Монголын нар мөнгө болох нь
Сопоко” компани 10 МВт-ын нарны станцыг 1.5 жилийн дотор барина
Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ хэмээн бид хөөрцөглөж сууна. Гэтэл уг өсөлтийн дийлэнхийг бүрдүүлэх томоохон ордуудаа “хөдөлгөхөд” шаардагдах эрчим хүчийг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Одоогоор уул уурхайн салбар нийт эрчим хүчний 19.4 хувийг “залгиж” буй. Шинэ эх үүсвэр барихгүй бол 2014 онд монголчууд цахилгааны хомсдолд орж магадгүйг Дэлхийн банкнаас сануулсан бол ЭБЭХЯ (хуучнаар)-ны хийсэн судалгаагаар 2015-2030 онд манай эрчим хүчний хэрэглээ 1500-3000 МВт болж өснө гэж тооцоолжээ. Нөгөөтэйгүүр, Эрчим хүчний мастер төлөвлөгөөнд дурдсанаар манай улсын эрчим хүчний эрэлт 2020 он хүртэл жилд дунджаар 2.9 хувиар нэмэгдэх гэнэ.
ЭРЧИМ ХҮЧНИЙХЭЭ 12 ХУВИЙГ ИМПОРТОЛДОГ
Монгол Улс эрчим хүчнийхээ 12 хувийг импортоор авч, 4.4 хувийг дизель түлшнээс, 2.5 хувийг усан цахилгаан станцаас, 0.5 хувийг нар, салхины эх үүсвэрээс, үлдэх хувийг нүүрснээс гаргаж байгаа. Эрчим хүч импортлоход манай улс жилд 29 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа гэх албан бус тооцоо ч бий. Бас “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2011”-д бичсэнээр Монголын эрчим хүчний дэд бүтэц муу, ирээдүйн нөөц, хангамж нь баталгаажаагүй гэнэ. Иймээс ч эдийн засгийн хөгжлөөр ойролцоо 14 орноос Монгол Улс баян ходоодонд яваа болов уу. Уг нь манайд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нар, салхины нөөц арвин. “Монголын эрчим хүч-2012” олон улсын чуулга уулзалтын үеэр мэргэжилтнүүд манайд жилийн 270-300 өдөр цэлмэг, нарны гийгүүлэх хугацаа дунджаар 2250-3300 цаг гэж ярьж байсан. Мөн жилд тусах нарны цацрагийн хэмжээ нэг ам метр талбайд 1200-1600 КВт болохыг онцолж байсан юм.
Харин өнөөдөр Монгол Улс эрчим хүчнийхээ ердөө 0.01 хувийг нарны цахилгаан станцаас гарган авч байгаа нь 2020 он гэхэд үйлдвэрлэж буй эрчим хүчнийхээ 20-25 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авахаар төлөвлөж буйтай харьцуулахад чамлахаар тоо. Түүнчлэн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал одоогоор 984 МВт байгааг 2000 болгох шаардлагатайг холбогдох яамнаас нь мэдээлсэн. Сэргээгдэх эрчим хүчнийхээ нөөцийг бүрэн ашиглаж чадвал “Нарлаг”, “Эрчим хүчний диваажин” гэх тодотголтой Монгол өөрт хангалттай цахилгаан үйлдвэрлэж, бүр экспортлох ч боломжтой гэнэ. Арав гаруй жилийн өмнө эхэлж, өнгөрсөн онд хэрэгжиж дууссан “100 мянган нарны гэр” хөтөлбөрт 100146 малчин өрх хамрагдаж, нарны цахилгаан эх үүсвэртэй болсон. Энэ нь нийт малчин өрхийн 60 гаруй хувь нь нарны эрчим хүчийг өдөр тутмын амьдралдаа ашиглаж байгаа гэсэн үг.
Уг хөтөлбөрөөс гадна нарны эрчим хүчийг ашиглах олон хөтөлбөр манайд хэрэгжсэн юм билээ. Тухайлбал, нар, салхины хосолсон эх үүсвэрийг ашигласан цахилгаан станцыг Завханы Дөрвөлжин сумын нутагт байгуулсан нь одоог хүртэл ажиллаж байна. Одоо харин шат ахиж, нарны цахилгаан станц барих шаардлага бидэнд байна. Учир нь Монголд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдан, хууль эрх зүйн орчин бүрдсэний зэрэгцээ энэ төрлийн станцыг барихад урт хугацаа шаардагдахгүй, дэлхийд нарны дулааны цахилгаан станц барих хамгийн тохиромжтой газруудын нэг нь Монголын говь болохоор тэр.
