Монгол Улсын эдийн засгийн байдлыг танилцууллаа
2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 12.3 хувьтай гарч, ДНБ-ний хэмжээ 13.9 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ 1.2 хувиар өсөн 4,8 сая төгрөгт хүрчээ. Харин улсын хүн ам 2012 онд 2.1 хувиар өссөн байна.
Инфляцийн жилийн өөрчлөлт 2012 онд 14 хувьтай гарлаа. Инфляцийн түвшин хурдацтай өсөж өнгөрсөн дөрөвдүгээр сард 16 хувьд хүрч, улмаар оны эцэс гэхэд 18-19 хувьд очих хандлагатай байсныг хазаарлалаа. Инфляцийг буулгахад Засгийн газар, Монгол банк хамтран гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар дөрвөн чиглэлд хэрэгжүүлсэн хөтөлбөр чухал нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд онцолсон юм. Үнийн өсөлтийн суурь шалтгааны нэг шатахууны хувьд л гэхэд дизель түлшний гадаад үнэ 26 хувиар өссөн байхад дотоодын жижиглэнгийн үнэ 6 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, литр тутамдаа 210 төгрөгөөр нэмэгдэх тооцоотой байсан шатахууны жижиглэн худалдааны үнэ бага дүнгээр нэмэгдсэн нь дээрх хөтөлбөрийн үр дүн хэмээн Ерөнхий сайд тайлбарлав. Мөн өргөн хэрэглээний импортын барааны өртгийг бууруулахын тулд хатуу хуваариар тусгайлсан галт тэрэг явуулж эхэлснээр Замын–Үүдээс гарсан ачаа 24 цагийн дотор Улаанбаатарт ирдэг болсон. Хүнс, цемент, барилгын материал зэрэг гол нэрийн 350 мянган тонн бараа тээвэрлэсэн 6500 вагонтой 113 галт тэрэг одоо тогтмол аялж байна. Ингэснээр ирэх хавар өндөр ачаалалтай ажиллах барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогторворжуулахаар үндсэн түүхий эд, бүтээгдэхүүнүүдийг худалдан авч нөөцөлж эхэлсэн юм.
Мөн шинэчлэлийн Засгийн газраас энэ онд орон сууцны моргейжийн зээлийг эрс нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ. Орон сууцны метр квадратын үнэ огцом өссөн нь иргэдийн нуруун дээр 12 хувийн хүүтэй зээл авсантай адил хэмжээний дарамт үзүүлэх болсон тул өнгөрсөн Засгийн газрын эхлүүлсэн орон сууцны 6 хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх боломжгүй, үр ашиггүй байна. Иймд, орон сууцны метр квадратын үнийг нэг сая төгрөг орчимд барих бодлого боловсруулж байна хэмээн Засгийн газрын тэргүүн УИХ-ын гишүүдэд дуулгасан юм.
Эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг төсвийн тухайд, улсын нэгдсэн төсвийн тэнцэл нэг тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөгөөнөөс 280 тэрбум төгрөгөөр давжээ. Дэлхийн болон хөрш орнуудын эдийн засгийн өсөлт саарч, гадаад эдийн засгийн орчны таагүй нөхцлөөс улбаалан манай экспортын орлогыг голлон бүрдүүлэгч нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгийн үнэ буурч эрэлт багассан нь төсвийн алдагдал гарах гол шалтгаан болсон байна.
Хүний хөгжлийн сангийн алдагдал 400 тэрбум төгрөгт хүрлээ. Санхүүгийн талаас нь үзвэл сан олсон орлогоосоо илүүчилж бүрдүүлдэг “нэмэх“ тэмдэгтэй байх ёстой ч манайх өр тавьж мөнгө тараадаг “хасах” тэмдэгтэй сан болж хувирчээ хэмээн Ерөнхий сайд тодотголоо.
Алдагдалтай гарсан өөр нэг салбар бол гадаад худалдаа. Гадаад худалдааны бараа, үйлчилгээний алдагдал өнгөрсөн оны түвшнээс 30 хувиар өсчээ. Энэ салбарын алдагдал дорвитой буурахгүй байгаа гол шалтгаан нь манай улсын машин, тоног төхөөрөмж, шатах тослох материалын импорт нэмэгдсэнтэй холбоотой юм. Эрдэс бүтээгдэхүүн буюу автобензин, дизелийн түлшний импорт 2011 оноос 24 хувиар, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 19.5 хувиар өссөн нь үүнд нөлөөлсөн байна.
Харин санхүүгийн тогтвортой байдлын гол шалгуур болдог банк, санхүүгийн салбар 2012 онд хэвийн ажиллаж, эрсдэл нь буурчээ. Өнгөрсөн онд улсын мөнгөний нийлүүлэлт 7.6 их наяд төгрөгт хүрч 19 хувиар, нийт хадгаламжийн хэмжээ 4.9 их наяд төгрөгт хүрч жилийн 27 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарлаа. Түүнчлэн, гадаад валютын албан нөөц 2012 оны эцэст 4.1 тэрбум ам.долларт хүрчээ. Гадаад секторын эрсдэл өндөр үед Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан нь макро болон санхүүгийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлсөн гэсэн дүн гарсан байна. Дээрх эх үүсвэрийн зарцуулалтыг мөнгөний бодлоготой уялдуулах, эдийн засаг дахь эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар Монголбанктай “Санхүүгийн зуучлалын гэрээ” байгуулснаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна. Тодруулбал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2012 оны 12 дүгээр сарын 31-ний байдлаар 1,392.1 төгрөгт хүрсэн нь оны эхнээс 4.3 төгрөгөөр чангарчээ.
2012 оны Монгол Улсын эдийн засгийн голлох эдгээр үзүүлэлтийг танилцуулсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг макро эдийн засгийн 2013 оны төлөв, төсөөллийн талаар товч тойм хэллээ.
Энэ онд ДНБ-ий хэмжээ нэлээд нэмэгдэнэ. Оюутолгойн зэс-алтны ордны үйлдвэрлэл 2013 онд эхэлж, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний олборлолт хоёр дахин нэмэгдсэнээр нийт нүүрсний олборлолт өсөхөөр байна. Төмрийн хүдрийн олборлолт 2012 оноос 20 гаруй хувь, газрын тосны олборлолт 0.6 хувиар өсч, уул уурхайн салбарын бодит өсөлтийг нэмэгдүүлэх тооцоо гарч байна.
Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт 2013 онд 4.5 хувиар, боловсруулах салбарын үйлдвэрлэл 12.3 хувь өсөхөөр байна. Төмрийн хүдэр, нүүрс, зэс, газрын тос зэрэг уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, барилга угсралтын ажил эрчимжсэнээр тээвэр, худалдаа болон бусад үйлчилгээний салбар 10.5 хувиар өсөх төлөвтэй байна. Тухайлбал, тээвэр, агуулахын үйл ажиллагаа явуулдаг салбар болон бөөний, жижиглэнгийн худалдааны салбарт 13 хувиар өсөхөөр төсөөлж байна. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн төсөөллийг Блумбергийн шинжээчдийн тооцоогоор авлаа. Бодит ДНБ-ий нийт хэмжээ 2013 онд 18.5 хувиар өсч, нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 17.6 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлж байна.
Түлш, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах бодлого, зохицуулалтын үр дүнд инфляцийн түвшинг 2013 онд нэг оронтой тоонд оруулахаар Засгийн газар зорьж байна гэж Ерөнхий сайд хэллээ.