Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын ээлжит бус чуулганы 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойших хуралдаан 16.50 цагт эхэлж, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, чуулганы хуралдааны дэгийн дагуу уг хөтөлбөрийг дэмжсэн болон дэмжээгүй гурав, гурван гишүүн өөрсдийн саналаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар, А.Тлейхан нарын гишүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол төрийн чухал бодлогын баримт бичиг учраас чамбай, тодорхой байх ёстой. Гэтэл энэ хөтөлбөрийн үзүүлэлтүүд тодорхой биш байна. Иргэдийн нийгэм, эдийн засгийн амьдрал хэдэн хувиар, яаж өөрчлөгдөх, хэрхэн нэмэгдэх нь харагдахгүй байна. Цөөн хэдэн салбарыг хамруулсан байгаа нь учир дутагдалтай юм. Ойлгомжтой, шалгуур үзүүлэлт, дүгнэх арга зүйг тоо баримттай тусгах хэрэгтэй. Мөн уул уурхайн орлогыг хуваарилаад дуусгадаг тогтолцоог өөрчилж, өсгөдөг, үржүүлдэг, гарсан ашгаа иргэдэд хүртээдэг тал дээр анхаарах цаг болжээ. Хэлэлцэх явцад гишүүдээс гарсан санал тусгагдаад явна гэж ойлголоо хэмээгээд дэмжихгүй байгаагаа хэлэв.
С.Бямбацогт гишүүн "Эрх чөлөөтэй Монгол хүн" хөтөлөрийн талаар сайд нараас тайлбар авлаа
Д.Оюунхорол, Н.Батцэрэг, Ж.Эрдэнэбат нарын гишүүд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж үг хэлэв. Гишүүд намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хөтөлбөрт оруулахыг санал болголоо. Эрх мэдлийн хуваарилалтыг Үндсэн хуулиараа зааглаж, цаг үетэйгээ зохицсон сонгодог тогтолцоог бий болгох нь томоохон реформ болно гэдгийг гишүүд онцолж байсан юм.
Д.Оюунхорол гишүүн: Хөрөнгө оруулалтын хязгаарлалт хийнэ гэдэг бол ажилтай орлогтой Монгол хүн гэдэг хөтөлбөртэй авцалдахгүй байна
Ж.Батсуурь гишүүн: Энэ засгийн газрын хөтөлбөрт шинчлэл гэдэг үгийг маш их оруулжээ.Хөтөлбөрөөс тоолох юм бол хэдэн зуугаараа л байна
С.Эрдэнэ гишүүн: Халамжийн бодлогийг зорилтд бүлэгт чиглүүлнэ
Л.Гантөмөр гишүүн: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багш нарт хандсан урамшуулалт тусгагдсан байгаа
Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 51 гишүүний 35 нь дэмжсэнээр 68,6 хувийн саналаар хөтөлбөрийн төслийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон бусад байнгын хороодод шилжүүлснээр хуралдаан өндөрлөлөө.