Д.Ганхуяг: УИХ-ын 39-р тогтоолыг баримталбал зөв шийдвэр гарна
2011.08.08

Д.Ганхуяг: УИХ-ын 39-р тогтоолыг баримталбал зөв шийдвэр гарна

-Сүүлийн үед Тавантолгойн ордын талаар их шүүмжлэл гарах болсон. Тавантолгойн одоогийн байдлыг та юу гэж харж байна вэ?

-Шүүмжлэл гарч байгаа нь сайн хэрэг. Харин тэр шүүмжлэлүүдээс Монгол Улсад ашигтай шийд гаргах дараа, дараагийн шатанд ажил хэрэг болгох нь чухал. Энэ бол ардчилсан, иргэний нийгмийн том шинж. Тавантолгойн ордын талаар одоогоор бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй тул хэвлэлээс мэдээлэл авч байна. Зарим мэдээллийг харж байхад Тавантолгойн ордыг хуваагаад л, тэрнээсээ ямар үндэслэлээр ч юм мэдэхгүй, зарим орнуудад үнэгүй хувь амлаад л, заримыг нь хоосон орхиод л, тэгснээ хоосон орхиогүй болж ордын нөгөө хэсгээс нь хувиа амлаж байгаа юм шиг болоод байна.

Энэ байдлаас нь харахад ихэд ойлгомжгүй, тансаглаад байгаа ч юм шиг.


Бантан л болж байна даа. Ер нь ордын ашиглалттай холбогдуулж уралдаант шалгаруулалт явуулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл ажиллагаа цэвэр бизнес бөгөөд тэр зарчимдаа суурилбал зөв явна. Одоогийн явцыг харахад Монгол Улс стратегийн ордынхоо тодорхой хувиар зарим хөршүүддээ буцалтгүй тусламж, хандив амлаад байна уу гэлтэй. Бизнест хэлэлцээрээр үнэгүй юм өгч авалцах нь ихэд сонин, ховор тохиолдол. Уралдаант шалгаруулалт юм бол тэр зарчмаараа тодруулбал хоёр дахь шатны шалгаруулалтад тэнцсэн байдлаараа барианд орох л ёстой. Нөгөө талаас энэ ордыг ашиглах шийдвэрийг Засгийн газар гаргахдаа Гадаад бодлогын үзэл баримтлал, УИХ-ын 39-р тогтоол зэрэг холбогдох хууль.тогтоомжийг баримтлах эрх, үүрэгтэй.

-УИХ-ын 39 дүгээр тогтоолыг дагавал яаж шийдвэрлэнэ гэсэн үг вэ?

-УИХ-ын 39-р дүгээр тогтоолд энэ талаар тодорхой заасан. "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулах. Энэ компанийн хувьцааны 50-иас доошгүй хувийг Монголын Засгийн газар, үлдсэн 10-50 хувийг үнэгүйгээр нийт ард иргэдэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгөх, 30 хүртэлх хувийг Хөрөнгийн бирж дээр арилжаалах гэсэн шийдвэр байгаа. Энэ 30 хүртэлх хувийн хувьцааг борлуулсан санхүүжилтээр, төмөр зам тавих, ашигт малтмалыг боловсруулах Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих, говийн бүсийн бусад дэд бүтцийг барих зорилтыг тавьсан. Энэ шийдвэрийг УИХ гаргахдаа санаанаасаа зохиогоогүй. Бодит жишээ болох Оюутолгой, Ухаа худгийн жишгийг харгалзсан. Эдгээр төслүүд дээр лиценз эзэмшигчид нь баялгийг эзэмшигч компанийнхаа үнэлгээг хийлгэж Хөрөнгийн бирж дээр гараад, хувьцааныхаа тодорхой хэсгийг борлуулж төслөө хэрэгжүүлэх санхүүжилтээ эхлээд босгосон.

Тавантолгойн коксжих нүүрсний 20 орчим хувийг агуулдаг Ухаа худгийн ордын хувьцааны 20 хувь нь 650 орчим сая ам.доллар болсон.

"Эрдэнэс Таван-толгой"-н хувьцааны 20-30 хувь нь 3-4 тэрбум ам.доллар хүрэх боломжтой. Гэтэл энэ компанийн хэдэн хувийг нь ч юм мэдэхгүй үнэгүй өгөөд оронд нь 500 сая.ам.доллар буцалтгүйгээр авна гэж мэдээлэх юм. Нөгөө талаас "Эрдэнэс тавантолгой"-г хувааж байгаа гэж ярих юм. УИХ-ын тогтоолд хувааж болохгүй гэж заасан байгаа. Учир нь Тавантолгойг хуваах тусам компанийн үнэлгээ, хувьцааны үнэ, улмаар ногдол ашиг буурч, эсрэгээр зардал нэмэгддэг жамтай. Дээр нь манайхан  болсон хойно хоорондоо өрсөлдөөд бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах нь ч ойлгомжтой. Эндээс иргэдэд очих хувьцааны үнэ, түүнд оногдох ноогдол ашиг хийгээд Монголын талд  орох нийт ашиг энэ ордыг учир нь олдохгүй шалтгаанаар хүчээр хэд тасчин хуваах, тийм хэмжээгээр буурна гэж ойлгож болно.

-Бид Тавантолгойн ордоо зөв ашиглаж чадаж байгаа юу. Ер нь Тавантолгойн ордоо хэрхэн хуваах ёстой гэж та бодож байгаа вэ?

