Н.Энхболд: Д.Арвин гишүүн намаасаа гарахгүй
УИХ дахь МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Энхболдоос тодрууллаа.
-МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмж хасах хэд, хэдэн заалт байгаа тухай ярьж байсан. Тодруулахгүй юу?
-Сонгогчдын өгсөн саналыг автомат машинаар тоолохыг МАН-ын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Учир нь УИХ болон орон нутгийн сонгуулийн саналыг автоматжуулсан машинаар тоолсон нь багагүй маргаан дагуулж, одоо хүртэл эргэлзээ тайлагдаагүй хэвээр байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд цөөн хүн нэр дэвших учраас төрийн тэргүүнээ сонгоход илүү хариуцлагатай хандаж гараар тоолох хэрэгтэй.
-Сонгуулийн товыг нэг сараар хойшлуулсныг эсэргүүцэж байгаагийн шалтгаан нь юу вэ?
-АН-ынхан энэ удаад ч гэсэн Сонгуулийн тухай хуулийг зургаан сарын дотор өөрчилж болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Уламжлалт товыг хойшлуулж байгаа нь УИХ-д олонхи байгаагаа ашиглаж байгаа хэрэг. Энэ талаар УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр өөрсдийн саналаа илэрхийлэх болно.
Түүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн хандивыг өмнөх байдлаар буюу 10 саяар тогтоох ёстой гэж үзэж байна.
-Өнгөрсөн долоо хоногт тангараг өргөсөн Д.Арвин гишүүн АН-д элсэх сураг гарав. Энэ талаар намын удирдлагуудад мэдэгдсэн зүйл байгаа юу?
-Д.Арвин гишүүн намаасаа гарч АН-д элсэх талаар яриагүй. Өөрөө ч энэ талаар мэдэгдээгүй. Гадуур ярьж байгаа шиг Д.Арвин намаасаа гарч, АН-д элсэх гэж байгаа нь худал гэдгийг албан ёсоор хэлье.
-Өмнө нь МҮАН-ын гишуүн Ц.Цолмон МАХН-д элссэн. Одоо Д.Арвин гишүүн намаасаа гарах талаар ярьж байна. Эвсэл задарвал жагсаалтын гишүүд яах вэ зэрэг асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах боломжтой юу?
-Одоо хэрхэн мөрдөж байгаа хуулийн дагуу зохицуулалт байхгүй. Ийм асуудлууд гарч байгаа учраас цаашид хууль эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлага гарч байгаа юм. Тиймээс зохицуулалт хэрэгтэй.