О.Баасанхүү: Засгаас гарах нь буруу
МАХН засгаас гарах шийдвэр гаргасантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн сэтгэгдлийг сонслоо.
-МАХН-ынхан Засгийн газраас гарахаар ярьж байна. Тус намын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Уг нь би нам, эвсэл, бүлгийн өмнөөс мэдээлэл хийх эрхтэй хүн биш. Надад ирсэн мэдээллээр өчигдөр Гүйцэтгэх товчооны хурал болсон юм билээ. Хурлаар сайдууд бараг бүгд ирсэн гэсэн. Дээр нь Гүйцэтгэх товчооны гишүүд ирсэн. Хамгийн гол нь би тэр хуралд очоогүй. Зөвхөн Н.Энхбаяр даргатай ч холбоотой бус орон нутгийн сонгуулийн үр дүнгээс үзэхэд сонгуульд бараг найман мянган хүн нэр дэвших байснаас хоёр мянга хүрэхгүй хүн нэр дэвшсэн.
Бүх газарт манай намын хүмүүсийг хэлмэгдүүлсэн. Тухайлбал, Хөвсгөл, Говь-Алтай, Найлах, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийг бүртгэхгүй гэх асуудал гарсан.
Энэ мэтчилэн МАХН-ыг хавчин гадуурхах, хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явагдаад байхад хамтарч Засгийн газарт нь ажиллах нь буруу гэсэн шүүмжлэл Гүйцэтгэх товчооны хурлаар яригдсан.
Яг одоогоор Засгаас гарах шийдвэр гаргаад Ерөнхий сайдад бичиг өгсөн зүйл болоогүй юм билээ. Ерөнхийдөө болж буй бүх үйл явдлыг харахад МАХН, болон гишүүдийг хавчиж байна. Сүүлийн үед улстөрийн гацаа болон энэ бүх зүйлийг хараад МАХН-ын эсрэг яваад байна гэдгийг Гүйцэтгэх товчооны гишүүд ярьсан юм билээ.
Гүйцэтгэх товчооны хурал уг нь хаалттай болсон. Гарсан шийдвэрийг цаг хугацаанд нь гаргах ёстой байтал хэн нь ингэж мэдээлэл хийчихсэн юм. Хурал болсны орой 23:00 болж байхад л над руу хүмүүс утасдаж эхэлсэн.
-Хууль зүйн талаасаа ингэж засгаас гарах нь ямар үр дагавартай вэ?
-Уг нь Засгаас гарах нь буруу. Гэхдээ хэлмэгдэл үргэлжилбэл гарахгүй байх нь бас утгагүй. Яагаад гэвэл бид МАХН-ын 50 мянган гишүүнийг төлөөлж хариуцлага үүрээд сууж байна.
Хэрэв гарлаа гэж бодоход хууль зүйн талаасаа төвөгтэй асуудал үүснэ. Тиймээс тухайн үед нь л харах хэрэгтэй. АН манай нам шиг биш болохоор фракцуудын дунд зодоон болох байх. Манайд юу болох нь уу харах л хэрэгтэй. Аливаа зүйлийг яаран сандран шийдвэр гаргаад мэдэгдэл хийгээд явж байсан тохиолдол байхгүй.