-Албан ёсны мэдээлэл байхгүй, эцсийн шийд хараахан гараагүй байна. Одоогийн байдлаар "Эрдэнэс тавантолгой"-г ашиглах зөв шийдвэр гаргах уу эсхүл буруу шийдвэр гарах уу гэдэг ирмэг дээр ирсэн байгаа. УИХ-ын 39-р тогтоолыг баримталбал зөв шийдвэр гарна. Гол нь эхлээд баялгийг эзэмшигч компаниа үнэлүүлээд уг ордыг ашиглахад шаардагдах төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтэц барихад хөрөнгийг энэ компанийнхаа хувьцааны тодорхой хувийг зарж босгох нь зүйтэй юм. Энэ нь эхлээд төслийн санхүүжилт босгох, дараа нь олборлох, маркетинг, боловсруулах үйлдвэр барих зэрэг асуудлаа ялгаж салгаж ойлгохыг хэлээд байна. Эндээс харахад "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны 30 хүртэлх хувийг тэр уралдаант шалгаруулалтын хоёр дахь шатанд үлдсэн орнуудад тодорхой хязгаарлалт бүхий нөхцөлтэйгөөр худалдсан нь шударга харагдаж байгаа биз. Бусад орнууд ихэнх том ордууд дээр ийм хэлбэрийн шийдвэр гаргасан байдаг.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн ордын асуудал багагүй шүүмжлэл хүртэж, гацсан байдалтай байгаа гэсэн. Яг ямар асуудлуудыг нь шүүмжилж байгаа талаар танд мэдээлэл бий юу?

-Хэвлэлийн мэдээллээс өөр мэдээлэл алга. ҮАБЗ-өөс энэ асуудлаар өмнө нь гарсан зөвлөмж нь УИХ-ын 39-р дүгээр тогтоолын агуулгатай төстэй байсан.

-Сүүлд  Тавантолгойн нүүрсийг Хятадад худалдах шийдвэр гаргасныг олон хүн буруутгаж байгаа. Нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар гаргаж байгааг та юу гэж үзэж байгаа вэ?

-Нүүрсийг хэнд ч худалдаж болно. Эхлэх нь чухал. Гэхдээ боловсруулж нэмүү өртгийг эх орондоо үлдээгээд зах зээлийн ханшаар Монгол улсад хамгийн ашигтай нөхцөлөөр худалдах нь чухал. Мөн үүнээс чухал юм ч бий. Тэр нь хүний эрүүл мэнд, байгаль орчны асуудал.

-Тавантолгойн хөрөнгө оруулагчаар Монголын томоохон компаниуд орж байгаа гэсэн мэдээлэл байсан. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Энэ татаар надад одоогоор мэдээлэл алга. Уг нь тийм бодлогыг Монголын Засгийн газар хэрэгжүүлэх учиртай. Нүүрсний ордыг ашиглах, олборлох ажлыг монголчууд хийж сураад олон жил болсон.

-Стратегийн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг мөн улс орны харилцаа, ашиг сонирхлыг давхар хөндөж байх шиг байна. Бид сайн хөрш Япон, Солонгос, Германаа гомдоохгүйн тулд яаж ажиллах ёстой вэ?

-Эдгээр орнууд жинхэнэ ардчилсан, шударга өрсөлдөөнд суурилсан зах зээлийн эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд. Тэд ил тод ойлгомжтой, шударга нөхцөлийг Монголын төрөөс гаргавал эдгээр төсөлд оролцоно гэж ойлгож байна. Ийм  боломж гарахгүй бол манай бүтээгдэхүүнийг хөршүүдээс авна. Тэгээд бидний тэр хоёр хөрш, гуравдагч хөрштэй тэнцвэртэй харилцах зарчим цаасан дээрээ байсаар байх болно.

-Сүүлийн үед манай улсыг чиглэх төрийн өндөр хэмжээний айлчлалууд идэвхжих боллоо. Та энэ бүхнийг юу гэж харж байна вэ?

-Энэ сайн хэрэг. Монгол Улс түүний баялаг олон улсын анхааралд орсных гэж хэлэх байна.

-Сүүлд айлчилсан Энэтхэг улсын болон одоо удахгүй манай улсад айлчлах Солонгос улсын төрийн тэргүүний сонирхлыг та юу гэж харж байна вэ. Мөн манай улсын энэ айлчлалаас хүлээж байгаа үр дүнг та юу гэж үзэж байгаа вэ?

-Монгол Улсын төрийн өндөрлөгүүд ихэнхдээ гадагш айлчилдаг байсан бол гадны том орны тэргүүнүүд Монголд айлчлах болсон байна. Энэ сайн хэрэг. Монгол Улс Үндэсний Аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалаа саяхан шинэчилсэн нь чухал ажил байсан. Ямар ч орон дэлхийн тавцанд улс төр, эдийн засгийн бодлогод идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй байдаг.

Энэ боломж Монголд улам нэмэгдэж байна. Гэхдээ энэ нь улам их хариуцлагатай байхыг шаардана.

Манай улс зах зээл багатай тул эдийн засгийн гадаад харилцаа, экспортын зах зээлийг тэлэх нь тулгамдсан асуудлын нэг. 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулахад манай гадаад харилцаа хэд дахин тэлсэн мөртлөө манай ГХЯ-ны хүний нөөц, хүчин чадал бараг тэр хэвээрээ байх шиг санагддаг. Үүнээс болоод ч юм уу айлчлаад эсхүл айлчлуулаад л байдаг айлчлалын мөрөөр авах арга хэмжээ, хэрэгжүүлэх ажил нь маш хангалтгүй байсаар байна. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.