О.Баасанхүү: МҮАН-ынхан МАХН-ЫН шийдвэрийг дагах ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Ярилцах танхим”-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын Гүйцэтгэх товчооноос гаргасан шийдвэрт та сэтгэл хангалуун бус байгаа гэсэн. Ямар учраас тэр вэ?
-Би Засгийн газраас гарах бичиг өгөөгүй. Засгийн газраас гарах шийдвэр гаргасан хуралд нь суугаагүй. Уг нь Засгийн газраас гарахгүйгээр асуудлыг шийдэж болох л байсан. Шинэчлэлийн Засгийн газарт бид хамтарснаар үр дүнтэй алхам хийж чадсан.
Тухайлбал, бонд гаргалаа. Энэхүү бондынхоо үр ашгийг үзэхийн тулд Засгийн газарт байх нь зүйн хэрэг. Гэхдээ би Гүйцэтгэх товчооноос гаргасан шийдвэрийг МАХН-ын гишүүн, Гүйцэтгэх товчооны гишүүний хувьд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн шүү дээ. Хэн ч бай МАХН-ынхныг 90 жилийн түүхтэй намыг хоёр хуваасан гэдэг үндэслэлээр гадуурхах ёсгүй шүү дээ. Тиймээс л энэ хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцэх ёстой гэсэн гаргалгааг МАХН-ынхан гаргаж байгаа юм. Тиймээс би энэхүү шийдвэрийг дэмжиж байгаа.
-МАХН-ынхан энэхүү шийдвэрээ баталгаажуулахын тулд МҮАН-ынхантай ярилцаж байгаа гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Энэ асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагва МҮАН-ынхантай ярилцаж байгаа учир би энэ талаар одоохондоо ямар нэгэн мэдээлэлгүй байна.
-Хэрэв МАХН-ынхан Засгийн газраас гарах шийдвэрээ баталгаажуулчихвал одоогийн Засгийн газар оршин тогтнох хууль эрх-зүйн боломж бий юу. Та хуульч хүнийхээ үүднээс энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Засгийн газар задрах вий гэдгээс илүүтэйгээр Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүсэх вий гэдэг дээр би илүү санаа зовинож байна. Засгийн газар гэдэг чинь улс төрийн тогтвортой байдлыг бий болгох үүрэгтэй. Тиймээс МАХН-ынхан Засгийн газраас гарлаа гэхэд улс төрийн тогтворгүй байдал бий болно. Ардчилсан намынхан янз бүрийн аргаар аргалаад Засгийн газрыг хүчээр байлгаад явж болно л доо. Гэхдээ эцсийн эцэст улс төрийн тогтворгүй байдал үүснэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
-МАХН-ынхан гарлаа гэхэд Ардчилсан намынхан МҮАН-ынхантай нэгдээд Засгийн газар байгуулах боломжгүй гэж үү?
-Эвсэл бол цул байх ёстой. Эвслийнхэн нэг л шийдвэр гаргах ёстой гэж хэлмээр байна. Тиймээс МҮАН-ынхан МАХН-ын шийдвэрийг дагах ёстой.
-МҮАН-ынхан Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж ажиллахын төлөө байна гэдэг байр суурийг илэрхийлж байгаа шүү дээ. Хэрэв МАХН-ынхан Засгийн газраас гарвал эвсэл задарч таарах байх. Тэгвэл эвслийн нэрийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү?
-“Шударга ёс” эвсэл задарлаа гэхэд гишүүдийг эргүүлэн татна гэсэн ойлголт байхгүй. Хуулиар бол, нэр дэвшчигч УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөснөөр УИХ-ын гишүүн байх эрх нь үүсдэг. Энэхүү гишүүний эрх нь дараагийн гишүүн тангараг өргөх хүртэл үргэлжилнэ. УИХ-ын гишүүнийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол эсвэл өөрийнх нь хүсэлтээр л эргүүлэн татдаг.
Тиймээс “Шударга ёс” эвсэл задарвал бид бүлэггүй бие даагч гишүүн гэсэн статустай болно.
Хэрэв хуулиараа явбал шүү дээ. Харин хуулиар явахгүй бол Ардчилсан нам, Ардын намынхан юу сэдэж байгааг хэлж мэдэхгүй юм.
-Та юу гэж хардаж байгаа юм бэ?
-Эрх баригч нам болон сөрөг хүчнийхэн энэ үйл явдлыг далимдуулаад дахин сонгууль явуулдаг ч юм уу, ямар нэгэн аргаар “Шударга ёс” эвслийг тараах сонирхлыг өвөртөлж байж болох л юм. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Ямартай ч эвсэл задарлаа гэхэд бүх зүйл хуулийн дагуу явах юм бол “Шударга ёс” эвслийн нэрийн жагсаалтаар сонгогдсон гишүүд УИХ-д сул гишүүдийн тоог л нэмэх үзэгдэл гарах ёстой гэдгийг хэлэх байна.
-Та намынхаа даргатай уулзаж байгаа юу?
-Уулздаг. Уулзалгүй яах вэ.
-МАХН-ыг Засгийн газраас гарах шийдвэр гаргасанд Н.Энхбаяр дарга ямар байр суурийг илэрхийлж байх юм бэ?
-Намын Гүйцэтгэх товчооноос дээрх шийдвэрийг гаргаснаас хойш би намын даргатайгаа уулзаж амжаагүй л байна. Түүнээс өмнө бид хоёр уулзаад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярилцсан. Дарга маань Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээн дээр тодорхой бодлого баримтлах ёстой гэж хэлж байсан. Ер нь бол төрийн хэдэн олигархиуд чинь эрүүл ухаантай, эрүүл хүнийг л устгаж, үгүй хийхийн тулд ажиллаж байгаа юм. Бодит байдал дээр Н.Энхбаяр гэдэг хүн Оросын талд нааштай ханддаг байсан юм. Одоогийн төр бол Хятадын талд нааштайгаар асуудлыг шийдвэрлэж байна. Манай улс чинь Орос, Хятад гэсэн л хоёр хаалгатай шүү дээ. Сүүлийн үеийн нөхцөл байдлыг харахад анти-орос гэдэг үзэл баримтлалаар ажиллах болж. Тиймээс л ийм үйлдлүүдийг хийх болсон байх гэж боддог юм.