Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаагдсангүй
“Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгаар энэ өдрийн /2012.10.26/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-д өргөн мэдүүлэгдээд шийдвэрлэгдээгүй байгаа нийт 35 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн заримынх нь төсөл санаачлагч гишүүдийн олонхийн бүрэн эрхийн хугацаа дууссан, зарим төслийг дахин боовсруулах шаардлагатай гэж үзэж “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” тогтоолын төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж иржээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд.
мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж холбогдох байнгын хороо үзжээ.
Энэ санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дараах асуултыг тавьсан юм.
Тэрбээр, Гэр бүлийн тухай хууль нь Эрүү, Иргэний хуулийн харилцааг зохицуулах, хүүхдийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах учиртай.
Хүүхдийн өмчлөлийн асуудал, хүүхдийн эдийн засгийн асуудал гээд шийдэгдэхгүй байгаа олон асуудлыг зохицуулах, нийгэмд хүлээгдсэн, тулгамдсан хуулийн төсөл байсан.
Хүүхэд төрсөн цагаасаа өмчийн эзэн байх ёстой гэдгийг хуульчлах гэж энэ хуулийн төслийг санаачилсан. Тиймээс төсөл нэгэнт буцаагдаж байгаа бол Хууль зүйн байнгийн хороо, Хууль зүйн яам хэзээ энэ асуудлыг ярих вэ” гэв.
УИХ-ын гишүүний асуултад хариу өгөх Засгийн газрын гишүүн, Байнгын хорооны дарга байхгүй байсан учраас илтгэгч, УИХ-ын гишүүн Д.Батцогт “Ойлголоо, Засгийн газар анхаарч ажиллана” гэсэн хариулт өглөө.