сонирхлоо илэрхийлж байгаа.

-Арабын хавар болон түүний үр дагаврын тухай хуралд та оролцсон. Монголын ардчиллын жишээг их сонирхож байсан гэсэн...

-Энэ хурлыг Кофи Аннан гуай өөрөө нээж, бид нэлээд удаан ярилцаж суулаа. Би Монголын хүрсэн түвшинг ярьсан. Монголын хүрсэн түвшин, арга туршлага үнэхээр чухал юм. Монголоос суралцмаар зүйл их байна гээд хамтарч ажиллах хүслээ маш олон орны төр засгийн тэргүүнүүд, том хөдөлгөөний удирдагч нар хэлж байсан. Энэ нь Монголын нэр сайнаар гарч байгаагийн нэг илрэл нь. Бидний зорилго бол өөрийн улсынхаа нэрийг сайнаар гаргах, энэ олон улсын эрх ашигтай холбох, хамтарч идэвхтэй ажиллах юм.

-Одоо өөр нэг зүйл асууя. Та өөрийнхөө санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслөө эргүүлэн татсан. Үүнийгээ "хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуультай байснаас байгаагүй нь дээр" гэж товчоор тайлбарласан. Энэ хуулийг бүр татаж байгаа юм уу?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр би хууль санаачилж оруулсан юм. Хэлэлцүүлгийн явцаас харахад тэр хуулийн үзэл санаа өөрчлөгдсөн.

Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагуудын иргэдэд мэдээлэл хүргэх эрх чөлөөг хумисан, янз бүрийн байдлаар төр засгийн зүгээс оролцсон заалт оруулах гээд байсан. Тиймээс муу хууль гаргаснаас тэр асуудал өмнөх хуулиараа зохицуулагдаад явж болно. Ер нь хариуцлагатай холбоотой болон бусад асуудлууд олон хуулинд байгаа. Заавал муу хууль гаргаж асуудал үүсгэснээс эргээд сайн ярья гэсэн юм. Манай хэвлэлийнхэнд бас асуудал бай-гаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль боловсруулж байна, ирээд хамтарч ажиллаач гэж бүтэн жил урьсан. Тодорхой санал санаачилга гаргахгүй байсан хэрнээ яг чуулганаар ярихаар зөндөө олон асуудал үүсч байгаа юм. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний хуулинд тусгах шаардлагатай хууль олон байна гэдгийг харлаа. Би ганц л зүйлийг баримталсан. Тэр нь юу вэ гэвэл, хэвлэлийн эрх чөлөөг л баталгаажуулъя, энэ чигийн санал санаачилгыг дэмжье гэсэн юм. Түүнээс хэвлэлийн эрх чөлөөг хаах боох, төрөөс хэвлэлийн эрх чөлөөнд халдах, дарга албан тушаалтнууд оролцоход чиглэсэн хууль байвал буруу гэж би бодож байгаа. Хэлэлцүүлгийн явцад тэр талын санал нь давамгайлах гээд байгаа учраас хуулийн төслөө татаж аваад дахин хэлэлцэж ярилцъя гэсэн юм. Заавал яаран сандран хэл амтай, муу хууль батлах гээд байх шаардлагагүй. «Цаашдаа УИХ-ын гишүүд, сая ажлын хэсэгт оролцсон хүмүүс нийлээд Хэвлэлийн эрх чөлөөний Хуулийг улам сайжруулаад санаачилж болно. Заавал Ерөнхийлөгч санаачилна гэх юм байхгүй. Ерөнхийлөгчийн хувьд муу шийдвэр, муу заалт орох юм бол саналаа хэлэх, хориг тавих эрхээ ашиглаж болох юм байна гэж бодож байна. Тиймээс санаачилж оруулж ирсэн хуулиа татаж авсан. Гэхдээ энэ хуулиас үр дүн гарсан. Ямар асуудлууд манай хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, сэтгүүлч, эзэд, төр засгийн хооронд байна гэдэг нь илэрч гарснаараа энэ хэлэлцүүлэг үр дүнтэй болсон гэдгийг хэлэх хэрэгтэй.