Хамгийн гол нь хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах шаардлагатай
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Таван асуулт"-нд хариуллаа.
1. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар УИХ-ын гишүүн болсноос хойш үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцож чадаж байна уу. Та бүхэн ерөнхийлөгчөө авч үлдэх үү, эсвэл өөрчлөх бодолтой байна уу?
-МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар МҮЭХ-ны дүрмийн дагуу үйл ажиллагаанд хэвийн оролцож байна. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нь УИХ-ын гишүүн болсноор МҮЭХ-ны холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Ерөнхийлөгчийн үүргийг хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа.
2. 2013-2014 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгууллаа. Үргэлжлүүлэн салбаруудын хэлэлцээрийг хийнэ. Танай холбооноос салбарын хэлэлцээрт ямар үүрэгтэй оролцох вэ?
-2013-2014 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд салбар болон нутаг дэвсгэрийн хүрээнд нарийвчлан хийнэ. МҮЭХ-ны зүгээс арга зүйн туслалцаа үзүүлж ажиллана.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын чиглэлийн асуудлаар санал шаардлага хүргүүлдэг.
Салбарын 14, нутаг дэвсгэрийн 22 холбоо бэлтгэл ажилдаа орсон. Салбарын хэлэлцээрт гол анхаарал хандуулах асуудал нь тухайн салбарын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дээдэлсэн өмнөх жилүүдээс чанартай хэлэлцээр байгуулах шаардлага бий.
Нутаг дэвсгэрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо идэвхтэй ажиллах үүрэг хүлээж байна. Мөн салбарын болон нутаг дэвсгэрийн үйл ажиллагааны төсөв хөтөлбөрт үйлдвэрчний эвлэлийн оролцоог хангах талаар холбогдох түвшинд санал тусгах шаардлагатай.
3. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт ямар нэгэн салбарын ажилчид ажил хаяхаар болбол Засгийн газар, АОЭНХ, үйлдвэрчний эвлэл бүгд харилцан зөвшөөрсний дүнд зохион байгуулна гэж тусгасан. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү?
-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт оролцогчид бүгд харилцан зөвшөөрч ажил хаялт зохион байгуулдаггүй. Талуудын аль нэг нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд аль нэг тал нь ажил хаялт зохион байгуулах бүрэн эрх нээлттэй.
Ажил хаялтыг зохион байгуулах, хамтын маргааныг хэрхэн зохион байгуулахыг зохицуулах хууль бий. Хэрвээ гурван талын аль нэг нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй бол хамтын маргаан дэгдээх эрх нээлттэй. Гэхдээ МҮЭХ ажил хаялт зохион байгуулахыг урьтал болгохгүй.
Хамгийн гол нь хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахад анхаарал хандуулж ажиллана.
4. Орон сууцны метр квадратын үнэ болон “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд МҮЭХ-ноос ажлын хэсэг байгуулж хяналт тавьж ажилласан. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн бэ?
- Иргэдээс орон сууцны метр кв-ын үнэ, хэмжээг тогтоож байгаа аргачлалын тухай МҮЭХ-д санал гомдол ирсэн. Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ШӨХТГ-тай хамтарч хяналт шалгалт хийх санал хүргүүлсэн.
Шаардлагатай бол МҮЭХ хамтарч ажиллахад бэлэн. Саналын хүрээнд ШӨХТГ хяналт тавьж ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт МҮЭХ ШӨХТГ-тай ирэх жилд хэрхэн хамтарч ажиллах талаар гэрээ байгуулна.
5. Гадаадын компаниудад ажиллаж буй монгол ажилчдын эрх зөрчигддөг. МҮЭХ гадаадын компаниудад шаардлага тавихад хэрхэн хүлээж авдаг вэ?
-Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулийг мөрдөх ёстой. МҮЭХ монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах ажлыг зохион байгуулдаг.
Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын чиглэлийн асуудлаар санал шаардлага хүргүүлдэг. Тодорхой арга хэмжээ авч ажилладаг гадаадын компаниуд бий. Шаардлага хүлээж авахаас татгалздаг, цаг хугацаа хожих, тодорхой арга хэмжээ авдаггүй нэр бүхий компаниуд ч бий. Тухайлбал, “Оюутолгой”, “Саусгоби сэндс”, “Петро чайна Дачин тамсаг” ХХК-иуд байна.
Хөдөлмөрийн тухай хууль болон бусад дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар МҮЭХ бие даасан саналыг холбогдох байгууллагад хүргүүлнэ. Тухайлбал, гадаадын компани Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг.
Энэ гэрээнд ажилчдын нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгаа, цалин хөлсний асуудлыг боловсронгуй болгох заалт оруулна. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын гэрээ учир дутагдалтай учраас монгол ажилчдын эрх ашиг зөрчигдөх нөхцөл болдог. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээг боловсронгуй болгоно.