Жижиг, дунд үйлдвэрлэлийн 150 мянган ажлын байрыг санхүүжүүлнэ
Засгийн газраас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа аж. Үүний дагуу ЖДҮ эрхлэгчдийн гол бэрхшээл болсон банкнаас зээл авахад шаардагддаг барьцаа хөрөнгийн дутагдалтай асуудлыг шийдэх зорилгоор тухайн зээлийн 60 хүртэл хувьд төрөөс батлан даалт гаргахаар болсон юм.
Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамд болон мэргэжлийн холбоонууд, МҮХАҮТ-ын оролцоотойгоор Зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулсан аж. Түүнчлэн ЖДҮХГ иргэдээс төсөл хүлээн авах журмаа шинэчилжээ.
Шинэ журмаар 100 сая төгрөг хүртэлх санхүүжилт шаардлагатай төслийг /Улаанбаатар хотод хэрэгжих бол/ дүүргүүдийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэст, хөдөө орон нутагт бол тухайн аймгийн хуучнаар ХХААЖДҮГ-т хүлээн авч байгаа гэсэн.
Харин 2013 оны нэгдүгээр сараас аймгийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд авах юм байна. Мөн 200 сая төгрөг хүртэлх санхүүжилт шаардлагатай төслийг НЗДТГ-т, хөдөө орон нутгаас бол Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирүүлэх аж.