10 МВТ-ЫН НАРНЫ СТАНЦ БАРИХ ТЭЗҮ БЭЛЭН БОЛЖЭЭ
Уур амьсгалын хувьд манайхтай адил ӨМӨЗО-ы Баотоу хот нарны эрчим хүчний үйлдвэрлэлээ эрчимжүүлжээ. Тухайлбал, тэнд 500 МВт-ын хүчин чадалтай станц барьж байна. Үүнтэй ижил хэмжээний хүчин чадалтай нарны цахилгаан станцыг говьд барих боломж бий аж. Ер нь энэ төрлийн станц нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хөрс бохирдуулдаггүй, ус их зарцуулдаггүй, урсгал зардал бага зэрэг давуу талтай юм байна. Хүн ам сийрэг, Төвийн эрчим хүчний системээс алслагдсан орон нутгийн хэрэглэгчдэд зориулан нарны цахилгаан станц барих нь хамгийн тохиромжтой юм.
Одоогоор Монголын “Сопоко” компани 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ТЭЗҮ-ээ бэлэн болгоод байгаа гэнэ.
Тэдний тооцоолсноор, уг станцыг 12 сая ам.долларын зардлаар, 1.5 жилийн дотор барьснаар 7000 өрхийг эрчим хүчээр хангах аж.
Найдвартай ажиллагаатай, шилжүүлэн нүүлгэх боломжтой, эвдрэл бага, дуу чимээгүй зэрэг давуу талтай уг нарны станц жилд хүлэмжийн хийн ялгарлыг 12500, усны хэрэглээг 111000 тонноор багасгаж, 10400 тонн нүүрс хэмнэх юм. Монголчууд бие даан барих боломжтой, энэ чиглэлийн боловсон хүчин ч хангалттай юм байна. Уг станцыг барихад харьцангуй бага буюу 8-10 га талбай шаардагдана гэсэн. Үүнээс гадна нарны цахилгаан үүсгүүрээр дэлхийд тэргүүлэгч Германы “MUP International GmbH & Co.KG” компани өөрийн хөрөнгөөр 100 МВт хүртэлх хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар ажиллаж байна.
Энэ чиглэлийн арвин туршлагатай, 2006 оноос хойш манайд нар, салхины нөөцийн туршилт хийж байгаа тус компанийнхан эхний ээлжинд Дөргөн, Тайшир, Даланзадгадад тус бүр 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар төлөвлөөд буй. Мөн говийн бүсэд томоохон чадлын нарны станц барих судалгааны ажлыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийнхөн Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хийж буй бол Чехийн “Bohemia group” компани Тайширт тав, Голландын “Ganymedes” компани нийслэлийн орчимд 10, БНСУ-ын “Hyosun group” Баянтээгийн орчимд 7.8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Түүнчлэн Монголын “Newcom”, Японы “SoftBank” групп хамтран говьд 300 МВт-ын хүчин чадалтай нар, салхины станц байгуулахаар ажиллаж байна.
Дашрамд дурдахад, говь гэлтгүй Улаанбаатар хотод нарны эрчмээс 28483 МВт/цаг эрчим хүч гарган авах боломжтой гэсэн. Ер нь нарны цахилгаан станц нь дулааны эрчим хүчний хэрэглээг хангах боломжтойгоороо бусад сэргээгдэх эрчим хүчний технологиудаас давуу юм байна. Бас олон улсын жишгээс харахад нарны цахилгаан үүсгүүрээр бий болгосон эрчим хүчний үнэ сүүлийн жилүүдэд 75 хувиар буураад байгаа юм. Тэгээд ч дэлхийн орнууд нүүрснээс эрчим хүч гарган авахаа хязгаарлан, цаашид бүр татгалзахаар төлөвлөөд байгаа шүү дээ. Тиймээс ч 2060 он гэхэд дэлхий даяар эрчим хүчнийхээ 30 хувийг нарнаас гарган авах тооцоог гаргасан биз ээ. Харин Монгол суурилагдсан хүчин чадлынхаа 0.01 хувийг л нарнаас гарган авч байгааг дахин сануулъя. Хэрэв их хүчин чадлын нар, салхины станцууд баривал манай улс Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан экспортлох боломжтойг “Newcom” группийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан ярьсан.