ХДХВ-тай иргэнийг хамгаалах ёстой гэв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр хуралдаж ХДХВ-ын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилан найруулга болон холбогдох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ХДХВ-ийн халдвартай иргэний талаарх мэдээлэл хүний эрхэнд халдсан байдаг тухай сануулаад уүнээс сэргийлэх чиглэлээр төсөлд тодорхой заалт тусгасан эсэхийг лавласан юм. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ажиллаж байгаа. Тэрээр "Тодорхой хэмжээгээр талын зохицуулалт орсон" гэлээ.
Мөн НҮБ-аас барьж байгаа бодлогын хүрээ хүний эрхийг хамгаалахад онцгой анхаарч ХДХВ-ийн халдвартай иргэнийг албадан шинжилгээ эмчилгээнд оруулах бус өөрийн сайн дурын үндсэн дээр энэ талын арга хэмжээг авдаг байхаар төслийг боловсруулсан гэсэн юм. Ингээд эл хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэх; УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ.
Дашрамд, манай улс анх 1987 ХДХВ-ийн хуулийн төслийг баталж, 1993, 2003 онд шинэчилэн найруулж байсан аж.